Монгол Улсын Хөгжлийн Банкны Тэргүүн Дэд захирал Ч.Энхбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2018 ОН МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУВЬД ШИНЭ ХУУЛЬ БҮХЭЛДЭЭ ХЭРЭГЖСЭНХАРИУЦЛАГА, ХЯНАЛТ САЙЖИРСАН, ИЛ ТОД БАЙДАЛ НЭМЭГДСЭН, ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛЭЭС АНХ УДАА БИЕ ДААН ЭХ ҮҮСВЭР ТАТСАН БҮТЭЭЛЧ ҮЙЛ ЯВДЛААР ДҮҮРЭН ЖИЛ БАЙЛАА

 

 

- Сайн байна уу, Танд энэ өдрийн мэндийг уншигчдынхаа өмнөөс юун түрүүнд хүргэе. Монгол Улсын Хөгжлийн Банкны хувьд богц дүүрэн амжилттай жил өндөрлөж байна гэж харж байгаа. Энэ талаар яриагаа эхлэх үү.

Баярлалаа. Улиран одож буй 2018 оны хувьд манай байгууллага ганзага дүүрэн ажлын амжилттайгаар ирж буй 2019 оноо угтаж байна. Юун түрүүнд Монгол улсын эдийн засагт асар их дэмжлэг үзүүлсэн, гадаад талдаа нэр хүндээ бэхжүүлсэн, дотооддоо итгэл найдвараа улам бүр сэргээсэн оны онцлох үйл явдлаар олон улсын зах зээлээс Засгийн газрын баталгаагүй 500 сая ам.долларын санхүүжилт анх удаа босгосон багийн үйл ажиллагаагаа зүй ёсоор нэрлэхээр байна.10 дугаар сарын 16-ны өдөр олон улсын хөрөнгийн зах зээлээс 500 сая ам.долларын бондыг 5 жилийн хугацаатай, 7.25купонтой амжилттай арилжаалж чадсан нь олон улсын зах зээлийн мөчлөгөө сайтар мэдэрч цаг хугацааг тохируулж, нэг үгээр хэлбэл санхүүч, хөрөнгийн шинжээчдийн мэргэжлийн ур чадвараа батлан харуулсан манай банкны нийт хамт олны ажлын амжилт байсныг энд тэмдэглэн хэлж хамт олондоо Монгол улсынхаа хөгжил цэцэглэлт, эдийн засагт оруулж буй үнэтэй хувь нэмрээрээ үргэлж бахархан илүү хичээн ажиллахыг чин сэтгэлээсээ хүсмээр байна.

Бонд босгох нь манай улсын эдийн засагт тийм их хэрэгтэй байсан юм уу. Бондын өгөөжийг манай уншигчдад энгийнээр тайлбарлаад өгөхгүй юу. Босгоогүй бол ямар эрсдэлтэй нүүр тулах байсан бэ?

Тэгэлгүй яахав. Бонд босгох нь амин чухал хэрэгцээтэй байсан. Бонд гаргасанаар татсан эх үүсвэрийн хугацааг 1,6 жилээс 5 жил болгон уртасгах, өмнө татсан өндөр хүүтэй зээлийг төлж хүүгийн зардлаа бууруулсанаар аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хүүг бууруулах боломжтой болсон. Түүнчлэн бид энэ онд болон ирэх жил нийт 380 гаруй сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг гадна талд төлөх хувиартай байгаа бөгөөд бонд босгосоноор дотоодоос гарах валютын урсгалыг тэр хэмжээгээр хааж чадсан. Макро дүр зургаараа манай улсын эдийн засагт цус сэлбэж, валютын нөөцийн хэмжээг нэмэгдүүлж, улс төрийн үр дагавараас бусад ханшийн хэт хэлбэлзлийг бууруулах гээд олон боломжийг эдийн засагт авчирсан. Шууд бус өгөөжийн тухайд манай улсад болоод хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд олон улсын хөрөнгө оруулагчдын зүгээс итгэх итгэл сул байгаа өнөө үед бонд арилжаалж, доогуур хүүтэй эх үүсвэр бүрдүүлсэн, хөрөнгө оруулагчдын захиалга эрэлтээс 8 дахин давж биелсэн зэрэг нь Улсад болоод дотоодын аж ахуй нэгжүүдэд гадаад зах зээлээс хөрөнгө босгоход эерэгээр нөлөөлөхүйц жишиг хэлцэл болсон гэж бид дүгнэж байгаа.

