Х.Тэмүүжин: У.Хүрэлсүх, Х.Баттулгын хослол тусгаар тогтнолын багана руу дайрч байна
2018/11/26
УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин өчигдөр орой 25-р суваг телевизийн “Ам нээвэл” зочны ярилцлагад оролцож, өнөөдөр үүсээд буй улс төрийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.
-Эрх барьж байгаа намын хагарал чинээндээ тулж, хоёр дахь Засгийн газраа огцруулах санал өргөн барьчихлаа. Энэ асуудлын цаана юу байна гэж та харж байна?
-Манай улс төрийн намуудын нөөц шавхагдаж байгаагийн нэг тод илрэл. Улс төрийн намын санхүүжилт, улс төрийн намын дотоод ардчилал, улс төрийн намаар дамжин орж ирж байгаа авилга гурав Монгол Улсыг бүтэн дампууруулах хэмжээнд иржээ гэж харагдаж байна. Та нар хэрвээ анзаарсан бол бүх маргаан мөнгөн дээр л үүсч байна. Сонгуулиар зарсан мөнгөө буцааж олж авах, яаж шархаа нөхөх, дараагийн сонгуулиар хэр их мөнгө цацаж, иргэдийн саналыг худалдаж авах вэ гэдэг хоёр л зүйл дээр төвлөрч байна шүү дээ. Хоёр талд хуваагдчихаад байгаа ч нэг нь 60 тэрбумын, нөгөө ЖДҮ-ийн сангаас мөнгө идсэн тухай л ярьж байна. Хоёулаа адилхан хулгай. Улс төрийн тодорхой бүлгийг ямар мөнгөөр санхүүжүүлэх вэ гэдэг л зодоон байхгүй юу. Энэ зодоон нь “өөрсдөө мөнгө олж чадахгүй бол өрөөлийн авсан мөнгийг илчилнэ” гэдэг замаар яваад нэг нэгнийхээ муу муухайг уудлаад гаргаад ирлээ. Хоёр талын аль нэгийг “энэ нь шударга” гэж хэлэх ямар ч арга байхгүй.
-Огцруулах гэж байгаа болон огцрох гэж байгаа талын алийг нь ч өмөөрөх арга алга, тийм үү?
-Өмөөрөх арга байхгүй. Гэхдээ ямар ч шалтгаантай бай асуудлыг хариуцлага болгож харж байгаа нь зөв. Маш зохион байгуулалтайгаар хулгай хийж байгаа нь харагдлаа шүү дээ. 2017 он хүртэл үйлчилсэн Эрүүгийн хуулийн 22-т “Албан тушаалын нөлөөгөө урвуулан ашиглах” гэдэг гэмт хэрэг байсныг энэ их хурал авч хаясан. Тэрнийхээ дараа тавар төлөгчдийн мөнгийг олноороо, зохион байгуулалттайгаар ууж идсэн, улс орноо тоносон гэмт хэрэг гарлаа.
2015 онд Эрүүгийн хуулийг хэлэлцэж байхад яг энэ асуудлыг ярьж байсан. Эрүүгийн хуульд байгаа “албан тушаалаа урвуулан ашиглах” гэдэг гэмт хэрэг энэ үзэгдлийг бүрэн хамарч чадахгүй байна. Шийдвэр гаргах эрх мэдэл өөрт нь байх тухай л яриад байна. Гэтэл улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн өндөр албан тушаалтнууд чинь өөртөө байгаа эрх мэдлийг биш, өөр хэн нэгэнд байгаа эрх мэдлийг албаны нэр хүнд, улс төр дэх нөлөөгөөрөө урвуулжн ашиглаад байна. Хүний гараар могой бариулаад байна. Манай улсын нэгдэн орсон Авлигын эсрэг конвенцид “албаны нөлөөгөө ашиглах” гэмт хэргийг хуульчлахыг шаардаж байна, бусад улс оронд тийм байна гэж яриад “албаны нөлөөгөө урвуулан ашиглах” гэдэг гэмт хэрэг бичсэн.
-Сонирхлын тухай хууль энэ хэрэгтэй холбогдохгүй юу?
