Бүгд Найрамдах Турк Улсын нийслэл Анкара хот дахь Хажэтэпэ их сургуулийн Туркиат судлалын хүрээлэнд Монгол хэл, соёл судлалын төв байгуулах шийдвэрийг саяхан гаргав. Тус төвийн эрхлэгчээр тус хүрээлэнгийн судлаач, доктор Бүлэнт Гүл томилогдож байгаа бөгөөд тэрээр 2001-2002 онд МУИС-ийн Түрэг хэлний тэнхимд 1 жил ажилласан, монгол хэл мэддэг судлаач юм.

Уг төв нь магистр, докторын зэрэг горилж буй оюутнуудад монгол хэл заах, монголын түүх, соёлын судалгаа хийх, Туркт монгол судлалыг хөгжүүлэх, монгол судлаач нарыг бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулах ажээ.

БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор Б.Батхишиг Туркиат судалгааны хүрээлэнгийн захирал, профессор Юнус Коч тэргүүтэй эрдэмтэн, багш нарыг хүлээн авч уулзан, Монгол, Туркийн хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй хөх морин жилд Турк Улсад монгол судлалын анхны төв байгуулагдах болсонд ихээхэн бэлэгшээж, баярлаж буйгаа илэрхийлээд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яам Монгол судлалын шинэ төвийн үйл ажиллагааг дэмжиж, хамтран ажиллахын зэрэгцээ Монголын зарим их сургуулийн судалгааны төв болон Олон улсын монгол судлалын холбоотой түүнийг холбож өгөхөө амлав.

Элчин сайд Б.Батхишиг тус хүрээлэн болон Монгол судлалын төвийн эрдэмтэн багш нарт монгол зоог барьж, саяхан турк хэл дээр хэвлэгдсэн “Чингис хааны Монгол” хэмээх номыг дурсгав.

Хажэтэпэ их сургууль нь 40000  оюутантай Туркийн томоохон их сургуулийн нэг бөгөөд уг сургуульд энэ жил Монголын 19  оюутан суралцаж байна.