Дараагийн онцлох ажлуудын талаар, нийт хэдэн төгрөгний санхүүжилтийн дэмжлэг үзүүлээд байна вэ? Эдийн засагт ямар өгөөж өгөв?

Өмнөх бондуудын зарцуулалттай холбоотой гашуун туршлагууд бидэнд бий. Эдийн засгийн үр ашгаа урт хугацаанд өгөх дэд бүтцийн ажлуудыг арилжааны зээлээр санхүүжүүлсэнээс болж зээлийн чанар муудаж, бондын эргэн төлөлт хийхэд хүндрэл үүссэн. Одоо ч  сөрөг үр дагавар нь арилаагүй л байна. Бид сүүлийн 2 жил хүрэхгүй хугацаанд 2 их наяд төгрөгийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлүүлээд байна. Үүний үндсэн дээр 2017-2018 онд нийт 860 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг шаардлагатай төсөл хөтөлбөрт олгоод байна.  Тухайлбал, газрын тосны үйлдвэрийн төсөл, Дулааны IV цахилгаан станцын 1-4 турбины өргөтөл, шинэчлэлтийн төсөл, Засгийн газраас баталсан ноолуур, алт хөтөлбөр, гэр хорооллын дахин төлөвлөлт болон шинэ суурьшлын бүсийн барилгын төслүүд, газар тариалангийн техникийн шинэчлэл гэх мэт улс орны нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж байна.  Тодруулж хэлэхэд, Хөгжлийн банкнаас  санхүүжигдэж буй төсөл, хөтөлбөрүүд бүгд арилжааны шинжтэй бөгөөд төслийн орлогоос эргэн төлөгдөх боломжтой, барьцаа баталгаагаар хангагдсан санхүү, эдийн засгийн үр ашигтай төслүүд гэдгийг онцлон хэлмээр байна.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар манай банк нийт 4.4 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Зээлийн багц 2.6 их наяд. Татварын дараах ашиг 79 тэрбум орчим төгрөгт хүрчихсэн. Чанаргүй зээл 8,2 хувьтай байна. Өөрийн хөрөнгийн хүрэлцээ биднийг авах үе буюу 2016 оны 9 сард  3.9 хувьтай байсан бол энэ сарын байдлаар 31 хувьд хүрчихээд байна.  Банкны санхүүгийн үзүүлэлтүүд бүхэлдээ сайжирсан. Мөн зээл олгох, зээлийн шийдвэр гаргах үйл явц ил тод болсон.  Бид санхүүжилтын хүсэлтээ цахимаар авдаг болсон.  Экспорт руу чиглэсэн, мөн импортыг орлох томоохон төслийг Монгол Улсын Хөгжлийн банкны хуулийн шаардлага, зээлд тавих шалгуур үзүүлэлтийг бүрэн хангаж байгаа бол санхүүжүүлэх нь нээлттэй болсон.

Та түрүүнд яриандаа хөрөнгө оруулалтын томоохон санг дэргэдээ байгуулан олон улсын жишгээр үйл ажиллагааг явуулах бэлтгэл ажлууд бүхэлдээ хангагдсан гэж байсан. Энэ талаар?