-Тэр хууль ч гэсэн холбогдоно. Сонирхлын зөрчлийн тухай хуульд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, цагдаагийн дарга, тагнуулын дарга гэх мэтчилэн албан тушаалтнуудыг нэр зааж байгаад “Нээлттэй тендер, сонгон шалгаруулалтаас бусад замаар төрөөс ямар нэг үйлчилгээ, мөнгө, төрийн баталгаа гаргасан зээл авахыг хориглоно” гэж заасан. Гэтэл гэмт хэрэг гэдэг үзэгдлийг нь тодорхойлсон Эрүүгийн хуулийн заалтыг аваад хаячихсан. Тэгээд байгаа хуулиудыг ч огт байхгүй юм шигээр тонуул хийж байна л даа. Хэн нь илүү мөнгөтэй вэ гэдгээрээ л дээр дороо орж байна. Засгийн газраа авч үлдэхийн тулд, эсвэл өмнөх Засгийн газраа унагаахын тулд, өөрсдөө эрх мэдэлтэй гэж сүр бараагаа харуулахын тулд мөнгөөр угжиж байна.
-Татвар төлөгчдийн мөнгөнөөс зээл авахыг хориглосон хуультай нь байтал “Хуультай гэж хэлэхгүй яасан юм, Мэдсэн бол зээл авахгүй л байсан шүү дээ” гэж хэлээд сууж байгаа УИХ-ын гишүүдийг яах вэ?
-Огт хуульгүй юм шиг амьдардаг, хуулийн оронд даргын үг, намын өмгөөлөл өөрсдийг нь хамгаалдаг гэж бат итгэдэг хүмүүсийн л ааш аяг шүү дээ. Тэгээд даргын үг нь салаа утгатай болоод, нам гэдэг хэрэм цайз нь дундуураа хагараад ирэхээд араас нь идээ бээр нь урсч гарч ирж байна.
-Прокурорын зүгээс нэлээд хэдэн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр санал оруулах сураг сонсогдоод байна. Гэсэн ч өмнө нь Б.Батзоригийг аваад үлдчихсэн юм чинь дараачийн хүмүүсээ ч гэсэн УИХ аваад л үлдэх байх даа?
-ЖДҮХС-гаас бага хүүтэй авсан мөнгөө их хүүтэй хүүлж иргэдийнхээ боломжийг дарж унагасан, зовлон дээр нь зовлон удчихсан нөхөд бас байгаа шүү дээ. Тэр хүмүүс нь тодорхой баримттайгаа байгаа бол тэднийгээ цэвэрлэх ёстой. Бүрэн эрхээс нь түдгэлзүүлээд хуулиийн байгууллагаар шалгуулаад шударга шүүхийн өмнө аваачих ёстой. Тэгэхгүй бол иргэд чинь “За УИХ гэдэг чинь хогийн тантан боллоо. Гишүүний бүрэн эрх гэдэг хулгайч нарын хамгаалалт болж хувирлаа” гэж бухимдаж байна. Энэ эмзэглэл Монгол Улсын суурийг ганхуулж байна. Тэд нарын нам, бүлэглэл, улс төрийн карьер унах тухай биш, Монгол Улс сууриараа ганхах хэмжээнд хүрэх гэж байна. Тийм учраас тарьсан гайгаа дахиад цааш нь үргэлжлүүлэхгүй гэж бодож байгаа бол, одоо ингээд зогсъё гэдэг эр зориг байгаа бол буруутай гээд прокуророос оруулж ирж байгаа зарим нэг хүмүүсээ суллаад нэрээ цэвэрлэж авах хэрэгтэй.
-Засгийн газрыг огцруулахдаа тулчихлаа. Гэтэл Засгийн газар огцрохоор улс төр нь ч бужигнаад, төрийн алба нь ч бужигнаад, эдийн засаг нь савлаад, ард түмэн хохироод, ноёд нь завшаад үлддэг. Засгийн газрыг огцруулахгүйгээр дотор нь хариуцлага тооцоод явчих боломж байсан уу?
-Юуг алдаж юуг олж авах вэ, эсвэл юуг олсноор юуг алдах вэ гэдгээ их бодитойгоор харах ёстой. У.Хүрэлсүхийн хувьд эр зориг гаргаад, хурдтай ажиллаж чадсангүй. Засгийн газрынхаа үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд нэр холбогдсон хоёр сайдынхаа асуудлыг дор нь шийдээд, дээр нь МАН-ын даргын хувьд “УИХ-аас энэ энэ хүмүүсийг чөлөөл. Нам өмгөөлж хамгаалахгүй” гэдгээ ил тод зарлаад явсан бол энэ хэмжээний бужигнаан үүсгэхгүй байж болох байсан. Б.Батзоригоос гадна хоёр сайд зээл авсан гэдэг нь баримттайгаар нотлогдоод, ил цагаан нэрлэгдээд (Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг хэлж байгаа бололтой. Inews.mn) байна шүү дээ.
