Өрхийн амьжиргаагаа залгуулдаг бичил бизнес, аж ахуйгаа өргөжүүлэхээр шийдэн жижиг, дунд үйлдвэрлэлийн хэмжээнд үйл ажиллагаа эрхлэх гээд зүтгэх гэхээр иргэд барьцаа хөрөнгө хэмээх даваанд бүдэрдэг гэдгийг хүн бүр мэддэг.
 
Тэгвэл иргэддээ боломж олгож жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зээлийг олгохоо төр, засгийн зүгээс амлалт өглөө. Хөдөө аж ахуйн салбарт нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг дэмжиж Зээлийн батлан даалтын сангийн үйлчилгээг нэвтрүүлэхээр болсон байна. Энэхүү арга хэмжээний хүрээнд Сангийн яам Төрийн болон “Капитал” банктай зээлийн батлан даалтын гэрээнд гарын үсэг зурлаа.
 
Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн хооронд 2011 онд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн хүрээнд дээрх үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр болж байгаа юм “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төслийн Зээлийн батлан даалтын сан нь 2.9 сая ам.долларын санхүүжилттэй.
 
Уг төсөл нь Архангай, Булган, Говь-Алтай, Хөвсгөл, Хэнтий аймагт уг төсөл хэрэгждэг.  Мөн төслийн бус аймаг, сумдын зээлийн барьцаа хөрөнгөний дутагдалтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, иргэн, малчны бүлэг, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэг, хоршоонд зээлийн батлан даалтын үйлчилгээг үзүүлнэ.
 
Ингэхдээ жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгжид олгох зээлийн хэмжээ 300 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 50 хүртэлх хувь бол малчны бүлэг хоршоонд олгох зээлийн хэмжээ 100 мянган ам.доллар хүртэлх буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгийн батлан даалтын хэмжээ нь мөн 50 хүртэлх хувь, эмэгтэйчүүд давамгайлсан бүлэгт олгох зээлийн хэмжээ нь 10 сая хүртэлх төгрөгийн батлан даалтын хэмжээ нь 80 хүртэл хувь байхаар урьдчилан тооцоолжээ.
 
Зээлийн хүү болон хугацаа нь олгогдох эх үүсвэрээс хамааран Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Японы ЖАЙКА байгууллагын санхүүжилттэй “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээл”-ийн төсөл, Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжил” төслийн зээлээс банкаар дамжуулан олгож буй зээлийн хүү, хугацаатай адил байх аж.
 
Х.Даваа