Д.Оюунхорол ИТХ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
2014/02/11
УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Оюунхорол Завхан аймгийн Дөрвөлжин сумын ИТХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Дөрвөлжин сум нь энэ зун 90 жилийн ойгоо тэмдэглэх тус аймгийн есөн сумын нэг юм. Түүхт ойгоо угтаж сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлд нутгийн зөвлөлийн хурлаа зохион байгуулсан байна. Мөн ИТХ-ын төлөөлөгчдийг чадваржуулах сургалтад хамрагджээ. Энэ сумынхан 100 хүүхдийн цэцэрлэг барих саналаа нутгаасаа сонгогдсон түшээдээ өмнө нь уламжилсныг Д.Оюунхорол гишүүн ирэх оны улсын төсөвт оруулахаар төлөвлөөд байгаа аж.
Дөрвөлжин сумын хувьд өнгөрсөн жил зуншлага сайтай байсны ачаар малын тоо толгой өсч, мянгат малчдын эгнээ ч өргөжсөнийг төлөөлөгчид эрхэм түшээдээ танилцуулж байлаа. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, намрын чуулганаар хэлэлцэж баталсан хуулиуд, ялангуяа МАН-ын бүлгийн гишүүдийн санаачилсан хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, цалин, тэтгэврийг 30 хувиар нэмэгдүүлэх чиглэлээр санаачилсан хуулийн төслүүд, Малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах, малчнаар ажилласан нэг жилийг нэг жил зургаан сараар нэмэгдүүлэн тооцох болон Бүсийн нэмэгдлийн хуулийн төслийн талаар танилцуулав.