XXI зуун бол мэдээ мэдээлэл, технологийн эрин үе. Тиймээс ч бидний амьдрал цахим орчин, гар утас, интернетийн хурдгүй бол төсөөлөхөд бэрх. Техникийн дэвшил хөгжлийг дагаад нийгэмд хамгийн хэрэгцээтэй мэргэжлийн нэг нь IT инженер болжээ.

Тэгвэл олон улсад IT инженерт байх ёстой зургаан чадамжийг судалгааны үндсэн дээр гаргасан байна. Үүнийг хүргэе.

IT инженерүүдэд заавал эзэмших ёстой мэдлэг, шаардлагатай техник технологийн, ур чадвар гэж бий. Хэдийгээр онолын мэдлэгээ их, дээд сургуулиас авдаг ч ажлын талбарт гараад сайн инженер болохын тулд өөрийгаа хөгжүүлэх нь хамгийн чухал аж. Тиймээс ч олон улсын эрдэмтэд зөвлөмж гаргажээ.

 

1. Мэргэжлийнхээ уг үндэс, зорилгыг тодорхойл

 

Амьдрал дээр хүн бүхний заавал эзэмших ёстой чадварын нэг нь хийж байгаа зүйлийнхээ агуулга, мөн чанарыг ойлгох юм. Тиймээс  IT-ийн мэргэжил сонгосон залуус эхлээд IT инженер гэж ямар хүн болох, ажлын талбарт гараад яг юу хийх вэ гэдгээ судалсан байх нь хамгийн чухал. Эдгээр зүйлсээ тодорхойлж чадаагүй хүн юу хийхээ мэдэхгүй, эцэст нь сонгосон мэргэжил нь дарамт болох нь бий. Үүнээс болж стрессдэж, ажлын чанар мууддаг. Ялангуяа Монголд IT инженерийн мэргэжил, тэд юу хийдэг ажил үүргийн талаарх ойлголт дутмаг, зөрүүтэй байдаг. Энэ шалтгааны улмаас  удирдах албан тушаалтан болон ажилтан хоёрын дунд үл ойлголцол үүсэх нь түгээмэл. Тиймээс энэхүү чадварыг сайтар эзэмшиж хийж буй зүйлийнхээ мөн чанарыг тун сайн ойлгож сураарай.

 

2.Сэтгэн бодох чадвараа хөгжүүл

 

Сэтгэн бодох үйл ажиллагааны тодорхой арга барил, хандлагыг сэтгэлгээ гэнэ. Хүний сэтгэлгээний хэв шинжийг логик ба бүтээлч гэж хоёр ангилдаг. Бүтээлч сэтгэлгээ хайрцагнаас гадуур шинийг сэтгэх, аливааг өөрчлөлт, шинэчлэлтэйгээр харахад тусалдаг бол логик сэтгэлгээ IT инженер хүнд хамгийн хэрэгтэй аж.  Учир нь логик сэтгэлгээ нь мэдэгдэж буй баримт, өгөгдлүүдийг дэс дараалалд оруулах үүрэгтэй. Үүнээс гадна аливааг  эмхлэн цэгцлэх, задлан шинжлэх замаар мэдээлэл олж авах, , нягтлан шалгах, эргэлзэх замаар алдаа дутагдлыг илрүүлэх гээд олон талын ач холбогдолтой юм байна. Хэрэв та IT инженер болох гэж зорьж байгаа бол хамгийн эхэнд сэтгэн бодох чадвараа л хөгжүүл.