-Ерөнхий сайд өөрөө “Цэвэрлэгээ хийх гэхээр улс төр, бизнесийн бүлэглэлүүд тэгнэж хэвтчихээд саад болоод байна. Хэрвээ би намаасаа дэмжлэг авч чадахгүй бол гудамжинд гараад ард түмнээсээ дэмжлэг авна. Ерөнхий сайд шүдгүй арслан шиг байна” гэж хэлсэн л дээ?
-Саяны ЖДҮХС, эсвэл ууж идсэн авилгатай холбоотой асуудлаар сайдаа огцруулах эрх нь Ерөнхий сайдын халаасанд байгаа. Аманд нь шүд байна, байхгүйтэй холбоотой асуудал ерөөсөө биш. Хуулиараа Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Б.Батзоригийг тэгж л оруулж ирээ биз дээ. Тэр хэмжээний эрх мэдэл Ерөнхий сайдад хангалттай байгаа. Хоёрдугаарт намын дарга хүн. Намын дарга хүн улс төрийн мэдэгдэл хийгээд УИХ-д байгаа авилгатай холбогдоод намыг нь хохироогоод, муухай харагдуулаад байгаа хүмүүст хариуцлага тооцож байна гэж хэлэх эрх байгаа. Үүнд ямар нэг хуулийн асуудал, эсвэл хана хэрэм ярих шаардлагагүй.
-М.Энхболд гэдэг хүнийг 60 тэрбумын хэрэгт холбоотой учраас ажлаа өгөхийг шаардсан. Гэтэл УИХ-ын дарга намаас хамааралгүй хүн учраас Ерөнхий сайд ийм мэдэгдэл хийх эрх байхгүй, хариуцлага тооцох боломж ч байхгүй гэдэг тайлбарууд гараад эхэллээ?
-УИХ-ын даргыг өөрчлөхөд зовлонтой. Би санаж байна. Манайхан ч гэсэн гурван жилийн өмнө З.Энхболдыг огцруулах тухай ярилцсан юм. Тэгэхэд хууль зүйн хувьд ямар ч боломжгүй юм билээ.
-Тэгвэл танайхан ч гэсэн энэ замыг туулаад гарчээ?
-Ер нь бол ойролцоо зодоон болсон. Угаасаа дампуурч байгаа намуудад болдог л үзэгдэл. Болох ёстой юм болдгоороо л болж байна. Тэр үед ч гэсэн бид ярьж л байсан. Парламентын спикер гэдэг албан тушаал дээр нэг намын хүчтэй лидерийг тавина гэдэг бол парламентын ардчиллыг дампууруулдаг юм байна гэж. Эхний удаа Н.Энхбаяр гэдэг хүнийг тавьсан. Ардчилал хөгжсөн орнуудад парламентын спикер гэдэг болсон хүнийг намаасаа түдгэлзэхийг шаарддаг. Ардчиллаа хамгаалахын тулд хийж байгаа механизм байхгүй юу. Маш хүчтэй намын дарга нар очоод суучихаар парламентын хурал чинь намын хурал болоод хувирчихдаг. Тийм учраас М.Энхболдыг намын даргаас өөрчилсөн нь зөв. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж чаддаг бол, эсвэл улс төрийн намууд цаашдынхаа соёлоор ойлголцож чаддаг бол УИХ-ын дарга гэдэг тухайн парламент дотор хамгийн төвийг сахисан, нам бус хүн байх ёстой.
-Намын дарга нь УИХ-ын даргыг огцруулж чадахгүй байгаа юм чинь УИХ-ын гишүүдийг ч гэсэн “Чи УИХ-аас яв” гэж хэлэх боломж байна уу?
-УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх эрх УИХ-д өөрт нь байгаа. УИХ-ын даргыг буцаагаад огцруулах эрх УИХ-д өөрт нь байхгүй. Хуулиараа байхгүй.
-“Тойргоос сонгогдсон гишүүнийг намын дарга огцруулах эрх байхгүй” гээд нөгөө хэд нь намынхаа даргын эсрэг хөдлөөд эхэллээ шүү дээ?
-Би У.Хүрэлсүхийг ЖДҮ-ийн зээлтэй холбогдсон нэр бүхий гишүүдийн эрхийг түдгэлзүүлье гэж УИХ дээр дуугарсныг өөрийнх нь амнаас сонсоогүй.
-Эрхгүй учраас шаардлагагүй гэж бодсон юм байлгүй дээ?
