“Сэтгэлийн чамдаа” тоглолтыг сэтгэлт түүнтэйгээ үзээрэй
2014/02/10
Пүрэвдоржийн шүлэг, Пүрэвсүрэнгийн аялгуу “Сэтгэлийн чамдаа” дуугаараа үзэгч, сонсогчдийн таашаал, талархлыг хүлээх болсон залуу дуучин Алагаагийн Оросоо тун удахгүй анхны бие даасан тайлан тоглолтоо хийх гэж байна. Монголын нийтийн дууны ертөнц дэх “Хайрын дууч” залуусын эгнээнд хүч түрэн орж ирж байгаа залуу дуучин А.Оросоотой уулзаж, цөөн хором ярилцлаа.
- Таньд энэ өдрийн мэнд хүргэе. Удахгүй болох тоглолтын тань талаар яриагаа эхлэх үү?
А.О: Бүх уншигчиддаа Сар шинийн болон Хайрын баярын давхар давхар мэндийг өргөн дэвшүүлье. 2 дугаар сарын 22-нд миний анхны бие даасан “Сэтгэлийн чамдаа” нэртэй тоглолт Монгол бөхийн өргөөнд болох гэж байна. Бие даасан анхны тоглолт болохоор маш их бэлдэж, хүч хөдөлмөр гаргаж байна даа. Тоглолт гэдэг үнэхээр нүсэр ажил байдаг юм байна.
- Тоглолтод ямар уран бүтээлчид оролцох вэ?
- Монгол Улсын гавьяат жүжигчин “Морины” хэмээх Гэнэнгийн Батбаяр, хошин урлагийн нэрт мастер Балдандоржийн Туяа, Хүрлээгийн Болормаа, МУСТА А.Мөнхбат, П.Жимсээ нар миний тоглолтод урилгаар оролцож байгаа.
- Таны тоглолтын онцлог юу вэ?
А.О: Монгол түмний зүрх сэтгэлд олон сайхан дуугаараа мөнхөрсөн, нэрт дуучин В.Оросоо гуайтай адилхан нэртэй учраас энэ эрхэм хүний бүтээлүүдээс сэргээн дуулах юмсан гэж олон жил бодож явлаа. Гэтэл энэ удаад Архангай нутгийн уугуул, Монгол Улсын гавьяат жүжигчин Ванчинсүрэнгийн Оросоо агсны дуунуудыг түүний үр хүүхдүүдийнх нь хүсэлтээр сэргээн дуулах боломж олдсон туйлаас баяртай байна. В.Оросоо агсны “Зуслангийн уянга”, “Миний Улаанбаатар” зэрэг дууч түмнийхээ дуулах дуртай олон сайхан дуунуудыг дуулна. Тэгэхээр их халуун дулаан уур амьсгалтай сайхан тоглолт болох байх аа.
- Залуу уран бүтээлчдийн хувьд санхүүгийн бэрхшээлтэй тулгардаг?
А.О: Нутгийн ах, эгч, найз нар маань миний уран бүтээлийн зардалд тодорхой хэмжээгээр тусалж намайг дэмждэг. Намайг дэмжиж байгаа хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд дууныхаа бэлтгэлийг маш сайн хичээж хийж байна. Анхны тоглолтын маань ерөнхий ивээн тэтгэгчээр “Аранзал инвест” ХХК, тайзны засал чимэглэлийг “B sound” студи хариуцан ажиллаж байна.
- Хэзээнээс дуулж эхэлсэн бэ? Яагаад нийтийн дуу руу оров?
А.О: Сурагч байхдаа хүүхдийн урлагийн наадмуудад зохиолын дуугаар их оролцож, байр эзэлдэг байсан. Тэндээс урам авсан учраас Говь-Алтай аймгийнхаа Ардын дуу, бүжгийн “Алтай” чуулгад дуучнаар ажиллаж байгаад СУИС-ийн уртын дууны ангийг төгссөн. Оюутан байхдаа Зууны манлай хос дуучин, МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нарын нэрэмжит хослон дуулаачдын улсын уралдааны 3 дугаар байр, Нийслэлээс зохион байгуулсан хослон дуулаачдын уралдааны 2 дугаар байр, “Одод шүргэх Алтай” наадмын 2 удаагийн тэргүүн шагнал хүртсэн. Энэ бүхнээсээ урам авч улам сайн дуулахыг хичээдэг болсон доо.
- Таны удамд дуучин бий юу?
А.О: Яг мэргэжлийн дуучин бол байхгүй. Миний аав найранд их сайхан дуулдаг хүн байсан.
- Цаашид уртын дууны төрлөөр уран бүтээл хийх үү?
А.О: Мэдээж уртын дуучнаар төгссөний хувьд мэргэжлээрээ уран бүтээл хийнэ. Ардын болон уртын дуугаар уран бүтээл хийгээчээ гэсэн хүсэлт хүмүүсээс ирж байгаа. Тийм болохоор хийнэ ээ.
- Удахгүй болох тоглолтод тань амжилт хүсье.
А.О:Баярлалаа. Уншигч та бүхнийг гэр бүлийн хамт хүрэлцэн ирэхийг урьж байна. Сэтгэлийн чамдаа тоглолтыг минь сэтгэлийн хань, сэтгэлт бүсгүй, залуусдаа заавал үзүүлээрэй.
С.Нандин