 

3. Өөрийгөө  бусдад зөв ойлгуулж сур

 

Энэ чадамж мэргэжлийн онцлогоос шалтгаалж харилцан адилгүй байх нь бий. Учир нь инженерээр сурч буй хүүхдүүдэд хэл яриа, илтгэх ур чадварын хичээлүүд бага ордог. Тиймээс өөрийгөө зөв ойлгуулах тал дээр дутмаг байдаг ажээ. Уг нь олон улсын стандартад инженер хүн ярих, өөрийгөө ойлгуулах чадвар дээд зэргийн байх ёстой гэж заасан байдаг. Учир нь тэд удирдах албан тушаалны хүмүүс. Мөн мэргэжлийн үг хэллэгийг байнга хэрэглэснээс, мэдээллийн технологийн талаарх үгсийн монгол орчуулга дутмаг байдгаас шалтгаалж өөр мэргэжлийн хүмүүст өөрийн ажил үүргээ ойлгуулахад хүндрэл учирдаг. Гэхдээ үүнийг та өөрөө л засч чадна.  Ялангуяа удирдлагадаа төлөвлөж буй ажил, хүрэх үр дүн, учирч болох эрсдэл, хийж гүйцэтгэхэд шаардлагатай төсөв, сургалтын хэрэгцээ зэргийг зөв тодорхой танилцуулан шийдвэр гаргуулах, дэмжлэгийг нь авч сурах хэрэгтэй. Үүний тулд одооноос бусдад өөрийгөө зөв ойлгуулах, ярих дадлыг өөрийн болго. Америк болон Японд мнженерээр сурч буй хүүхдүүдэд заавал илтгэх урлагийн хичээл ордог аж. Энэ нь ажлын байран дээр гарсны дараа бусдыг манлайлах, олон нийтэд санаагаа эелдэгээр ойлгуулахад хамгийн их хэрэг болдог тухай судалгааны үр дүн харуулсан байна. Улмаар мэдээллийн технологийн төсөл хэрэгжүүлэхэд багаар ажиллах шаардлагатай. Тиймээс багийн гишүүдэд төслийнхөө зорилго, зорилтууд, хийх ажлууд, үүрэг хариуцлага, явц, шийдвэрлэх асуудлууд зэрэгтэй холбоотой харилцаанд энэ ур чадвар танд зайлшгүй хэрэг болно.

 

4. Шинийг эрэлхийлдэг бай

 

Мэдээлэл, технологитой уралдсан энэ зуун бидэнд асар их боломжийг олгохын зэрэгцээ асар их эрсдэлийг авчирдаг. Бидний мэдлэг хэзээ ч ханадаггүй. Хүн хүсвэл хэзээ ч сурч дуусахгүй. Тэр дундаа мэдээллийн технологийн мэргэжлийг эзэмшсэн та хэзээ ч хойш сууж, мэдээллээс хоцрох эрхгүй юм. Тиймээс хэрэв та сайн IT инженер болъё гэж хүсвэл үргэлж шинийг эрэлхийлдэг бай. Учир нь цахим ертөнц биднээс нэг алхам түрүүлж байна. Цаг минут өнгөрөх тутамд шинэ технологийн дэвшилтэй та нүүр тулна. Тиймээс цаг үеэсээ хоцрохгүй, ажлын талбарт гологдохгүйн тулд танд шинийг эрэлхийлдэг, хөдөлмөрч чанар хэрэг болно.

 

5. Суралцах арга барилаа дээшлүүл

 

Суралцах арга барилыг сайн эзэмшиж чадсан инженер ажлын бүтээмжээрээ бусдаас нэг алхам илүү байх болно. Ялангуяа IT инженерт.  Хүн хүсвэл ажлаа хийж байхдаа амарч, боловсорч чаддаг. Энэ чадвараа нээж, өөрийгөө дайчилж чадахгүй хэзээ нэгэн цагт сурах зав гарахыг хүлээнэ гэдэг хамгийн буруу. Тиймээс IT инженер та хаанаас, яаж л сурах, өөрийгөө хөгжүүлэх боломж байна, түүнийг хай. Ялангуяа мэргэжлийн онцлогоо ашиглаад цахим орчноос хичээл захиалж болох юм.

 

6. Хэлний мэдлэг зайлшгүй хэрэгтэй

 

IT инженерүүдийн ажлын багаж нь англи хэл юм. Учир нь мэргэжлийн үг хэллэгүүд бүгд англи хэл дээр байдаг. Тиймээс та хэлгүй бол энэ салбарт амжилт гаргахад хэцүү.  Олон хэл мэддэг байхын хэрээр таны боломж нэмэгдэнэ гэсэн үг.

 

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин