“Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоолоо
2018/11/07
Автотээврийн үндэсний төвөөс тээвэрлэлтийн гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зам, тээврийн осол, зөрчил гаргасаар байгаа хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам хоршоо”-ны тээвэрлэлтийн үйл ажиллагааг 2018 оны 10 дугаар сарын 29-ны өдрөөс зогсоожээ.
Энэхүү шийдвэрийг “Арвин шар зам хоршоо”-ноос эсэргүүцэж, АТҮТ-ийн ажлын байранд дайран орж, албан хаагчдыг хэл амаар доромжлон зүй бус харьцаж, шаардлага биелүүлэхээс татгалзан эсэргүүцэл үзүүлсэн байна.
Хот хоорондын тээвэрлэлт эрхлэгч “Арвин шар зам” хоршооны 4100 ОРА улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Орхон аймгийн Жаргалант сумын Хөшөөтийн даваа, Их хөшөөт орчимд жолоочийн буруутай үйлдлээс зам тээврийн ноцтой осол гарган 2 зорчигчийн биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Мөн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус хоршооны 2892 ОРО улсын дугаартай такси үйлчилгээний тээврийн хэрэгслийн жолооч GPS-ийн төхөөрөмжөө салган мэдээлэл дамжуулалтыг таслаж, гэрээнд заагдсан хөдөлгөөний цагийн хуваарийг зөрчиж, тасалбаргүйгээр буюу хууль бусаар 3 том хүн 1 хүүхэд тээвэрлэх явцдаа зам, тээврийн осолд холбогдсон зэрэг зөрчлүүдийг гаргажээ. Түүнчлэн хоршоонд бүртгэлтэй 53 тээврийн хэрэгслийн хурд хэтрүүлсэн тохиолдол өмнөх оныхоос 428-аар нэмэгдсэн байна.
Гэрээний үүргийн хэрэгжилтэд анхаарах хууль ёсны шаардлагыг зориудаар мушгин гуйвуулж, жолооч нараа турхиран эсэргүүцэл зарлаж буй нь олон мянган зорчигчдын амь нас, аюулгүй байдлыг үл тоож байгаа үйлдэл боллоо.
Автотээврийн үндэсний төвөөс хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулж, одоогийн байдлаар 2 сая гаруй зорчигч тээвэрлээд байна. Эдгээр зорчигчдын амь нас, аюулгүй, тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангахын тулд зорчигч тээвэрлэгч аж ахуй нэгжүүдэд шат дараатай хяналт, шаардлагуудыг тавих болно