Санхүүгийн салбарыг тэнцвэртэй хөгжүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих, төслийн санхүүжилтийн механизмыг бий болгох чиглэлд Хөгжлийн банкны зүгээс хийсэн томоохон алхам бол Ди Би Эм Ассет менежмент охин компанийг үүсгэн байгуулсан явдал юм. Одоогоор үйл ажиллагааны цар хүрээгээ өргөжүүлэж тодорхой салбарууд руу чиглэсэн хэд хэдэн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах ажлууд эхлэлээ тавиад байна. Тухайлбал, ирэх жилээс нийслэлийн утааг бууруулах зорилтын хүрээнд “Орлогод нийцсэн орон сууц, хотын шинэчлэл” нэртэй 570 сая ам.долларын төслийг Азийн хөгжлийн банк, Сангийн яамтай хамтран хэрэгжүүлэхэд зориулж Ногоон санг байгуулан ажиллах бэлтгэл ажлуудыг хангаад явж байна. Эхний ээлжинд ирэх жил тус санд 75 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх болно.

Хөгжлийн банкны хоёр дахь охин компани Ди Би Эм лизинг ХХК-ийн үйл ажиллагаа хэдийнээ жигдэрч эдийн засагт, хөдөө аж ахуй, уул уурхайн салбарт өгөөжөө өгөөд эхэлсэн. Тухайлбал, Атрын -3 аяны үргэлжлэл болох хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх чиглэлдОХУ-ын Внешэконом банкны 20  сая ам.долларын зээлийн эх үүсвэрээр 840 гаруй техник, хэрэгслийг оруулж ирэн 230 гаруй тариалан эрхлэгч иргэд, аж ахуйн нэгжид түрээсээр олгоод байна.

ШИНЭ ТУТАМ АЖ АХУЙН НЭГЖИЙГ ДЭМЖИХЭЭС ИЛҮҮТЭЙ САЛБАРТАА БАЙР СУУРИА БЭХЖҮҮЛЧИХСЭН, ТУРШЛАГАТАЙ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭЭ ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД АМЖИЛТТАЙ ГАРГАХАД ДЭМЖИХ НЬ ЮУН ТҮРҮҮНД ЧУХАЛ БАЙНА ГЭЖ БИД ХАРЖ БАЙГАА. ЦАГ ХУГАЦАА ХЭМНЭЖ ҮР ДҮН ХУРДАН ГАРНА

Экспортыг дэмжсэн, гаднаас валют оруулж ирэх төсөл хөтөлбөрөө түлхүү дэмжээд байна уу гэж харагдаж байгаа?

Бид 2017 оны 4 дүгээр сараас эхлэн шинээр батлагдсан Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн хүрээнд бодлого журамаа шинэчилэн үйл ажиллагаагаа явуулж байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Хуулийн шинэчлэлийн хүрээнд нийт санхүүжилтын 60-аас доошгүй хувийг экспортыг дэмжих төсөл хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулах учиртай. Бид шинэ хуулийн шаардлагыг ханган ажиллаж байгаа бөгөөд экспортыг дэмжсэн, импортыг орлосон төсөл хөтөлбөрийг илүү санхүүжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, Засгийн газраас баталсан Ноолуур хөтөлбөрт Хөгжлийн банк энэ онд 200 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шууд болон арилжааны банкаар дамжуулан олгосон. Ер нь зээлийг яг үйлдвэрлэл явуулж байгаа эзэнд нь хүргэхийн тулд бид нэлээн нарийн шалгуур, шаардлага тавьж зээлийг зориулалтын дагуу хэсэгчлэн хяналттай олгодог болсон. Энэ жилийн ноолуур хөтөлбөрийн санхүүжилт 100 хувь эзэндээ очсон.  Ер нь ноолуур гэлтгүй өнөөдөр Хөгжлийн банкнаас хэн нэгэн дарга цэргийн хүн болсон болоогүй төсөл зохиогоод зээл авах, эсвэл шийдвэрлүүлсэн зээлээ бөөн дүнгээр нь авах, зориулалт бусаар ашиглах боломжыг бид хууль, дүрэм, зээлийн бодлого, журам, шийдвэр гаргах механизм, дотоод дараалсан хяналтаар бүрэн хааж өгч байгааг тэмдэглэн хэлмээр байна.

