Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцлээ. Улмаар хуралд оролцогчдын 54.8 хувь нь огцруулахгүй байх нь зүйтэй гэж үзэв.

Тодруулбал, УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд оролцох ёстой 75 гишүүнээс 73 нь оролцож, тэдний 53 нь байр сууриа илэрхийллээ. Улмаар Засийн газрыг огцруулахыг дэмжье гэдгээр санал хураалт явуулахад гишүүдийн 33 нь буюу 45.2 хувь нь огцруулахыг дэмжсэн бол, 40 нь буюу 54.8 хувь нь огцруулахыг дэмжээгүй юм. 

Засгийн газрыг огцруулах эсэх асуудлаар санал хураахаас өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Энэ парламентад суугаа зарим хүнд хариуцлага хүлээнэ. Засгийн газрыг огцруулах асуудалд 27 хүн гарын үсэг зурсан. Гэхдээ энэ 27 хүнийг бүгдээрээ буруутай биш байх гэж бодож байна.

Цаашид хууль, хяналтын байгууллага бие даасан, хараат бус үйл ажиллагаа явуулахад маш их анхаарч ажиллах ёстой гэдгийг ойлголоо. Хуулийн байгууллагыг улс төрийн байгууллага болгодог хүмүүс байна. Хуулийн байгууллагыг шахна, дарамтална.

Эцэст нь өөрсдөдөө уусгаж авна. Ингээд хуулийн байгууллага улс төрийн ажил хийдэг, улс төрийн зэвсэг болж хувирсан. Тиймээс хууль хүчний байгууллага хамгийн шударга ажиллах ёстой. Ингэж байж нийгэмд шударга ёс тогтоно. Томоохон хэргүүд байна. Энэ хэргүүдийн ард хамтдаа гарах ёстой. Буруутай этгээдэд нь хариуцлага тооцох ёстой. Улсын өмчийг хулгайлж авсан нөхдөөс Монголын төр мөнгөө буцааж авах ёстой.

Засгийн газар тогтсон ч, эс тогтсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хатуу тэмцэнэ. Нам дамжсан бүлэг намайг худалдаж авна гэвэл худлаа, намайг худалдаж авна гэвэл бүр худлаа шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ.