Тайз, дэлгэц хосолсон анхны тоглолтыг орон нутагт зохион байгуулна
2018/11/16
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Олон нийттэй харилцах албаны сэтгүүлч, хөтлөгч, МУСТА Пүрэвийн Энхтуяа “Гэгээн үдэш” уран бүтээлийн анхны цэнгүүнээ энэ сарын 22-ны өдөр “Уурхайчин” соёлын ордонд зохион байгуулна. Тус цэнгүүн нь тайз, дэлгэц хосолсон анхны уран бүтээл болж байгаагаараа онцлогтой юм. Энэ талаар өнөөдөр болсон Хэвлэлийн бага хуралд мэдээлэл хийлээ. Тоглолтонд МУУГЗ Г.Чулуунбат, МУГЖ Л.Чулуунчимэг, МУСТА Д.Март, МУСТА Я.Гэрэлчулуун нарын болон дуу, бүжгийн “Эрдэнэт” чуулгын уран бүтээлчид оролцоно. П.Энхтуяагийн “Гэгээн үдэш” цэнгүүнээр UBS телевизийн “Сайн уу? Сайнаа” ток шоу нэвтрүүлэг, тайзнаа тоглолт болон амилна.
Эрдэнэтийн телевизийн салбарын анхдагчдийн нэг, МУСТА П.Энхтуяа нь 29 дэх жилдээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сонсогч, үзэгчдэд зориулан олон арван мэдээ, сурвалжлага, нийтлэл нэвтрүүлгийг хүргэсэн. Мөн 2013 онд “Миний өгүүлсэн хорвоо” нэртэй шилдэг өгүүллэгийн аудио цомог, 2015 онд “Хуран мэдэхүйн зам” нэртэй дурьдатгал, түүхийн нийтлэлийн эмхэтгэл, 2018 онд “Насны цөвийг амирлуулагч гурван бурханы судар”, “Ловон Бадамжунай” хос цомгийг бие даан гаргаж байсан.