-Үгүй ээ. Ерөнхий прокурор асуудлыг оруулж ирэхэд намын дарга нь үгээ хэлчихээд, тэрнийх нь эсрэг гишүүд нь кноп дарсан бол “Би зарчмаа барьж байна” гэж хэлж болно. Гэтэл зарчим ярихаасаа илүү хоёр гурав хуваагдчихсан бүлэглэлүүд нэгийгээ нам дарахад ашиглаад байна. Зарчим яривал “манай танай хамаагүй, хулгайч нь нотлогдоод хуулийн байгууллага оруулж ирсэн бол нотлогдож байгаа үндэслэлээр нь хэлэлцээд шийдвэрлэе ээ” л гэнэ шүү дээ.
-Огцруулах гарын үсэг зурсан гишүүдийнх ихэнх нь огцорсон сайд нар, дээр нь ЖДҮ-ийн зээл авсан гишүүд байна. Тэр хүмүүс яагаад өнөөдөр “Хулгайчийг бариарай” гэж хашгираад байгааг бас ойлгохгүй байна л даа?
-Би тэрийг ойлгуулаад байх ямар шаардлагатай юм. Хүмүүс янз бүрийн л ашиг хонжоогоор хэлхэгдэж холбогдож байгаа. Зарим нь би сайд болчих байх гэсэн горьдлого тээж байгаа байх, заримд нь өшөө авах ч бодол байгаа л байх. Гэхдээ тэр хэрүүл, намын тогоог нь хаяад Монгол Улсын эрх ашгийн үүднээс бодоод үзье л дээ. Ардчилсан улс оронд хуулийн хэрэгжилтийг хангадаг газар нь хамгийн түрүүнд Засгийн газар. Тэгэхээр тэр байгууллагаас эхлээд асууна. Яагаад жижиг дунд үйлдвэрийг дэмжих бодлого чинь хэрэгжээгүй юм бэ? Яагаад танай Засгийн газрын сайд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд багтдаг сангийн хөрөнгийг авилгад зарсан бэ? Яагаад та бүхэн иргэдийн эрх ашгийн төлөө зогсох ёстой, хуулийн хэрэгжилтийг хангах ёстой энэ бүтцээрээ авилгын сүлжээнд холбогдчихов оо? Түүндээ яагаад УИХ-ын гишүүдийг авилгадах байдлаар татан оруулав? Санаачлага хаанаас гарав? гэж асуугаад хариуцлага тооцох ёстой.
-Та мэдээж сөрөг хүчний намын гишүүн учраас эрх баригчдын зодоон их чухал биш байх л даа?
-Сөрөг намын гишүүнийхээ хувьд хэлж байгаа юм биш. Би энэ Засгийн газарт итгэл алдсан дөрвөн зүйл байна. Нэгдүгээрт Монгол Улсын тусгаар тогтнолыг зарах гэж оролдсон. Шанхайн хамтын нийгэмлэгт орох замаар хорин хэдэн жил авч явсан гуравдагч хөршийн бодлогыг үгүй хийх гэж оролдсон.
-Ороогүй шүү дээ, гэхдээ?
-Албан ёсоор хэн санаачлагыг гаргалаа, бичиг баримтад хэн гарын үсэг зурлаа, тэр бичиг баримтыг УИХ-аар нэг удаа оруулах гээд авч явсан хүн хэн билээ? Үйлдэл нь аль хэдийн хийгдчихсэн.
Хоёрдугаарт, тагнуулын байгууллага нь албан ёсоор гадаадын тагнуулын байгууллагатай хамтарч Монгол Улсаасаа хүн хулгайлах ажиллагааг анх удаа хийсэн. Дээр нь гацаанд байсан том том төслүүдээ явуулж, эдийн засгаа чадавхижуулах боломж байсан. Хуулийн салбарыг орвонгоор нь эргүүлж, авлигыг дэмжээд байгаа хар системийг өөрчлөх боломж байсан. Хамгийн чухал нь энэ 65-ыг бүтнээр нь базаж аваад улс төрийн реформ хийж болох байсан. Гэтэл харамсалтай нь У.Хүрэлсүх хийсэнгүй. Эцсийн дүндээ У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч хоёрын хослол Монгол Улсын суурь, тусгаар тогтнолын гол багана руу дайрч эхэлсэн.
-Яаж?
