“Нэхүүл” хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзаж, УИХ-ын дарга М.Энхболдын хариуг гардууллаа
2018/11/16
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтад тус хөдөлгөөний зохицуулагч, хувиараа бизнес эрхлэгч иргэн Л.Отгонбат, Сэлэнгэ аймагт жижиг, дунд үйлдвэр эрхлэгч Д.Баянмөнх, Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны тэргүүлэгч О.Мөнх-Эрдэнэ нар оролцов.
“Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнөөс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хандан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас өөрийн болон хамаарал бүхий компанидаа зээл авсан асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгуулж, хуулийн цээрлэл хүлээлгэх ёстой гэсэн шаардлага ирүүлсэн билээ.
Уулзалтын үеэр иргэн Л.Отгонбат, Д.Баянмөнх, О.Мөнх-Эрдэнэ нар нийгэмд шударга бус байдал газар авсны нэгэн жишээ нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих зориулалттай зээлийг УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд эрх мэдлээ ашиглан авсан нь увайгүй хэрэг мөн. Үүнийг бид иргэдийнхээ эрхэнд, нийгмийн баялагт халдсан нэг ёсны дээрэм, хулгай, эрүүгийн гэмт хэрэг гэж үзэж байна. Тиймээс хуулийн дагуу хариуцлага тооцох ёстой. Сайдаас огцруулаад юм уу, уучлалт гуйсан төдийгөөр өнгөрөх ёсгүй. Төрийн өндөр албан тушаалтан, жирийн иргэд ялгаагүй хуулийн өмнө тэгш эрхтэй байх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Иргэн О.Мөнх-Эрдэнэ Засгийн газрын тусгай сангуудыг шалгахдаа иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийн төлөөллийг оролцуулах, ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн Төсөл шалгаруулалтын хороонд баялаг бүтээгчдийн оролцоог хангах ёстой гэж үзэж байгаагаа хэллээ.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон:
-Та бүхний шаардлагад УИХ-ын дарга М.Энхболд хариу өгч байна. Үүнийг өөрийн биеэр гардуулан өгч, санал бодлоо солилцъё хэмээн урьсан юм. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан, зуучилсан үйлдэлд төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсоныг буруушаасан Та бүхний шаардлагыг хүндэтгэж байна. Өчигдөр УИХ-ын дарга М.Энхболд Монгол Улсын ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарт албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөх шаардлагыг тавих үеэрээ энэ талаарх байр сууриа тодорхой илэрхийлсэн.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваагаас ирүүлсэн шаардлагын дагуу нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн ёс зүйн асуудлыг хууль тогтоомжийн дагуу хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Ёс зүйн дэд хороонд, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлын хэсэг байгуулах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд хэлэлцэн шийдвэрлэхийг УИХ-ын Төсвийн байнгын хороонд чиглэл болгосон гээд, УИХ-ын дарга М.Энхболдын “Хариу өгөх тухай” албан бичгийг гардуулж өглөө.
Уг албан бичигт Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 6 дугаар зүйлд гэмт хэрэгт холбогдсон гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д оруулж, УИХ шийдвэрлэхээр заасныг дурдаад, нэр бүхий гишүүдийн ёс зүйн асуудлаар дүгнэлт гаргаж, ёс зүйн хариуцлага тооцох, ЖДҮ-ийг хөгжүүлэх сан болон Засгийн газрын тусгай сангуудыг шалгах ажлыг хуулийн дагуу яаралтай зохион байгуулах чиглэлийг Төсвийн байнгын хороо, Ёс зүйн дэд хороонд өгснийг тэмдэглэсэн байна.
Төр засаг, олон нийтийн үүсгэл санаачилгын байгууллага, иргэд харилцан ярилцаж, ойлголцон зөвшилцөх, хууль зөрчсөн шударга бус үйлдэлтэй хамтран тэмцэх нь чухал гэж үзэж байгаагаа “Нэхүүл” нам бус залуучуудын хөдөлгөөнийг төлөөлж ирсэн иргэд уулзалтын төгсгөлд илэрхийлэв.