ЦЭЦЭРЛЭГИЙН 180 ХҮҮХЭД ШИНЭ ХӨНЖИЛ ГУДАСТАЙ БОЛОВ
2018/09/06
Өнөөдөр Дэлхийн зөн Монгол Олон Улсын байгууллагын Сэлэнгэ орон нутгийн хөтөлбөрөөс Сүхбаатар сумын 4 дүгээр цэцэрлэгийн 180 хүүхдэд хөнжил, гудас, халбага сэрээ, дэвсэх хивсийг хүлээлгэн өглөө.
Өнгөрөгч 7 дугаар сард болсон хүчтэй аадар борооны улмаас 4 дүгээр цэцэрлэгийн 1 байр тэр чигтээ үерт автаж ихээхэн хэмжээний хохирол учирсан. Цэцэрлэг энэхүү хохиролыг УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Аймгийн Засаг дарга Ш.Оргил, эцэг эхчүүд, сайн санаат олон хүмүүсийн хүч дэмээр арилгаж, хүүхдүүдээ цаг хугацаанд нь хүлээн аваад байна.
Үерт авсан байр тус цэцэрлэгийн 5 бүлгийн 180 хүүхдийг хүлээн авах хүчин чадалтай аж. Өнөөдөр энэхүү 5 бүлгийн 180 хүүхэд шинэ хөнжил, гудастай боллоо. Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг нийт 280 хүүхэдтэйгээр 2018-2019 оны хичээлийн жилд сургалт хүмүүжлийн ажлаа эхлүүлж байна.