УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг МАН, АН эсэргүүцэж, МАХН дэмжиж байна
2018/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр 10 сарын 29-нд УИХ-ын дарга М.Энхболдод санал хүргүүлсэн билээ.
Уг саналд: "2016 оны сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал болон түүнээс байгуулсан Засгийн газрууд ард түмэнтэй байгуулсан гэрээгээ үл харгалзах, эсрэгээр хэрэгжүүлэх, хууль ёс, журмыг бүдүүлгээр зөрчих, төрийн эрх мэдлийг дур зорго мэт ойлгож авирлах байдалд бүрэн автаж, хэмжээ хязгаарыг давлаа.
Тухайлбал энэ жилийн төсөвт олон жил давтагдаж байгаа “гишүүний мөнгө”-ийг 5000 дахин өсгөсөн, зураг төсөвгүй 375 барилга, байгууламж барихаар тусгасан зэрэг улс орны эдийн засгийг туйлдуулах, хууль зөрчсөн олон асуудал байгааг засаж, залруулах зорилгоор миний бие Улсын Их Хуралд байр сууриа илэрхийлж, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайдад тухайлан хандсан боловч үр дүнд хүрээгүйгээр барахгүй хэлэлцүүлгийн шатанд 404 барилга, арга хэмжээ нэмэх, улмаар “гишүүний мөнгө”-ийг 3 тэрбумаар нэмэгдүүлэн 8 тэрбум болтол нь өсгөх санал гарч, Улсын Их Хурлын гишүүдийн хувийн явцуу ашиг сонирхлоор шийдвэрлэгдэх нөхцөл бүрдээд байна.
Мөн Улсын Их Хурлын гишүүд албан тушаалын эрх мэдэл, нөлөөгөө ашиглан Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас сарын 0.25 хувийн хүүтэй зээлийг үлэмж хэмжээгээр авсан нь нийтэд ил болсон төдийгүй 75 гишүүний 50 орчим нь уг зээлийг авсан байх ноцтой нөхцөл байдал үүсэж, сарын 5 хувийн хүүтэй зээлээр үйлдвэр эрхлэн улс орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө чин шударгаар зүтгэж байгаа иргэд, олон нийтийн эсэргүүцэл, дургүйцлийг туйлд нь хүргээд байна." хэмээн УИХ-ыг тараах үндэслэлийг бичсэн байв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн уг саналд УИХ-ын гишүүдийн дийлэнхи нь ихэд шүүмжлэлтэй хандсан юм. УИХ-д МАН-аас сонгогдсон гишүүдийн дийлэнхи нь УИХ-ыг тараах үндэслэл хангалтгүй, тэр бүү хэл Ерөнхийлөгч Х.Баттулгыг өөрийг нь огцруулах ёстой гэсэн байр суурь хүртэл илэрхийлж байв.
Мөн УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ хүртэл энэ тухай: "Би УИХ-ыг тараах Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байгаа, ер нь би Ерөнхийлөгчийн засаглалыг огт дэмждэггүй. Зээл авч хууль зөрчсөн УИХ-ын гишүүдэд л хариуцлага тооцох асуудал байна уу? гэхээс биш УИХ-ыг тараах тухай яриаг дэмжиж чадахгүй" хэмээсэн юм.
Эх сурвалжуудын өгүүлж буйгаар УИХ дахь АН-ын бүлгийнхэнээс ганцхан Ж.Батзандан л УИХ-ыг тараахыг дэмжиж буй аж. Ийнхүү МАН, АН-ынхан аль аль нь Ерөнхийлөгч Х.Баттулгын гаргасан УИХ-ыг тараах саналыг эсэргүүцэж буй бол парламентад суудалтай МАХН-ынхан харин дэмжиж буй юм байна. Тэр бүү хэл МАХН УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлсэн бөгөөд шаардлагынхаа төгсгөлд : "Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ыг тараах олон нийтийн хүсэлтийг хүлээн авч, иргэдийнхээ итгэлийг алдсан, өргөсөн тангаргаа биелүүлээгүй УИХ-ыг тараах шаардлага гаргасныг нийтээрээ дэмжиж, хамтран тэмцэхийг уриалж байна" гэжээ.
Ч.Явуу
sonin.mn
Зочин · 2018/11/02
Шуналтангуутаар дуурсэн ес зуйгуй хуулиа дээдэлдэггуй хоосон тангарагтангуудад хатуу арга хэмжээ авах хэрэгтэй
шаабар · 2018/11/02
АН дэмжээд зогсохгүй шаардлагаа бисэн уриагаа үлдээгээд хурал орхисон байгаа шүү. Захиалгаар өдөөн хатгасан бичвэр хийхээ болих хэрэгтэй. УИХ тарахыг дэмжихгүй гэж хэлээгүй. Харин Ерөнхийлөгчийн засаглалыг л дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Эрдэнэбат бол чуулганаар асуудал орж ирэхээр нь бүлэг дээрээ хэлэлцээд байр сууриа илэрхийлнэ гэсэн. Гуйвуулах хэрэггүй. Ерөнхийлөгчийн шаардлагыг дэмжих жирийн иргэд хангалттай олон байгаа.