Танилц: Олны анхаарал татсан хэргүүдийн явц
2018/11/16
Улсын Ерөнхий прокурорын газраас олны анхаарал татсан хэргүүд дээр ажлын хэсэг гаргасан талаар бид мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрийн санхүүжилт болон хөрөнгийн зарцуулалт, “Төрийн орон сууцны корпорац" ТӨҮГ, “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорац” ТӨҮГ-ын албан тушаалтнуудын хэрэг зэрэг олны анхааралд байсан хэргүүдийн явцын талаар тодрууллаа.
Засгийн газрын тогтоолоор Хөгжлийн банкны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн. Энэ шалгалтын хүрээнд тайланд тусгасан 18 зээлийн санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг хуулийн байгууллагаар шалгуулах нь зүйтэй гэж үзэж хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн. Үүний дагуу Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс 2017 оны нэгдүгээр сард “Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн зээл, төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт болон хөрөнгийг зарцуулах явцад холбогдох албан тушаалтнуудаас албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй” гэж үзэн, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 26.2 болон 264 дүгээр зүйлийн 264.2, 265 дугаар зүйлийн 265.2, 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах алба болон Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.Энэ хэргийг цогцоор нь нэг дор шүүхэд өгч шийдвэрлүүлэх боломжгүй. Учир нь тус тусдаа олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Тус тусад нь эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гаргуулах, аудит хийлгэх гээд маш их ажилтай. Энэ үүднээсээ хэрэг удааширч байгаа асуудал бий. Гэхдээ шинэ хуульд нийцүүлэн нотлогдож, тогтоогдсон хэмжээнд нь зарим хэргийг тусгаарлан шүүхэд өгч шийдвэрлүүлж байгаа.Тухайлбал,
• “Төрийн орон сууцны корпорац" ТӨҮГ-ын хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Б нь 2015-2016 онуудад албаны эрх ашгийг урвуулан ашиглаж өөртөө болон бусдад давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг тусгаарлан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан.
• Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Барилга, хот байгуулалтын яамны сайдаар 2015-2016 онд ажиллаж байсан З.Баянсэлэнгэ нь тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б-тэй бүлэглэн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж улмаар улсад их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, прокуророос яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцэж, нэр бүхий шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан.
• “Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорац” ТӨҮГ-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Г нь 2013-2016 онуудад “ОССК”-ийн дүрмээр олгогдсон бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд давуу байдал олгосны улмаас улсад их хэмжээний хохирол учруулсан, бусдаас хээл хахууль авсан. Мөн тус газрын маркетинг борлуулалтын хэлтсийн дарга нарын хэргийг тусгаарлан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд, нэмэлт ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан. Одоо мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
• “Хөгжлийн банк”-ны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М нь албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэн 2013-2016 оны хооронд арилжааны банкнуудад байршуулсан мөнгөн хадгаламжийг хугацааны өмнө буцаан татсанаас хүүгийн орлогыг алдагдуулж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг шүүх хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцаасан байгаа. Одоо хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байна.
• Эдийн засгийн хөгжлийн сайдаар 2012-2014 оны хооронд ажиллаж байсан Н.Баярбаяр нь албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж нэр бүхий аж ахуйн нэгжид давуу байдал олгож улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг тусгаарлан, 2002 оны Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан
Энэ мэтчилэн “Хөгжлийн банк’’-ны үйл ажиллагааг шалгаж, үнэлэлт, дүгнэлт өгсөн ажлын хэсгийн тайланд тусгагдсан бусад санхүүжилт, хөрөнгийн зарцуулалтыг шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Удахгүй зарим нотлогдож, тогтоогдсон үйлдлүүдийг тусгаарлан шүүхэд өгч гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээг авах юм байна.
Харин ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотойгоор төрийн болон улс төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий этгээдүүдэд төсөл сонгон шалгаруулах хэлбэрээр авч өгч өөртөө болон бусдад давуу байдал олгосон тухай хэрэгт өнгөрсөн аравдугаар сарын 29-ний өдөр Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар хэрэг нээжээ. Одоо АТГ болон Цагдаагийн ерөнхий газрын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. ЖДҮХС-гаас олгогдох зээл нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, гарааны бизнес эхлүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд урт хугацаатай, хөнгөлөлттэйгөөр олгохоор зохицуулсан. Гэтэл улс төрийн өндөр албан тушаалтан нар албан тушаалын байдлаа урвуулан ашиглан авсан байж болзошгүй байгаа гэдгийг эх сурвалж хэлж байна. Улмаар зээлийг зориулалтын бусаар ашигласан гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэхийг шалгаж байна. Тухайлбал, уг зээлийг тамхи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрэх, хайх, ашиглах төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, иргэнд олгож болохгүй. Авсан зээлээ дээрх байдлаар зориулалтын бусаар ашигласан байх юм бол хууль зөрчсөн үйлдэл болох юм.
Хуурамч баримт бичиг үйлдэн Өмнөд Африкийн Стандарт банктай 2009-2010 онуудад зээлийн гэрээ байгуулж, их хэмжээний ам.долларын зээл авч өөртөө болон өөрийн хамаарал бүхий аж ахуй нэгжийн үйл ажиллагаанд зарцуулсан. Уг үйлдлийн улмаас Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын хамтарсан ажлын хэсгээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Энэ хэрэгт “Жаст” группийн захирал Ш.Батхүү болон “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Г, тус үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан М, худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан А нарт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Ш.Батхүүгийн хувьд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа. Хэрэгт яллагдагч Ш.Батхүү болон түүний хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй олон тооны үл хөдлөх хөрөнгө бусдад шилжсэн байдаг. Эдгээр хөрөнгө бусдад шилжсэн асуудал нь хууль ёсны эсэх асуудлыг шалгах ажиллагаа явагдаж байна. Энэ утгаараа хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бага зэрэг удааширч байгаа нь үнэн. Гэхдээ хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлэх арга хэмжээ авч байгаа. Цаашид гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр ажиллаж байна гэв.
Үндэсний аудитын газраас Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний байгууллагуудын 2016 оны санхүү, төсвийн гүйцэтгэлд аудитын шалгалт хийсэн. Уг аудитын тайланд АСЕМ-ийг зохион байгуулахтай холбоотой илэрсэн зөрчлүүдийн талаар ирүүлсэн мэдээлэлд үндэслэн АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн хоёр болон 22.8 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.
Монголын шүүх гэж · 2018/11/18
Тэртэй тэргүй Монголын шүүх гэж заваан газар бүгдийг нь замхруулна даа, харж л байгаарай.
Монголын шүүх гэж · 2018/11/18
Тэртэй тэргүй Монголын шүүх гэж заваан газар бзгдийг нь замхруулна даа, харж л байгаарай.
иргэн · 2018/11/17
ингээд л Миний нэр алга гэдэг шиг өнөөх том том Гэмт хэргүүдын эзэн гэгдэх СБаяр Офшор Баярцогт Дубай Эрдэнэтийн Сайханбилэг нарын Хэрэг яагаад Сураггүй болчихов ингээд л байдаг юм шүү дээ
zochin · 2018/11/17
төрийн хууль хатуу юм бол эх ороноо хариийхан худалдсан эх ороноосоо урвасан САЙХАБИЛЭГ БАЯРЦОГТ БАЯР нарийг яагаад шиитгэхүй байгаа юм бэ
зочин · 2018/11/16
нөгөө офшор яасан бэ? ерөнхийлөгчийн 49 хоног хэзээ дуусах вэ? энэ мэтээр нэг нэгээрээ замхараад алга болох юм байна л даа.