-Парламентыг тараана, парламентын бус засаглалын хэлбэр лүү шилжинэ гээд ил зарлаж байна шүү дээ. Хамгийн аюултай нь гудамжинд гарч эмх замбараагүй байдал үүсгэх замаар онц байдал зарлаж, Үндсэн хуулийн үйлчлэлийг зогсоогоод тодохой хугацааны турш Монгол Улсыг нэг удирдлагад оруулах замын зураг явж байна
-Та хэтэрхий хардаад байгаа юм биш үү? Эрх баригч намын дарга хүн яагаад заавал сөрөг хүчнээс сонгогдсон Ерөнхийлөгчийг дэмжих ёстой гэж?
-Шинэ МАНАН үүсчихээд байна шүү дээ. Өмнө нь Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг хоёр хүний МАНАН байсан бол өнөөдөр У.Хүрэлсүх, Х.Баттулга гэдэг хоёр хүний МАНАН болж хувирсан.
-Тэгвэл ямар ашиг сонирхол энэ хоёр хүнийг нэгтгээд байна вэ?
-Нэгдүгээрт уул уурхайтай холбоотой их мөнгөний ашиг сонирхол байгаа байх. Хоёрдугаарт хоёр хөршийн маань бодлого өөрчлөгдчихлөө л дөө. Энэ бодлогын өөрчлөлт ойрын 10-15 жилдээ хадгалагдах байх. Хятад улс Америктай худалдааны дайн хийх байдлаар, Орос улс бас Европын улс орнуудтай хориг арга хэмжээнд орчихлоо. Дэлхийтэй зөрчилдөж байгаа зөрчилдөөн нь хоёр хөршид маань илүү ойрхон байх хэрэгцээ шаардлагыг бий болгож байна. Ингэхийн тулд дунд нь байгаа Монгол Улсыг Америкийн талбар болгож болохгүй, гуравдагч хөршийн талбар болгож болохгүй. Хоёр хөршийг тоглоомыг зөрчихгүй, үг дүүгүй хүлээн зөвшөөрч байх ёстой гэдэг геополитик биднийг нөмрөөд ороод ирлээ. Энэ нөмрөлт хэнээр дамжиж орж ирж байгааг бид бүгдээрээ харж байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрын түншлэл үүнийг маш хурдан бодитой болгоно. Ийм замын зураг зурагдчихсан, түүн дээгүүр явж байгаа үйл явц тэнэг биш хүн болгонд тодорхой харагдаж байна. Өчигдөр, уржигдархан Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн дор ЗХЖШ-ыг авчирах алхмыг хийж байна. ЗХЖШ-д тушаал өгдөг байхын тулд ҮАБЗ мөдхөн цэрэг, армийн нэг хэсэг болох байх. ҮАБЗ-ийн дарга магадгүй генерал болох байх. ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга нь Онц байдлын штабын дарга болж хувирах байх л даа
-Арай ч иймдээ хүрчихгүй байлгүй дээ?
-Ийм сонголтод очихгүй байх нэг үндэслэл нь энэ Засгийн газар огцрох явдал. Тэгж байж энэ замын зураг дээр засвар орох хэрэгтэй болж байна. Энэ бол ардчилалд тулгарч байгаа том сорилт.
-Саяхан Ерөнхийлөгч ЗХЖШ-ын дарга Д.Даваа генералыг өөрчлөөд түр үүрэг гүйцэтгэгч томилчихсон. Өөрийнхөө үгээр явах хүнийг томилж, бэлтгэлээ хийж байна гэж үү?
-Өөрийнхөө хүнийг томилох албагүй. Үүрэг гүйцэтгэгч томилоод эзэнгүй байлгах нь Жанжин штабыг бүр сайн удирдах хувилбар. Жанжин штаб эзэнгүй байвал тэр нөөцийг Жанжин штабаас татаад ҮАБЗ дээр төвлөрүүлж болох байхгүй юу.
-60 тэрбум, ЖДҮ гэх асуудлуудаас болоод УИХ муухай харагдаж байгаа учраас 76 ховдгийг тэжээснээс нэг гайгүй хүний гараар удирдуулсан нь дээр гэдэг юм руу л явчих гээд байна аа даа?
