“Нүүдэлчин Монгол” наадам таван өдөр үргэлжилнэ

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран наймдугаар сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулах гэж байна.

 


“Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.
 


“Соёлын биет бус өвийн их наадам” болон “Үндэсний спортын VI их наадмын анхан шатны шалгаруулалт сум, дүүрэг, аймаг, нийслэлд энэ онд зохион байгуулагдсан бөгөөд 2 – р шатны шалгаруулалт буюу “Нүүдэлчин Монгол” наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 400 гаруй ардын авьяастан, гар урчууд болон 2000 орчим үндэсний спортын тамирчид хүй мандлын зүлэг ногоон дэвжээнд нутаг нутгаараа отоглон бууж хүч чадал, оюун ухаан, авьяасаа билэг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш өрсөлдөж шилдэгүүдээ тодруулах юм.
 


Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулна.  

                        I байр – нэг – Цом, өргөмжлөл, 20,0 сая төгрөг

                        II байр – нэг - Цом, өргөмжлөл, 15,0 сая төгрөг

                        III байр – нэг - Цом, өргөмжлөл, 10,0 сая төгрөг

                        Тусгай байр – хоёр - Өргөмжлөл, 5,0 сая төгрөг


Мөн СББӨ-ийн таван ай савын хүрээнд мартагдсан өвийг сэргээсэн, язгуур хэв намбыг хадгалсан, өвийн ур чадварын гүйцэтгэлийг өндөр түвшинд үзүүлсэн өвлөн уламжлагчдад болон СББӨ-ийн их наадмын үеэр зохион байгуулах үндэсний спортын тэмцээнүүдэд амжилттай оролцсон оролцогчдыг Их наадмын Зохион байгуулах хорооноос болон дэмжигч байгууллага, ивээн тэтгэгчдийн шагнал урамшууллыг олгох юм.