….Оросын хүчирхэг зөн билэгтнүүдээс Монголд, тэр дундаа Байгаль орчны яаманд авчраад үүх түүх асуувал Мара гэж казах бүсгүй энэ яамыг бараг 30 жил базаж байна гэхвий хэмээх маазрал сүүлийн үед газар авч байна. Товчхондоо Арабын ертөнцийг Монголтой холбогч гүүр ч гэдэг аж.

Түүнийг мэдэхгүй, танихгүй, холбоо сүлбээгүй улстөрч, тэрбайтугай хүчний байгууллагынхан ч үгүй гэнэ. Үе үеийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдууд бүгд түүний гараас гараагүй гэх бөгөөд С.Оюун ч санамсаргүй байдлаар тус яамны сайдаар оччихоогүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна. Учир нь С.Оюун Мара нар нэг ангийнхан төдийгүй Мара нь Оюуныг сайдаар томилуулсан гэнэ. Тэрбайтугай Д.Оюунхоролын холбогдсон 750 эдлэг шонхорын хэргийг ч мань бүсгүй нам даруулсан юм байх.

Нэг юмны сэжүүрээс атгачихвал эцсийг нь үзтэл чаргууцалддаг гэдэг Ж.Энхбаяр гишүүний ч амыг хааж дөнгөсөн гэж байгаа. Үнэхээр ч УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам нууц тогтоол гаргаад 750 шонхор шувуу зарсан байна. Үүнтэй холбоотойгоор олон сая долларын асуудал гарч ирнэ. Энэ асуудлыг байнгын хорооны хурлаар оруулж, нээлттэй мэдээлэл сонсмоор байна, Байнгын хорооны дарга аа” хэмээн бухимдаж байсан ч асуудал тэгсгээд мартагдаж, замхарсан. Түүнчлэн Марагийн дүү нь Монгол дахь Кувейтийн элчин сайдын яаманд ажилладаг гэх мэдээллийг ч эх сурвалжаас өгч байна. Тэрбайтугай араб нөхөртэй гэдгийг ч хэлж байгаа юм. Хамгийн ноцтой нь Марагийн цаадахь авлигын сүлжээг илрүүлж дөнгөх зоригтой, чадалтай хүн хүчний аль ч байгууллагад байхгүй гэдгийг түүнийг мэдэх хэн бүр хэлэх аж. Өөрийг нь мэдэх хэн бүхэнд ийнхүү айдас, сэжиг таамаг хургуулж дөнгөсөн эл Мара гэх бүсгүйн талаарх тодорхой мэдээлэл болон тэрбээр хэн хэн гээч улстөрчид, бизнесийн бүлэглэл, хүчний аль аль байгууллагын нөхөдтэй энэ олон жил юугаар ч чичээд задрахааргүй болтол зузаарсан талаарх нарийн учиг бүрийг бид удахгүй хүргэх болно.

niigmiintoli.mn