-Энэ хөрсийг угаасаа жилийн өмнөөс бэлтгэж, усалж ирлээ шүү дээ. Ийм бужигнасан өөрчлөлтийг гэнэт хийдэггүй. Эхлээд хөрсөө бэлтгэж аваад төгсгөлийн үйл явц нь их хурдтай өрнөдөг. Хамгийн аюултай нь энэ. Бидэнд тийм хөрс бэлтгээд байна. Аливаа юмыг зөв ялгаж салгаж, зааглахгүй бол хүчтэй нэг хувь хүн, ойлгомжтой нэг засаглал, “Тэр л байхад болно” гэдэг хандлага байна. Гэтэл олон нийтийн дунд судалгаа хийгээд үзэхээр “Хууль нь яагаад хэрэгждэггүй юм бэ? Хэрэгжихдээ бидэнд яагаад хатуу, тэдэнд болохоор зөөлөн байна вэ? Хуулийн өмнө тэгш эрхтэй байхыг хүсч байна” гэдэг. У.Хүрэлсүхийн хувьд ч ялгаагүй. Иргэдийн хүсч байгаа зүйл бол “Наад хоёр сайда огцруулчихаач ээ” л гэж байна. Хоёр сайдаа огцруулчих юм бол Засгийн газрын өөр бусад алдаатай үйлдлийг нэг удаа нүд аниад цааш нь үргэлжлүүлэх итгэл иргэдэд байна. Гэтэл яагаад үүнийг хийхгүй өөр хэрүүл болгоод байгаа юм бэ? Тэр хэрүүл нь хэнд хэрэгтэй юм. Өөрт нь ч ашиггүй, намд нь ч ашиггүй. Эсрэгээрээ тогтолцоог өөрчлөх, эмх замбараагүй байдал бий болгох, Монгол Улсыг огт удирдлагагүй болгож гээд байгаа юм уу?
-У.Хүрэлсүхийн хэлээд байгаа 60 тэрбумынхантай хариуцлага тооцъё гэдгийг би хувьдаа дэмжиж байна. Харин та?
-Гэмт хэргийг илрүүлээд, тас цохиод хариуцлага тооцоход нэг л алхам байдаг. Батлагдаж байгаагаас нь эхлэх. Баримтаар нотлогдож байгаагаас нь эхэлнэ гэсэн үг. 60 тэрбум чинь УИХ-ын сонгуульд зарах мөнгөө олохын тулд босгосон схем шүү дээ. Тэгэхээр 60 тэрбум энэ 64 нөхөрт бүгдэд нь хамаатай, ганц М.Энхболдын хийсэн ажил биш байна. МАН-ын нэрээр энэ сонгуульд орсон бүх хүнийх. Тэгээд өнөөдөр зарим нь өртэй болчихсон. Өрөө төлөхийн тулд дараачийн хулгайгаа хийж байна. Тэгэхээр эд нартай нь эхлээд хариуцлага тооц. Хуулийн байгууллага чинь оруулаад ирлээ, тэр Б.Батзоригийгоо өгдөг газар нь өгөөд явуул. Дараа нь мөнгө хүүлсэн гэх дөрвөн хүний нэр яригдаж байна. Оруулаад ирэг, өгөөд явуул. Хоёр сайдаа огцруул. Энэ чинь 60 тэрбумтай тэмцэх эхний алхам. Тэгээд “Би ЖДҮ-ийн асуудлыг цэвэрлэчихлээ, одоо 60 тэрбумаа ярья” л гэх ёстой. Аль нэгийг нь өмөөрөх тухай асуудал байхгүй. Хулгай хийсэн л бол, нотлогдож л байвал явуулдаг газар луу нь явуулах ёстой. Энэ бол хариуцлага.Тэгэхгүй өөрийнхөө хулгайчийг хамгаалаад, өөр хулгайчийг заахаар зарчим эвдэгдээд байна.
-Ерөнхийлөгчийг хоригийн зорилго нь гишүүдийн найман тэрбумаас тодорхой хувийг танаад Аж үйлдвэрийн паркт 500 тэрбумыг суулгаад өгчихвөл Засгийн газрыг авч үлдэх, УИХ-ын дарга суудлаасаа огцрохгүй байх юм биш үү?
-Их өрөвдөлтэй, ёс суртахууны хувьд маш дор орсны л нэг илрэл л дээ. Хүн хулгай хийж байхад “Хулгайныхаа тэдэн хувийг өгчих” гээд зэрэгцэж хулгай хийдэг, эсвэл хулгайлсан мөнгөө лам дээр барьж очоод “хулгай битгий баригдаасай” гэж ном уншуулдаг чинь ёс суртахууны хувьд маш дор орсны л илрэл. Энэ үзэгдэл төрийн байгууллагын түвшинд албан ёсны харилцаа болж хувирч байна шүү дээ. Хэрвээ 500 тэрбумын яриа гараагүй бол Ерөнхийлөгч үнэхээр зөв юм хийлээ гэж хэлэх байлаа. Гэтэл халаасны хулгай, орон байрны хулгай гэдэг шиг “Та нар тойрог дээрээ ид, би том төслөө идье” гэдэг л юм болж байна шүү дээ. Энэ чинь өөрөө хоригийг дэмжих шалтгааныг үгүй хийчихэж байна. Хулгайч нар дотроо хувьсгал гаргасантай л адилхан болж байна шүү дээ.