Ирэх жил ноолуур хөтөлбөрийн 2 дахь шатны санхүүжилтэнд зориулж Хөгжлийн банк 300 тэрбум төгрөгийг олгох төлөвлөгөөтэй байна. Түүнчлэн ноолуурын бизнесийн циклтэй нь уялдуулж зээлийн хүсэлтийг 11 сарын сүүлээс хүлээж аваад эхэлсэн. Эхнээсээ компаниуд цахимаар хүсэлтээ оруулаад явж байна. Мөн бид дээрх хөтөлбөртэй ижил хөдөө аж ахуйн бусад чиглэлийн экспортын үйлдвэрлэлийг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Тодруулж хэлбэл,  ирэх жил бидний  хувьд экспортыг дэмжсэн жил байх болно.

Энд нэг зүйлийг онцлоход шинэ тутам аж ахуйн нэгжийг дэмжихээс илүүтэй үйл ажиллагаа нь тодорхой хэмжээнд тогтворжсон, туршлагатай аж ахуйн нэгжүүдээ олон улсын зах зээлд амжилттай гаргахад дэмжих нь юун түрүүнд чухал байна гэж бид харж байгаа. Цаг хугацаа хэмнэж үр дүн хурдан гарна.

4 ЖИЛИЙН ХУГАЦААНД ГАНЦХАН УДАА ХЯНАЛТ ШАЛГАЛТ ОРСОН БАЙСАН БОЛ ОДОО ЖИЛДЭЭ 3-4 БАЙГУУЛЛАГЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТ ТОГТМОЛ ОРДОГ БОЛСОН

Хуулийн шинэчлэлийн хүрээнд одоо явуулж буй үйл ажиллагаанд ямар өөрчлөлт боломжууд бий болов. Өмнөх хуулийн орчин сул байсан гээд байдаг. Үүнээс болоод үйл ажиллагаанд нь эрсдэл гарсан юм болов уу?

Би өмнөх хуулийг муу сайн гэж хэлэхгүй. Тухайн үеийн Засгийн газар болон УИХ-ын гишүүд оюун бодлоо уралдуулж хуулийг хэлэлцэн баталсан байх. Мэдээж энэ хуулийг хэрхэн хэн хэрэгжүүлэх вэ гэдгээс хамаарч хуулийг бүрэн хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргах, цоорхой үүсгэх, эрх мэдлээ хэтрүүлсэн буруутай үйл ажиллагаанаас болж Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдсон гэж харж байгаа.  Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсан. Энэ хугацаанд 2014 онд л Үндэсний аудитын газраас нэг удаа шалгалт хийсэн байдаг юм.  Өөр шалгалт огт орж байгаагүй. Монголбанк, Засгийн газраас ч хяналт тавьдаггүй байсан юм билээ. Дотоод аудитын газар ч байхгүй 2012 онд байгуулаад татан буулгасан байдаг. 2014 оны сүүлээр дахин байгуулсан ч байгаа байхгүй нь мэдэгддэггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байсан.  Шинэ хууль хэрэгжиж эхэлснээр бид хяналтыг хэд дахин нэмэгдүүлсэн. Жил болгон олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар хийлгэдэг санхүүгийн нийцлийн аудитаас гадна Монголбанк, Үндэсний аудитын газар, Засгийн газар хуулийнхаа хүрээнд тогтмол хяналт тавьдаг болсон.  Энэ онд  Монголбанк, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газар, Татварын ерөнхий газар зэрэг байгууллагууд шалгалтаар орж ирсэн. Жилд дундажаар 3-4 газар шалгалт хийж байна.  Мөн манай ТУЗ-ийн дэргэдэх Дотоод аудитийн албаны үйл ажиллагаа жигдэрч тогтмол хяналт, шалгалт хийдэг болсон. Бид ч банкны үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, шинэ стандартууд нэвтрүүлэх, улам сайжруулахаар ажиллаж байна.

