МИАТ-ын онгоцны дугуй хагарвал улc дамжин зөөдөг үү?
2013/03/25
Өнгөрсөн амралтын өдрөөр буюу 3 дугаар сарын 24-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн ОМ136 нислэг хуваариасаа бараг 24 цаг хоцорч иржээ. Учир юу гэвэл нисэх онгоцны дугуй хагарсан аж.
Монголын цагаар 03:50-д Берлинээс хөөрсөн нисэх онгоц Москва хотын Шеремьетево нисэх буудалд 120 зорчигчоо саатуулжээ. Саатлын шалтгаан нь онгоцны дугуй хагарсан аж. Аливаа техник эвдэрэл гардаг л байх. Хамгийн сонирхолтой нь нисэх онгоцны дугуй хагарвал улс дамжин зөөдөг юм болов уу.
“МИАТ” компаниас тухайн цаг үед авсан мэдээллээр “ОМ136 нислэг үйлдэж байсан онгоцны нэг дугуй нь хагарсан. Онгоцны гэмтлийг засахаар Улаанбаатараас “Аэрофлот”-ын онгоцоор дугуй, сэлбэг хэрэгсэл Москва руу явуулсан. Москвад очмогц дугуйгаа солиод, гурван цаг орчмын дараа Москвагаас гарах төлөвлөгөөтэй байна. Москвагаас Улаанбаатарт иртэл зургаан цаг ниснэ” гэсэн хариулт өгч байжээ.
Монголдоо хамгийн том агаарын тээврийн компанийн хувьд нислэгийн техникийн бүрэн бүтэн байдал иймэрхүү байдаг гэж үү. Дугуй хагарлаа гээд заавал улс дамжуулан зөөвөх хэрэг үү. Энэ мэт асуудлыг арай өөрөө шийдэж болдоггүй юм байхдаа гэсэн бодол төрж байна. Дараа дараагийн удаад энэ мэт хэрэг гарвал зорчигчдоо заавал ингэж хүндрүүлэхгүй байх хэрэгтэй болов уу. Тиймээс тус салбарын эрх мэдэлтнүүд жижиг ч гэсэн асуудлаа бага дээр нь зохицуулах хэрэгтэй байх.
С.Баяр