-Өнөөдрийн энэ нөхцөл байдал сонгогчдын буруу хийсэн сонголтоос бас болсон байх. Эсвэл зөв сонголт хийх бололцоог нь олгоогүй юм болов уу? Сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой юу?
-Энэ бүх бузар булай юм чинь гуравхан л зүйлээс болж байна шүү дээ. Нэгдүгээрт улс төрийн намаас. Нам өөрөө авлигын эх үндэс болсон учраас авилгад идэгдсэн түлхүүрээр төрийн авилгыг үүд хаалгыг нээлээ. Аягүй бол нэр хүндээ барсан энэ улс төрийн намуудыг татан буулга гэдэг асуудал тавигдана. Хулгайч нь нэг талдаа, хулгайч биш нь нэг талдаа, зарчимтай нь нэг талдаа, зарчимгүй нь нэг талдаа гарах шаардлага үүсч байна. Гэхдээ чадахгүй байх л даа. Чадахгүй бол ядаж Улс төрийн намын хуулиа өөрчлөөд намын дотоод ардчилал, санхүүжилт хоёроо дэлхийн бусад улс орнууд, ардчилсан улсад яаж явдаг вэ, тэр зарчим руу нь ойртуулаад өгөөч ээ. Хоёрдугаарт Сонгуулийн хуулиа өөрчил өө. Энэ их булхай луйврын чинь гол эх үүсвэр нь 76 жижиг тойрог байна. Жалга довны үзэл, жалга довондоо очоод мөнгөө цацаж, бялхуулж байгаад гарч ирэх гэсэн шунал хоёр байна. 76 жижиг тойрог байсаар л байвал сонгогчдын саналыг худалдаж авсаар нь л байна. Хуалдаж авахын тулд хулгай хийсээр л байна, хулгайгаа бүх арга хэрэгслээр хийнэ.
Гуравдугаарт бодлогоо авч явж чаддаг хүчтэй Ерөнхий сайд, Засгийн газраа хянаж чаддаг парламентын хяналтын механизмыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болгох ёстой.
-Парламентаа тарааж чаддаг Ерөнхий сайдын тухай ярьж байна уу?
-Яг тийм. Ажил хийх гэсэн чинь хийлгэхгүй байна, их хурлыг тараана гэдэг эрх мэдлийг Ерөнхий сайдад өгөх хэрэгтэй. Парламентын засаглалаа сайжруулаад парламентын хулгайч нарт хариуцлага тооцож чадах хэмжээний хүчтэй Ерөнхий сайдтай байна гэдэг хувилбар луу явахгүй бол энэ бантан шиг хэрүүл чинь дахиад 20-30 жил үргэлжилнэ.
-Одоо бол Ерөнхийлөгчийн ч юм шиг, парламентын ч юм шиг хосолсон засаглалтай болчихоод, магадгүй Ерөнхийлөгч нь хүчтэй харагдаад байгаа учраас Ерөнхийлөгчийн засаглал руу явчих оролдлого хийж эхлээд байна уу?
-Миний хатуу итгэл үнэмшилтэй явдаг нэг зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнолыг нэг хүний толгойд үүрүүлж болохгүй. Тэгвэл тэр толгойг чинь тасдаж аваад тоглох гаднын маш хүчтэй сонирхол буцалж байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдсөнтэй холбоотойгоор. Хэрвээ бид Ерөнхийлөгчийн засаглалтай болно оо гэвэл Ерөнхийлөгч нэртэй хаантай болгох тоглоомыг гаднаас гайхамшигтай хурдтай хийнэ. Өөрсдийнх нь гар хөл болох хүнийг л гаргаж ирнэ. Өнгөрсөн зууны эхэн үеийн түүхээ хар л даа. Монголын тусгаар тогтнолын төлөө зүтгэсэн хүн болгоныхоо толгойг бид нэг бол хүрээнд хэн нь мэдэгдэхгүй хүний гарт алддаг, эсвэл гадагш нь явуулаад алуулдаг байсан. Тусгаар тогтносон Монгол Улсын Ерөнхий сайд гадаад улсын эрүүгийн хуулиар цаазлуулж байлаа. Их ойрхоны жишээ. Бидэнд ийм туршлага байгаа учраас алхам бүрээ ухаантай хийх ёстой. Иргэд үнэхээр ууртай байна, хариуцлага нэхэж байна. Хариуцлага нэхэж байгаа энэ уураа улс орноо бусниулах байдлаар гаргаж болохгүй. Энэ уурыг зөв гаргах ухаан МАН-ын даргад байна уу, АН-ын даргад байна уу, Ерөнхийлөгчид байна уу? Эсвэл сууж байгаа сандал нь энэ улс орноос илүү үнэ цэнэтэй байна уу? гэдэг сонголтын өмнө ирээд байна.