Хуулиасаа давсан шийвэрүүд гаргаж байсан учраас банкийг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэсэн гэж ойлгож болох уу. Ямар банк хүлээж авч байсан бэ?

Анх банкны ажлыг хүлээж авахад нийгэмд гарч буй шүүмжлэлтэй адил хэмжээнд байсан. Банкны санхүүгийн зохистой харьцаа алдагдчихсан, Үүнээс  болж гаднаас татсан эх үүсвэрүүд хугацаанаасаа өмнө татагдах зэрэг олон эрсдлүүд бий болсон байсан. Ганц нэг тоо баримтыг хэлэхэд 2016 оны дугаар улирлын үзүүлэлтийг авч үзэхэд өөрийн хөрөнгийн хүрэлцээ 10-аас доошгүй байх ёстойгоос 3.9 хувьтай л байсан. Чанаргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ, зээлийн багцынхаа 70 гаруй хувийг давчихсан. 130-140 тэрбум төгрөгийн алдагдалтай банк хүлээж авсан. Ийм том эрсдэлд орчихсон банк дампуурахад бэлэн болчихсон байсан. Мэдээж шинэ удирдлагын баг энэ байдлыг засахын төлөө ажилласан. Юуны түрүүнд эхлээд хууль эрхзүйн орчныг сайжруулах хэрэгтэй байлаа. Нөгөө талаас яаралтай шуурхай баланс дээр зохицуулалт хийх, зээлийн багцыг сайжруулах, хугацаанаасаа өмнө татагдах эрсдэлтэй эх үүсвэрүүдийн талаар гаднын банк, санхүүгийн байгууллагуудтай яриа хэлцэл хийх гэх мэтчилэн шат дараатай арга хэмжээг цаг алдалгүй авсны үр дүнд нөхцөл байдал өнөөдрийн эерэг түвшинд хүрсэн. Тухайн үед Засгийн газар, УИХ маш сайн ойлгож дэмжсэн. Үүний үр дүнд 2016 оны 12 дугаар сарын 28-нд УИХ-ын 81 дүгээр тогтоол гарч улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэй 3.2 наяд төгрөгийн 350 гаруй төсөл, хөтөлбөрүүдийг Сангийн яам болон холбогдох яамд уруу шилжүүлсэн. Энэ тогтоолоор мөн Хөгжлийн банкны өөрийн хөрөнгийг нэг их наядаар нэмэгдүүлсэн.   УИХ үүнээс хойш 2 сарын дараа Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулыг баталж өгсөн билээ.

Өмнө танай банктай холбоотой олон асуудлууд нийгэмд гарч байсан. Сүүлийн үед ЖДҮ гэж  асуудал олон түмнийг, бизнес эрхлэгчдийг маш их бухимдуулж байна. Өмнөх зээлүүдийн эргэн төлөлт хэр байгаа вэ, хэрэг төвгүүд нь шийдэгдэж байна уу?

