Үрээ хаясан эхийг хүний тооноос хасъя, гишүүд ээ
2013/03/25
Ээж нь үрээ голохоос илүү эмгэнэл гэж энэ орчлонгийн хаана нь байх билээ дээ. Гологдсон үр нь гомдсон сэтгэлээ хаана хэнд тайлах вэ. Хургандаа цадаагүй хонь төлгөндөө ч майлна гэдэг үг бий.
Багадаа эцэг эхийн энэрэл аваагүй хүний сэтгэл насаараа жиндүүхэн байна даа гэж бодохоос айдас хүрнэ. Хүүхдийн халамж асрамжийн төв хэмээх өнөр айлд өсөн торниж байгаа хүүхдийн ирээдүй таагдахгүй оньсого мэт хүндхэн. Насанд хүрэхээр тэд хаачих вэ шилжилтийн нас гэгдэх эмзэг үедээ нийгэмдээ хэрэггүй хүний тоонд орно. Эднийг тосоод авах ажлын байр хөтлөөд оруулах үнэгүй дээд болон мэргэшүүлэх сургууль, амьдрах орон байр байхгүй.
Өөрөөр хэлбэл, энэ хүүхдүүд цэвдэг сэтгэлтэй ээж, аавынхаа балгаар хүн шиг хүн байх эрхээ хасуулсан байна. Эдгээр эцэг эхчүүд ирээдүйн хүний эрхийг хасч гай тарьж сууснаас өөрсдөө ээж аав байх эрхээ хасаж амьдарсан нь дээр дээ.
Өөрийнхөө төлөө өрөөлийг зовоож, яс махны тасархайгаа шаналанд унаган байж амьдрах ямар эрхтэй юм. Боломжийн амьдардаг ч үрээ ад үзсэн айл байгааг албаныхан ярьдаг. Хаяг тогтоон ээж аавыг нь арай гэж олоод очихоор авахгүй энэ хүүхдийг гэх үгийг амнаасаа яаж гаргаж чадаж байна вэ.
Yp төлөө голсон малыг тойглон авахуулж байхыг би зөндөөн харж байсан. Ээжтэйгээ хамт ишиг, хурга эхэд нь авахуулж ч байсан юм. Ингэ хүртэл хуурын эгшгэнд уяраад бөмбөртөл нулимсаа унаган ботгоо аваад ивлүүлдэг. Гэтэл энэ ертөнцийн дээд төрөлтөн хэмээх хүн биз дээ, бид нар чинь. Хүүхдээ хог мэт үзсэн эх эцэг алба хаших нь бүү хэл амьд явах эрх хүн чанарынхаа хувьд байна уу. Улс орны ирээдүй бидний гэрэл гэгээ хэмээн хайрладаг цагаахан ертөнцөд хар толбо суулган эргэлзээтэй эрэг рүү ийнхүү түлхсэн нь зөвхөн эцэгэхийн үүрэг төдийгүй эх орныхоо ирээдүй хойчийнхоо өмнө хүлээсэн үүргээ умартсан увайгүй явдал, цээрлүүштэй нүгэл билээ.
Хүн гэдэг хэзээ ч хэн нэгний өмч биш. Учир нь хүүхдээ яах нь миний эрх хэмээн тэнэгтэж мэдэх юм. Гэвч эд хөрөнгөө хэзээ ч хаяж чадахгүй хэрэв алдвал хүүхдээ алдаснаас илүүтэй харамсан гуниглах адгийн сэтгэлтэй эцэг эх хэмээх нэр зүүсэн хүмүүст хариуцлага тооцох цаг аль хэдийн болсон. Боломжийн амьдралтай нэг нь жаргалдаа ташууран балайрч хүүхдээ хөөж байхад боломжгүй нэг нь гаргаад чирч гулдран явсаар өсгөж идэх өмсөхөө хасан байж хүүхдээ сургаж хүмүүжүүлж байгаа нь ч байх юм. Гэтэл зарим нь тэжээж чадахгүй нь хэмээн асрамжийн газар зовлон тоочин хүргүүлж байна.
Хэрэв хүүхдээ тэжээх боломжгүй бол гаргаж амьд хүнээр тоглож суухаа больсон нь дээр дээ. Хүүхдээ хаяхад хүрвэл хүүхэд олохоосоо өмнө арга хэмжээ авч хувь хүнийхээ хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй юм. Насаараа хайр халамж үзээгүй хүн хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрлах нь бас эргэлзээтэй. Зөвхөн өөрт нь аминчлан хандсан халуун хайраар хүүхэд яаж дутаж байсныг би өөрийн нүдээр харан сэтгэл эмтэрч суусан юм.
Асрамжийн газраас айлд өргүүлсэн дөрвөн настай хүүхэд танихгүй шахуу хүмүүсийг тэр дундаа харийн орны хоёр хүнийг хүзүүгээр нь тас тэврэн миний ээж, аав энэ мөн, би одоо гэртээ очно хэмээн хөөр баяр болж байсныг харсан. Нэг гэрт долоохон хоноод л ингэтлээ тэр дасаж бас итгэж байгаа нь түүний туйлын мөрөөдөл нь биелсэн төдийгүй хүүхэд гэдэг хэчнээн гэнэн цайлган илтгэсэн итгэмээргүй үзэгдэл байлаа.
Манай улсын хэмжээнд асрамж халамжийн 40 гаруй төвд 1500-аад хүүхэд өсөж торниж байна. Хайраар дутаж харамсал өвөрлөн гүйлдэх жиндсэн сэтгэлтний тоог нэмэхгүй юмсан даа. Хүүхдүүд халамжаас нэг л өдөр гаран хаачихаа мэдэхгүй болно гэдэг нь жигүүрээ дэлгээд ниссэн нь чадаад нисээгүйг нь бяцлан алахаар хаднаас шиддэг шувууны жам мэт санагдана.
Эх хүүхдийн эрх чөлөө эрүүл мэндийн төлөө зүтгэнэ бид энэ эрчүүд үүнийг анзаарахгүй байна хэмээн ярин явсаар зөөлөн сэнтийд заларсан УИХ-н эрхэм эмэгтэй гишүүд энэ асуудлыг мэдээгүй л сууж байгаагүй бололтой билээ. Эрхэм гишүүд минь эх үрийн халуун холбоог бэхжүүлэх талаар нэгийг бодож хоёрыг тунгаавал яасан юм бэ.
А.Байгалмаа