Өнгөрсөн 7 хоногт NBS телевизийн мэдээллийн хөтөлбөрөөр хотын орлогч дарга Н.Батаагийн увайгүй үйлдлийн талаар мэдээлэл гарсан билээ. Харин түүний энэ бичлэг олон нийтийн сайтаар тарж эхэлжээ.

Хотоо цэвэр цэмцгэр байлгах ажил хийхэд гол үүрэг гүйцэтгэх хүний нэг болох тэрээр харин өөрөө бусдад муу үлгэр дууриал болж байна. Тэрээр эзэмшлийнхээ ойролцоох хогийг хашаанаас гарган Төв бассейний ойролцоо хаядаг аж. Энэ талаар шаардлага тавихад өөдөөс нь “ Юу солиороод байгаа амьтан бэ” гэж хариулж байх юм.

Төрийн өндөр албан тушаал хашиж байгаа хүний хувьд нийгэмд иймэрхүү байдлаа харуулах хэрэг байна уу даа.

Төв бассейн сар бүр хогны мөнгөнд 80-аад мянган төгрөг төлж, долоо хоногт хоёр удаа хогоо ачуулдаг гэнэ.

 
Гэтэл уг хог нь дан ганц энэ байгууллагынх биш, хөрш орших 2 давхар хаусны хог байдаг аж.
 
Тэдний хөрш энэ айлын хашаанд хогийн сав байдаггүй болохоор хогоо байнга Төв бассейны хогон дээр хаясаар олон жилийн нүүр үзжээ. Үүнийг өмнөх дарга нар харсан ч хараагүй мэт чимээгүй өнгөрөөдөг байсан байна.
 
Харин Төв бассейны даргаар "Шударга иргэдийн фронт" ТББ-ын тэргүүн Г.Арслан томилогдсоноос хойш энэ асуудалтай тэмцэж эхэлжээ.
 
Гэтэл уг хаус нь Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаагийнх болж таарчээ.  Г.Арслан дарга удаа дараа түүнтэй уулзаж, хуулийн зөвлөх нь утсаар ярьсан ч Н.Батаа үл тоомсорлож, харин ч "Өдөөд байгаарай" гэж хариулдаг гэнэ.
 
Иймээс Г.Арслан арга ядсандаа хэвлэл мэдээллийнхэнд хандаж, дараагийн арга хэмжээ авна гэдгээ мэдэгдэв.