Эрдэнэт үйлдвэрийнхэн 40 жилийн ойн өдрөө тэмдэглэж байна
2018/12/14
Дөрвөн аравныг түүхийн шаштирт баринтаглаж, хөгжил дэвшлийн түүчээ болон манлайлж ирсэн Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн эхний ээлж ашиглалтад орсны түүхт ойн өдөр өнөөдөр тохиож байна. Тэртээх 1978 оны энэ өдөр буюу 12 сарын 14-ний өдөр Эрдэнэтийн овооны орд газрыг түшиглэн уулын баяжуулах үйлдвэр барьж байгуулах Монгол,Оросын Засгийн газар хоорондын хэлэлцээр бодит үйл хэрэг болж, анхны тээрэм эргэж эхэлжээ. Энэхүү бахархалт өдрийг тус үйлдвэрийн хамт олон утга төгөлдөр тэмдэглэж байна.
40 жилийн түүх гэрэл зураг, номын хуудсанд мөнхрөв
Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдрийн хүрээнд "Эрдэнэт үйлдвэр-Хөгжлийн түүчээ" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ. Эрдэнэтийн овооны эрэл хайгуулын үеэс эхлэн бүтээн байгуулалт, эрмүүн хөгжлийн үе шатыг гэрэл зургийн үзэсгэлэнд түүхчлэн багтаасан байна. Өөрөөр хэлбэл, тус үйлдвэрийн түүхэн хөгжлийг харуулсан 200 орчим гэрэл зураг, ном товхимол, баримт бичгүүдийг дэлгэн харуулав. Мөн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын анхны төрхийг өнөөгийн дүр зурагтай харьцуулсан гэрэл зургууд тавигдсан нь зочдын сонирхлыг ихэд татав. Үзэсгэлэнг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлэхдээ "Эрдэнэт бол Монгол улсын уул уурхайн салбарын эрчимтэй хөгжлийн тод жишээ билээ. Түүхийг түүх чигээр нь авч үлдэнэ гэдэг бахархалт үйл юм. Энд дэлгэгдсэн гэрэл зурагт, номын хэвлэлийн хуудсанд Эрдэнэтийн 40 жилийн түүх бүтнээрээ мөнхрөн үлдэж байна" гэсэн юм. Үзэсгэлэнгийн нээлтийн ажиллагаанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, үйлдвэрийн удирдлага болон хамт олны төлөөлөл оролцлоо.
Эрдэнэт үйлдвэр зөвхөн Эрдэнэтийн төдийгүй Монгол түмний бахархал юм
Жанжин Д.Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхт 40 жилийн ойн өдөрт зориулсан баярын хурал Уурхайчин соёлын ордны их танхимд болов. Баярын хурлын үйл ажиллагааг нээж, Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн үг хэлсэн. Тэрээр баярын үйл ажиллагаанд оролцож буй зочид төлөөлөгчид болон нийт уурхайчин хамт олонд баярын мэнд хүргэхийн ялдамд түүхт ойгоо ажил бүтээлийн арвин их амжилттай угтаж буйг тэмдэглэв. Мөн хурлын үйл ажиллагаанд Орхон аймгийн ИТХТ-ийн дарга П.Пүрэвлхагва, Монголын зэс корпорацийн ТУЗ-ийн дарга Д.Мөнхбаатар, ТУЗ-ийн гишүүн Д.Дэмбэрэл нар үг хэлж, баярын мэндчилгээ дэвшүүллээ. Эрдэнэтээр бахархаж, энэ өдөр баярлаж байгаа бүх хүнд Монгол улсын нэрийн хуудас болсон их бүтээн байгуулалтын бахархалт сайхан үйлсийг баярын мэндчилгээгээр дамжуулан тодотгон хэлсэн юм. Баярын хурлын үеэр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн шилдэг ажилтнуудад Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам болон төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал Академийн тэргүүлэгчдийн шийдвэрээр Эрдэнэт үйлдвэр ХХК-ийг Ю.Цэдэнбалын одонгоор шагнасныг гардуулав. Ойн баярын үйл ажиллагаа тус үйлдвэрийн Уурхайчин соёлын ордны уран бүтээлчид болон авьяаслаг уурхайчдын хамтарсан "Хайрлан жаргах эх орон" хүндэтгэлийн тоглолтоор үргэлжлэв.