“ЖДҮ” гэх засгийн сангийн завхарал бол

"Сан"-гийн яамны алдаатай бодлого

Нийгэм өнөөдөр улс төрөөр хэт халж, эдийн засаг, түүний суурь бүртгэл, хяналт хөрч зэврээд, бүртгэл стандартын зөв хэлбэрийг олж хэрэгжүүлээгүй, нийтийн өмчид яг тохирох тусгайлсан нягтлан бодох бүртгэлийн бодлого, зарчимгүй байгаа нь алдаа завхарлын дээд хэмжээнд хүрчээ.

Бүртгэл талаас, Тусгай санд тусгай бодлого, зарчим тунхаг хэрэгждэг. Ялангуяа засгийн нягтлан бодох бүртгэл, түүний мэдээллийн системийг онцгойлон авч үзнэ гэсэн үг. Тухайлбал, нийтийн хөрөнгийн нэг хэлбэр болох /ЖДҮ/ -ийн сангийн бүртгэл эрсдэлд өгөөш болж, үүргээ биелүүлэх чадамжгүй систем болж. Улмаар засгийн газрын бусад 22 сан адил эрсдэлтэй гэдэг нь яриангүй үнэн.

"Сан" гэдэг үгийг яамны нэрэнд зүүсний учрыг юу гэж ойлгох юм. Сангаа засаг манаад явна л гэсэн үг биздээ. Эцсийн хэрэглэгч хүртэл эрсдлийг хянаж, албан тушаалтны ашиг сонирхол илэрвэл  шууд хориглох үүрэгтэй баймаар. /Засгийн газрын бүртгэл, тайлагнал, 2009/ 

Манайд уг нь Бүртгэлийн стандартын түр хороо гэж байх учиртай, ажлаа мэддэггүй ийм хороо эрхээ эдлээд ажиллаж байгаа бол хариуцлагаа давхар үүрч,  энэ завхаралд  тайлбар өгөх үүрэгтэй.

Хяналтын талаас, Сангийн яам нь сэжигтэй гүйлгээ удаа дараалан гарч байхад дотоод хяналт, хөндлөнгийн хяналтаар урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж чадсангүй. Ийм саад хориг байхгүй болохоор далимдуулан ашиг сонирхлын зөрчилтэй хэсэг бүлэг этгээд хөрөнгө завшихад аятайхан боломж болов. Үүний муу үр дагавар нь онгиргон, их зантай, хөдөлж ядсан буюу бамблист, донтогч феодал  болон бантан хутгагчид олширлоо.  Гэтэл хуулийн хаалга татаж, амьдралдаа хохирол амсдаг тал нь санхүү, ня-бо нар болдог.

Нийтийн тусын тулд прагматик өнцгөөс харсан ч тогтолцооны алдаатай байдлаас хүн хохирч болохгүй. Иймд бүртгэл, хяналтын тогтолцоо, зарчмуудыг засч залруулахгүй юм бол “хэлмэгдэгсэд” тоолж барцгүй болно. 

ЖДҮ-ийн сангийн 2017 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд ҮАГ-аас энэ оны хавар аудит хийжээ. Тус тайланд энэхүү сангийн үр дүн "зөрчилтэй" гэсэн дүгнэлттэй, холбогдох стандартаа сайжруулаа гээд Сангийн сайдад зөвлөмж өгсөн байдаг. Үүнийг их хурал, сангийн сайд нь "сонссонгүй". Аудиторууд энэ удаа сонсгох үүргээ биелүүлсэн гэлтэй. Уг нь сайд нь сонссон шиг сонсон, санаатай гэхээр үйлдлүүдийг таслан зогсоосон бол ингэж их өөр хоорондоо толхилцохгүй байлаа.

Энд нэг зүйлийг онцлон сануулахад, төрийн хөндлөнгийн хяналт нь 2003 оноос өмнө Герман, Японы хяналтын бүтэцтэй адил байсан юм. Өөрөөр хэлбэл шүдтэй арслан байж. Харамсалтай нь, энэ үеэс эхлэн ерөнхий аудиторын бүтцэд шилжиж, нэг хүний гараар  шүүлтүүр, цензур тавигдах болсон. Аудитын тогтолцоонд яаран шилжих болоогүй байтал тухайн үеийн удирдлага ганцхан өдөр л өөрчилсөн гунигтай түүхтэй. Яг энэ үед “яарахгүй, хийхгүй биш жаахан хүлээе, цаашид үе шаттай хийе, наадах чинь гоё юм” гээд консерватив баримтлалд, шинжлэх ухааны фолософич, доктор   С. Молор-Эрдэнийн үздэг шиг хариулт өгч, зогсоох байсан юм билээ.  

Мэдээж аж ахуйгаа сайжруулж чадаагүй иргэд алдсан мөнгөө нэхэж сууна.  Энэ бол найдваргүй хүлээлт. Одоогоор 58 орчим тэрбум төгрөг найдваргүй авлагад тооцогдож байна. Цаашид хэд болох юм, их наядаар алдаж эхэлвэл юу болох вэ. 

Бид улс төрчдийг онилж, онгироохоосоо илүүтэй алдаа завхарлыг арилгах чухал чухал ажлуудаа шуурхай, хариуцлагатай цаг хугацаанд нь хийдэг болчвол энэ мэт алдаа арилж, улсын эд баялаг аривжин дэлгэрч, нийтээрээ хохирохгүй болоод ирнэ.

Тусгай санд “тусгай” бодлого, зарчим тунхаг хэрэгтэй.

 

Нийтлэл бэлтгэсэн: Боржигон овогт Сандагдоржийн Эрдэнэбилэг; (Ph.D МУИС 08), МНБ, Бостоны их сургууль, Санхүүгийн инженерчлэл- зочин судлаач