Боловсрол, соёл, урлаг, спортын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна

БСШУС-ын сайдын тушаал, шийдвэрээр салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцах ажлыг орон даяар зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд 21 аймгийг 5 бүсэд хуваан, тус бүр дэд ажлын хэсэг байгуулсан юм. Эдгээр ажлын хэсэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газар, Биеийн тамир, спортын газрууд болон салбарын байгууллага болох сургууль, цэцэрлэг, дотуур байр, театр, чуулга, музей, номын сан, спорт, хороо, усан бассейн зэрэг орон нутгийн байгууллагуудын ажилтай газар дээр нь танилцах, салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах чиглэлээр орон нутагт ажиллаж байна.

БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг болон зам дагуух сумд нийт 8 аймаг, 9 сум, 1 тосгонд ажиллалаа. Ажлын хэсэгт БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газар, Биеийн тамир, спортын бодлогын газар, Дээд боловсролын бодлогын газар, Ерөнхий боловсролын бодлогын газар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын Хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтэс, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар болон Барилгын хөгжлийн төвийн барилгын инженерийн баг багтжээ.

Дэд сайдаар ахлуулсан хамтарсан баг орон нутагт ажиллах хугацаандаа салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилттэй танилцахын зэрэгцээ салбарын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал болон орон нутагт эрх шилжсэн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцаж, хэрэгжилтийн үр дүнд үнэлгээ дүгнэлт өгч, зөвлөмж хүргүүлсэн байна.  
 

 

 

 

 

Эх сурвалж: БСШУСЯ