-Гэхдээ хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл ч гэсэн алдарч эхлээд байна. Хэн нэгний захиалгатай хөдөлдөг, улстөрчдийн алдаан дээр дөрөөлөөд эргүүлээд шантаажны хэрэгсэл болгодог гэх мэтчилэн?
-Бидний амьдарч байгаа нийгэмд хоёр том “мотор” ажиллаж байна. Нэг нь Rule of law буюу шударга ёсыг бэхжүүлдэг хуулийн систем, нөгөө нь democracy буюу ардчилал, иргэдийн итгэл үнэмшилд хүч чадал өгч, олонхийнх нь бодлогыг хэрэгжүүлэх гэж оролддог төрийн тогтолцоо. Энэ хоёр мотор хоёулаа ялзарч байна. Гэхдээ “мотор нь цохичлоо” гээд хаяад явна гэвэл нийгэм чинь өөрөө нураад унана. Тийм учраас арга ядаад гуйж байна. Монголоо бодож байгаа л юм бол, “иргэдийнхээ итгэлийг арай ч дээ” гээд зориг гаргаад алхах хэсэг хүмүүс байгаа бол УИХ дээр хэл. “Уучлаарай, чи ЖДҮ-ээс хулгай хийчихсэн юм билээ, чамаас болоод УИХ муухай харагдаж байна. Би өөрийгөө хамгаалж байгаа юм биш, ардчиллаа хамгаалж байна” гэж зоригтой хэлээч ээ. Энэ энэ хүмүүсийг түдгэлзүүье гээд Ерөнхий прокурор нь оруулаад ирж байхад тэр хүнд бас нэг урам өгмөөр байна. Тэр хүн чинь муу ч, сайн ч бас оруулж ирээд байна шүү дээ.
-Оруулж ирээгүй л байна л даа?
-Б.Батзоригийг оруулж ирээ биз дээ. Өмнө нь Д.Гантулгыг оруулж ирээ биз дээ. Одоо ганц нэгээр нь биш, дөрөв таваар нь оруулж ир. УИХ чөлөөлөх чөлөөлөхгүй нь хамаагүй. Сар болгон оруулж ирээд байхад тэр хүмүүс чинь ядаж 2020 онд сонгогдохгүй юм байгаа биз дээ. Ард түмний итгэлийг авч чадахгүй биз дээ. Сар болгон оруулж ирээд байвал тэр хүмүүс чинь гудамжаар хэвийн явж, олон нийтийн газар тухтай сууж чадахгүй.
Э.Энх-Амгалан
http://erennews.mn
Ах нь · 2018/11/27
Энэ бацаанд засаг төр ямар хамаа байнаа зүгээр л эхнэр хүүхэддээ талхны мөнгө олох аргаа бод битгий өөрийг нэг том улс төрч онолч болгох хэрэггүй чамайг хэн ч мэдэхгүй
зочин · 2018/11/27
Иргэн · 2018/11/26
Миеэ огцорчих тэгвэл шударга ес тогтоно. МАФИ- г зогсоое!
Долгор · 2018/11/26
Тэмуужин сайн хуульч Гэхдээ их ес хонзонч нехер юм Тэмуужингий ешее авалтад мэдлэг нь улс оронд гай дагуулахзэвсэг тедий
Долгор · 2018/11/26
Тэмуужин сайн хуульч Гэхдээ их ес хонзонч нехер юм Тэмуужингий ешее авалтад мэдлэг нь улс оронд гай дагуулахзэвсэг тедий
Зочин · 2018/11/26
Улсыг үймээн самуунд уриалдаг ,өлсгөлөн зарлана гэж шантаажилдаг ерөнхийлөгч байж болох уу Ийм луйварчинг огцруулаач
irgen · 2018/11/26
женког үзэн ядагч