2016 онд Засгийн газраас Хууль зүйн дэд сайд Б.Энхбаяраар ахлуулсан ажлын хэсгийн шалгалтын мөрөөр авах арга хэмжээг банкны зүгээс бүрэн дүүрэн авсан. Шалгалтаар илэрсэн бүх зөрчлүүдийг АТГ болон хуулийн байгууллагад шилжүүлсэн. Бид хууль, хяналтын байгууллагад шаардлагатай бүх материалыг цаг тухайд нь шуурхай гаргаж өгч байгаа. Гэм бурууг тогтоох нь хуулийн байгууллагын ажил тул одоо ямар шатанд байгааг хэлж мэдэхгүй байна. Би түрүүн хэлсэн дахин хэлэхэд сүүлийн 2 жилд 2 их наяд төгрөгийн зээлийг төлүүлсөн. Асуудалтай зарим зээлүүдийг хуулийн байгууллагатай хамтран ажиллаж төлүүлж байна. Бид арилжааны банкуудаар дамжуулан олгосон 1600 гаруй төслийг өөрсдийн хүн хүчний бололцоонд тулгуурлан шалгаж байгаа бөгөөд 13 банкнаас 11 банкийг шалгаж дуусаад байна. Үлдсэн 2 банкин дээр шалгалт эхлээд явж байна. Одоогоор 180 орчим тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн. Зээлээ зориулалт бусаар ашигласан, төслөө хэрэгжүүлээгүй, зээлдэгч аж ахйн нэгж зээлээ төлсөн байхад банк бидэнд төлөхгүй голд нь эргэлдүүлж байх гэх мэт зөрчлүүд шалгалтаар илэрсэн.  Гарсан зөрчлүүдийг дахин гаргахгүй байх зохицуулалтуудыг дотоод журам, зээлийн гэрээ, шинэ хэрэгжүүлэх хөтөлбөрт нарийн тусган оруулж байгаа.  Би түрүүн хэлсэн манай шинэ хуулийн зээлд тавих шаардлага өндөр болсон, банкны бодлого журамаар тавигдсан бүх шаардлагуудыг бүрэн хангасан аж ахуйн нэгж зээл авах боломжтой болсон болохоор зүгээр нэг цаасан дээр хэдэн юм бичээд дарга цэргээр нөлөөлүүлж зээл авах боломжгүй болсныг дахин хэлье. Энэ ч зарим хүмүүсийн дургүйцэл, эрх ашгийг хөнддөг байх. Хуулийн шаардлага тавьсан манай ажилтануудыг гүтгэх, бидний үйл ажиллагааг буруутгах,  банкны нэр бүхий хүмүүсийн нэрийг барьж залилах, буруу ташаа мэдээлэл санаатай тараах явдал гардаг. Тухай бүр нь бид дотоод ёс зүйн хороо болон хуулийн байгууллагад хандаж шалгуулж үнэн мөнийг тогтоолгодог.

Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр Монгол улсад хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр танайд хамаарч байгаа юу?

Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтраад өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Энэ нь манай банкны үйл ажиллагаанд тодорхой хязгаарлалт, нөхцөлүүд тавигдсан. Тодруулж хэлбэл, эх үүсвэр татах тал дээр, зээлийн багцын өсөлт дээр, төсвийн шинжтэй төсөл хөтөлбөр санхүүжүүлэхгүй байх гэх мэтчилэн манай банкны үйл ажиллагааны цар хүрээг тодорхой хэмжээгээр хумьж өгсөн байгаа. Тухайлбал эх үүсвэр татахад тавигдсан хязгаарлалтыг дэлгэрүүлж хэлбэл, нэгд, зөвхөн өмнө татсан эх үүсвэрээ эргэн төлөх тохиолдолд гаднаас шинээр эх үүсвэр татаж болно. Хоёрт, 20 жилээс дээш хугацаатай 2 хувиас бага хүүтэй хөгжлийн  урт хугацааны зээл авахаар бол хязгаарлалтанд орохгүй. Эх үүсвэр татсан тохиолдолд Засгийн газрын оролцоо, баталгаагүйгээр татах. Тэрнээс бусад 5 юм уу 10 жилийн хугацаатай арилжааны хүүтэй эх үүсвэр татах боломжгүй болгосон. Ийм нөхцөлд үйл ажиллагаагаа зохицуулан Хөгжлийн банк сүүлийн 2 жил олон улсын банк санхүү, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

Дэлгэрэнгүй ярилцсанд баярлалаа.

Сэтгүүлч С.Оюун

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2018.12.17