Дуучин Б.Амархүүд холбогдох шүүх хурал болно
2018/11/23
ОХУ-ын Буриад Улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүү нарт холбогдох эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх хурлыг энэ сарын 23-ны 10 цагт үргэлжлүүлэхээр болсон билээ.
Бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нарын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал энэ сарын 12-нд Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд эхэлсэн ч шүүх хуралд гэрч, шинжээч оролцуулах шүүгдэгчдийн өмгөөлөгчийн хүсэлтийг шүүх хүлээн авч хурлыг хойшлуулаад байсан юм.
Тэгвэл энэ хурал одоо цагт эхлэхээр шүүх хуралд оролцогчид шүүхийн байрны гадна ирээд байгаа аж.
Хэргийг эргэн сануулахад, Б.Амархүү, түүний менежер Б.Гандаваа нар нь "C1" телевизийн сэтгүүлч Ц.Чойжилсүрэнг зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан юм. Хэргийг прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан шүүхэд шилжүүлжээ.