Ю.Эрдэнэтуяа: Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн тухай баримтат кино хийнэ

Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн арга хэмжээг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх талаар “Хичээнгүй сайд сан”-гийн тэргүүн Ю.Эрдэнэтуяатай ярилцлаа.

-Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд ямар арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна вэ?

-Олноо хичээнгүй сайд хэмээн алдаршсан Ерөнхий сайд асан Б.Цэрэндоржийн мэндэлсний 150 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн арга хэмжээнүүд эхэлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 25-нд түүний мэндэлсэн өдөр тохиож, Алтан өлгий дэх шарилд нь Засгийн газрын комисс болон төрөл төрөгсөд нь хүндэтгэл үзүүлсэн. Хичээнгүй сайд одоогийн нэршлээр Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан багийн харьяат. Дэлгэрхаан суманд байх хичээнгүй сайдын хөшөөнд өнгөрсөн тавдугаар сарын 28-ны өдөр сумын удирдлагууд болон төрөл төрөгсөд нь цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлсэн. Мөн Хэрлэнбаян-Улааны Бэрстийн аманд байрлах өөрийнх нь төрсөн газар, бууцан дээр нь дурсгалын танилцуулга самбар байрлуулсан. Ингэснээр түүний алдар гавьяаг мөнхжүүлэх, үр хойч үед хийсэн бүтээснийг нь сурталчлах арга хэмжээ болсон. Түүнчлэн Дэлгэрхаан суманд хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн нэрэмжит найман жилийн сургууль байдаг. Тус сургуулийн багш, сурагчид өөрсдийн мэдэх үүх, түүхээс сэдэвлэн бүтээлийн үзэсгэлэн гаргасныг үзлээ. Хичээнгүй сайд бол маш нягт нямбай, бичгийн түшмэл хүн байсан. Энэ утгаараа хүүхэд багачуудын дунд  “Цүнхний эмх цэгц”, “Гоо бичигтэн” сэдэвт уралдаан зохион байгуулсан нь бидний сэтгэлд туйлын их хүрсэн.

-Үндэсний түүхийн музейд хичээнгүй сайдын тухай үзэсгэлэн гаргахаар төлөвлөжээ. Үзэсгэлэнгээс ямар мэдээлэл авч болох вэ?

-Үндэсний түүхийн музейд энэ сарын 15-нд “Монгол төрийн зүтгэлтэн, Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж-150” үзэсгэлэн гаргана. Энэхүү үзэсгэлэнд хичээнгүй сайдын өөрийнх нь амьдрал, тэмцэл, үйл хэргийг харуулсан түүх, архивын эх бичиг, сурвалж бичгүүд болон эдэлж хэрэглэж байсан зүйлс байна. Мөн музейд болон үр сад болсон бидэнд өвлөн хадгалагдсан эд өлгийн зүйлсийг дэлгэн үзүүлнэ. Хичээнгүй сайд ганц хүүтэй. Тэр нь миний эцэг Юндэн гэдэг хүн байсан. Ганцаас газар дүүрнэ гэдгээр энэ хүний үр сайд өсөж, аривжаад өнөөдөр 100 гаруй хүн болжээ. Энэ бүгдийг харуулсан “Хичээнгүй сайдынхан” ном хэвлэн гаргасан. Хичээнгүй сайдын талаар гарсан дөрвөн ном л байдаг юм. Тэр нь Ширэндэв гуайн бичсэн “Хичээнгүй сайд Б.Цэрэндорж”, дараагийнх нь өөрийнх нь нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ядамсүрэн гэж хүний бичсэн “Ардын төрийн ахмад зүтэлтэн Б.Цэрэндорж”, дараа 130 жилийн ойд зориулан гаргасан “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” ном байдаг. Эхний  хоёр номын хоёр дахь хэвлэлийг 150 жилийн ойд зориулан дахин хэвлүүлэхээр болсон. Учир нь эдгээр ном худалдаанд байхгүй, номын санд цөөн хувь нь байдаг юм. Ширэндэв гуайн хичээнгүй сайдын тухай намтар, цадигийг өгүүлсэн судалгааны номыг онцлох нь зүйтэй. Харин Ядамсүрэн гуайнх хувь хүн талаас өгүүлсэн ном байдаг. Удахгүй хичээнгүй сайдын тухай намтарчилсан томоохон бүтээл хийхээр төлөвлөөд байна. Ойн хүрээнд хараахан амжихгүй болов уу.

-Хичээнгүй сайдын талаар түүхчид, эрдэмтэд, судлаачид нэлээдгүй судалгаа хийсэн байдаг. Тэрбээр анхдугаар Үндсэн хуулийг өлгийдсөн гавьяатай хүн шүү дээ. Ойн хүрээнд түүхийн талаар бүтээл гарах болов уу?

-Хичээнгүй сайдын хийж бүтээсэн зүйлсийг алдсан оноотой нь манай түүхчид, эрдэмтэд, судлаачид хэлэлцэх эрдэм шинжилгээний хурлыг энэ сард төлөвлөсөн байсан боловч зохион байгуулалтын багахан асуудлаас шалтгаалан ирэх арваннэгдүгээр сарын 23-нд хийхээр боллоо. Улс тунхагласны баярын өмнө хийхээр болсныг их завшаантай хэрэг боллоо гэж би хувьдаа бодож байна. Учир юу гэвээс, Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж нь БНМАУ-ыг тунхаглах Анхдугаар Үндсэн хуулийг боловсруулж, батлуулахад түүхэн гавьяа байгуулсан хүн гэдэгтэй хэн ч маргахгүй. Анхны Үндсэн хуулийн комиссын даргаар ажиллаж, зүйл дараалан уншиж, тайлбарлаж, хэлэлцэн батлуулсан хүн. Тиймээс Үндсэн хуулийг өлгийдсөн хүний нэг гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Тэрээр мөн гадаад яамны дэс түшмэлээс тэргүүн сайдаар ажиллаж, хаант Монголын засгаас Ардын засаг хүртэл ажиллаж, гадаад харилцаа, гадаад бодлого хариуцаж ажиллаж байсан хүн. Ерөөс түүний дүр дэлгэцийн хальснаа тодорхой хэмжээнд мөнхлөгдсөн байдаг. Гэхдээ бие даасан баримтат кино байдаггүй байсан юм. ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгээс “Ерөнхий сайд Б.Цэрэндорж” баримтат кино хийхээр болсон.

-Ярилцсанд баярлалаа.
 

Б.Бямбасүрэн