Мисс Б.Мөнхчимэг Монгол Улсын оны шилдэг оюутны нэгээр тодорчээ
2018/11/19
“Олон улсын оюутны эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүхийн ивээл дор, Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” ёслолын арга хэмжээ энэ сарын 17-нд Төрийн ордны их танхимд зохион байгуулагджээ. Тэрбээр “Нийгмийн Ардчилал” Монголын оюутны холбооноос санаачлан сурлага, хөдөлмөр, урлаг, спорт, хүмүүнлэгийн салбарт тив дэлхий, олон улсад амжилт үзүүлсэн шилдэг оюутнуудыг шалгаруулан, олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор найм дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулсан бөгөөд 2018 оны Соёл, урлагийн салбарын оны шилдэг оюутнаар Шинэ Монгол Технологийн Коллежийн оюутан Батжаргал овогтой Мөнхчимэг шалгарчээ.
Мисс Б.Мөнхчимэгийн хувьд 2018 онд дэлхийн миссийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох оролцогчийг тодруулдаг "Мiss World Mongolia 2018" тэмцээний гуравдугаар байрт шалгарсны зэрэгцээ Монголын гоо бүсгүйг шалгаруулдаг "Мiss Mongolia 2018" тэмцээний тэргүүн байр эзэлж титмийн эзэн болсон бөгөөд Япон Улсад зохион байгуулагдсан "Miss International 2018” тэмцээнд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон авьяас билэг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо мянга мянган оюутан, залуучуудад үлгэр дууриалал болж яваа нэгэн юм.
Дашрамд дуулгахад Монголын оюутны тэргүүн дээд шагнал гардуулах “Эрдмийн Хонх” арга хэмжээ нь нийт 9 номинацид оны оны тэргүүний оюутан залуучуудыг шалгаруулдаг бөгөөд та бүхэндээ бусад шилдгүүдийг нь алдаршуулан танилцуулж байна.
Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн оны шилдэг оюутнаар Отгон Тэнгэр Их сургуулийн Хууль зүйн Сургуулийн 3-р курсын оюутан Нямдорж овогтой Булгантамир,
Техник, технологийн оны шилдэг оюутнаар ШУТИС-н Барилга Артектурын сургуулийн 4-р курсын Ганболд овогтой Тэргэл,
Санхүү, эдийн засаг, бизнесийн оны шилдэг оюутнаар МУИС-н Бизнесийн сургуулийн 3-р курсын оюутан Алтансүх овогтой Хүдэрчулуун,
Анагаахын оны шилдэг оюутнаар АШУҮИС-н 5-р курсын оюутан Энхболд овогтой Даваадулам,
Боловсролын оны шилдэг оюутнаар МУБИС-н Боловсрол Судлалын сургуулийн Нийгмийн ажлын 3-р курсын оюутан Батбаатар овогтой Санжаа,
Хөдөө аж ахуйн оны шилдэг оюутнаар ХАИС-н Эдийн Бизнесийн сургууль 4-р курсын оюутан Эрхэмбаяр овогтой Баярчимэг,
Биеийн тамир, спортын оны шилдэг оюутнаар СУИС-н Бүжгийн Урлагийн сургуулийн 4-р курсын оюутан Ренчиндорж овогтой Номинзаяа,
Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутнаар Хууль Сахиулахын Их сургуулийн Цагдаагийн сургуулийн 341-р дамжааны сонсогч Алтанхуяг овогтой Дүүрэнжаргал нар шаргарчээ.