“СЭЛЭНГЭ УРГАЦ-2018” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЭХЭЛЛЭЭ
2018/09/17
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн төв Сүхбаатар сумын Партизаны талбайд “Сэлэнгэ ургац-2018” баялаг бүтээгчдийн үзэсгэлэн худалдаа амжилттай эхэллээ. Баялагийг өөрсдийн гараар бүтээн ар гэр ахуй амьдралаа өөд татаж, хэдэн арван хүнийг ажлын байраар хангаж байгаа өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ зах зээлийг тэлж борлуулалтыг дэмжих үүднээс аймгийн удирдлагын баг энэхүү үйл ажиллагааг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг.
Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулж байгаа энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд 17 сум, 6 тосгоны 150 гаруй баялаг бүтээгчид 60 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцож борлуулалт хийлээ.
Аймгийн удирдлагын багаас ногоочдынхоо нийслэл Улаанбаатар хотод борлуулалт хийх боломж нөхцлийг нийслэлийн ЗДТГ-тай хамтран амжилттай бүрдүүлээд байгаа. Цаашид ногоочдыг ганц нэгээр бус хоршоо бүлгэм хэлбэрт нэгтгэн сум бүрт зоорь барихад дэмжлэг үзүүлж ажиллахаар зорьж байна.
Сэлэнгэ аймгийн ногоочид Улсын хэмжээний төмс, хүнсний ногооны 40 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг давуу талтай. Үзэсгэлэн худалдаа маргааш мөн үргэлжлэн явагдана.