Натураль гоо үзэсгэлэнгээ олж нээцгээе
2014/02/14
Нэг л сайхан хөнгөн, өөртөө итгэлтэй, үзэсгэлэнтэй гэдэгтээ огт эргэлзээгүй тийм мэдрэмжийг санаж байна уу? Нүүрээ будаад л авчихаж болох мэдрэмж байж магад ч, огт будаггүйгээр өөрийгөө бурханы төгс бүтээл гэж бодон дотроосоо гэрэлтэн инээмсэглэх цаанаа л өөр.
1. Хамгийн чухал зүйл бол арьс. Арьс арчилгаанд энгийн хэрнээ маш чухал нөлөө үзүүлдэг гурван зүйл л бий. Эдгээр нь нойр, цэвэрлэгээ мөн ус юм. Юуны түрүүнд маш сайн унтах хэрэгтэй. Орой унтахын өмнө нүүрээ сайн цэвэрлэж, элдэв зүйл бодолгүй сайн унтаж амраад өглөө нь босоход арьс цаанаасаа л гэрэлтэж, будгийн шингэц ч хамаагүй сайн байдаг. Хоногт доод тал нь заавал 8 цаг унтаж байгаарай.
Өөрийнхөө арьсад тохирохуйц арьс арчилгааны бүтээгдэхүүнээ олж авах хүртэл олон төрлийн бүтээгдэхүүн хэрэглэж үзэх хэрэг гарна. Гэхдээ битгий шантраарай. Мөн хэзээ ч будагтайгаа унтаж болохгүй шүү. Хонгор минь өөрийгөө битгий хуураарай.
Ус бол арьсанд төдийгүй биеийн эрүүл мэндэд маш тустай. Өдөрт доод тал нь 8 аяга буцалсан цэвэр ус уух нь зөв. Ажил дээрээ 1 эсвэл 1.5л багтаамжтай усны сав авчраад түүндээ ус дүүргэж аваад ажилаа хийнгээ уугаад бай. Нэг их цангаагүй хирнээ компьютер дээр суунгаа усаа уухад сав чинь нэг мэдэхэд л хоосрох болно. Хэрвээ үүнийг өдөр бүрийн хэвшил болгож чадвал арьс чинь аажимдаа эрүүлжэх болно.
2. Сайхан инээмсэглэл. Инээмсэглэл хэзээд хүнд сайн сайхныг авчирдаг гайхамшигтай эд шүү. Сайхан инээмсэглэлийн чухал хүчин зүйл болсон шүд чинь өөгүй сайхан байвал илүү дур булаам байх болно.
- Хоол идсэнийхээ дараа үргэлж шүдээ цэвэрлэж бай.
- Чихэрлэг, жимсний ундаанууд шүдийг өнгөртүүлэх нь элбэг. Ийм үед гуурс хэрэглэж заншаарай.
- Байгалийн шүд цэвэрлэгч бүтээгдэхүүнүүд, тухайлбал гүзээлзгэнэ, лимон, ногоон алим, түүхий ногоо зэргийг байнга хэрэглэ.
- Чихэргүй бохь зажла.
- Кофе, цай, улаан дарс, кола зэргийг аль болох бага хэрэглэж байгаарай. Ер нь сахарын хэрэглээг багасгаад ирэхээр, аяндаа хэт их чихэртэй зүйлсэд бие чинь мэдрэг болж эхэлнэ. Гэхдээ энэ нь муу биш, зүгээр л аль нь эрүүл мэндэд мууг бие чинь ялгадаг болж байна гэсэн үг.
3. Удаан тогтоцтой будаг сонго. Хэт их будах тусам арьсны байгалийн гэрэлтэгч, залуу шинж бүдгэрдэг. Сормуусны будаг, уруул өнгөлөгч хоёроос өөр юу ч хэрэглээгүй үзэсгэлэнт бүсгүйг толинд нэг хар даа. Хичнээн хөнгөн, ялдам бөгөөд натурал харагдаж байна? Будаг хэрэглээд бүр сурчихсан бол арай багасгах зөвлөмж хүргэе. Юуны түрүүнд усны болон бохирдлоос хамгаалалт сайтай будаг хэрэглэх нь зүйтэй. Крем пудр хэрэглэхгүй л бол болохгүй байвал багс хэрэглээрэй. Бага кремийг жигд тарааж, сайн шингээдгээрээ давуу талтай. Мөн чиний нүүрний хэлбэр төрхийг хамгийн сайн тодотгож өгдөг хөмсгөндөө онцгой анхаарал хандуул. “Хөмсөгний энгэсэг” хэмээх зориулалтын будаг авч хэрэглэвэл хөмсгөө будсаны дараа илүү цэвэрхэн төрөлхийн мэт харагддаг. Хөмсөг, уруул, сормуус зэрэг бусдаасаа тод харагддаг хэсгүүдээ илүү их тодрулаад, өөгөө бага зэрэг дарчихсан байхад л чи өдөр тутамдаа хичнээн үзэсгэлэнтэй харагдах нь төсөөлөгдөж байна.
Өнгөрөн одох хором бүрт л өөрийгөө сайхнаар мэдэрдэг эмэгтэй хамгийн аз жаргалтай, өөртөө итгэлтэй байдаг байх. Харин тийм байхын тулд заавал их будаг, чамин хувцас, акссесуар хэрэггүй. Харин харах өнцгөө өөрчлөөд, өөрийгөө байгаагаар нь хайрлаж, эрүүл байхад л хангалттай.