Монголын ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна
2018/10/30
Цагдаагийн "Сүлд" чуулгын дуучин, СУИС-ийн төгсөгч, Ц.Амарболд БНХАУ-д гурван жил тудамд зохион байгууллагддаг “Нингбо-2018” олон улсын дуурийн дуу дуулаачдын 7-р уралдааны ТЭРГҮҮН байрын эзнээр тодорлоо. Мөн Хятад дууг хамгийн шилдэг дуулсан шагнал хүртжээ. Энэхүү уралдаан дэлхийн чансаатай уралдаануудын тоонд зүй ёсоор ордог бөгөөд Монгол хүн хараахан тэргүүн байр эзлээгүй байсан билээ.
Тус тэмцээнд баг хамт олныг удирдан, бэлдэж оролцсон СУИС-ийн Хөгжмийн урлагийн сургуулийн ахлах багш, концертмейстр, СТА Т.Энхтуул: Дуучин гэдэг мэргэжлийг эзэмшихэд 5 жилийн хугацаанд 1 хүүхдэд 2 багш ганцаарчилсан хичээл заадаг.Дуулах ур зүйн багш хоолойн дээр, төгөлдөр хуурч буюу концертмейстр багш тавигдаж буй хоолой дээр хөгжим нэмэх маш чухал бөгөөд хариуцлагатай ажлуудыг хамтран гүйцэтгэдэг. Энэ 2 хүний нэг нь байхгүйгээр мэргэжлийн дуучин төрөн гарах ямар ч боломж бололцоо үгүй билээ. Ц.Амарболдын мэргэжлийн багш МУАЖ, дэд профессор А.Дашпэлжээ, Концертмейстр багш МУГЖ, хүндэт профессор Ш.Халиунсүрэн нартаа халуун баяр хүргэе! Мундаг хүмүүс шүү манайхан! гэв.
МУГЖ Б.Эрдэнэтуяа: Монголын минь ДУУЛАХ УРЛАГТ бас нэгэн шинэ хуудас бичигдэж байна! "Сүлд" чуулгын дуучин Цэнд-Аюушийн Амарболд "Ningbo international competition 2018”-д Тэргүүн байр болон хятад дуу хамгийн сайн дуулсан гэсэн хоёр шагнал хүртсэн байна!!! Баяр хүргэе, илүү амжилт хүсье. Хамт зогсож байгаа энэ бүсгүй бол түүний концертмейстр Т.Энхтуул, дуучид бидний хувьд чухал хүн. Таны минь хөдөлмөр шингэсэн шагнал, баяр хүргэе! гэв.
МУГЖ Г.Ариунбаатар: Бурхан зөв бүхэнд эрт , орой хэзээ нэгэн цагт шагналаа хайрладаг. Миний найз БНХАУ-д зохион явуулдаг ОУ-ын "А" зэрэглэлийн "Нингбо" дуурийн дуулаачдын уралдаанд Тэргүүн байр, мөн Хятад дууг сайн дуулсан зэрэг 2 шагналын эзэн болжээ. Их баярлаж сууна. Хөдөлмөрийн үнэ цэнэ гэж сайхан шүү дээ. Т.Энхтуул багшдаа бас баяр хүргье!
Чи ийм л дуучин шүү дээ. Болдог юм болдогоороо л боллоо. Сайхан... гэж хаа хаанаа баярлан хүлээн авлаа.