Монгол Улсын төрийн хошой шагналт, нэрт түүхч, академич Ш.Нацагдоржийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: Төр, нийгэм ба соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болж байна. Нэрт эрдэмтний ойд зориулсан энэхүү хурлын нээлтийн үйл ажиллагаа БСШУСЯ-нд болов. Нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар нэрт эрдэмтний 100 жилийн ойд зориулан илгээлт ирүүлснийг олон улсын эрдэм шинжилгээний их хуралд оролцогчдод уншиж сонсголоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа илгээлтдээ “Их эрдэмтний мэндэлсэн ойг тэмдэглэх тухай  Монгол Улсын Засгийн газрын 149-р тогтоол 2018 оны тавдугаар сарын 23-ны өдөр гарч,  түүний дагуу ойг зохион байгуулах комисс ШУА, Түүх, археологийн хүрээлэн хамтран “Ш.Нацагдорж. Эрдмийн бүтээлийн эмхэтгэл” 10 боть, академич Ж.Болдбаатар “Түүх гэгээн, ид хав нэвт их эрдэмтэн” нэгэн сэдэвт бүтээл, “Нацаг багш” баримтат кино зэргийг бүтээгээд байна.Энэхүү ойн хүрээнд Монгол Улс, Япон улс, БНХАУ, ОХУ-ын эрдэмтэн судлаачид хамтран зохион байгуулж буй “Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр, нийгэм, соёл”  олон улсын эрдэм шинжилгээний хуралд 50 шахам эрдэмтэн судлаачид оролцож, академич Ш.Нацагдоржийн амьдрал үйл ажиллагаа,  эрдэм судлалын  бүтээл болон XVII-XIX зууны Монголын түүхийн асуудлыг Евроазийн нүүдэлчдийн нийгмийн түүхийн дэвсгэр дээр авч үзэн, задлан шинжилсэн  илтгэлүүдийг хэлэлцүүлж байгаад талархаж байна” хэмээн онцолжээ.

“Евроазийн нүүдэлчдийн түүхэн замнал: төр,нийгэм, соёл” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг  Монгол Улсын  ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төв, БНХАУ-ын Өвөрмонголын Багшийн их сургуулийн Аялал жуулчлалын дээд сургууль, ОХУ-ын Бүгд найрамдах Саха улсын Хүмүүнлэгийн ба умардын цөөн тоот үндэстний судалгааны  хүрээлэнгээс хамтран зохион байгуулж байгаа юм  байна. 

Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн болон  Япон улсын Тохокү Их сургуулийн Зүүн хойт Ази судлалын төвөөс хоёр жил тутамд зохион байгуулдаг уламжлалт эрдэм шинжилгээний  энэхүү  хурал  энэ удаад  зохион байгуулагчид ба оролцогчдын  хувьд илүү өргөн цар хүрээтэй  болж, XVII-XX  зууны Монголын түүхийн талаар судалгаа хийдэг тэргүүлэх эрдэмтэд оролцож судалгааныхаа  сүүлийн үеийн ололтыг танилцуулж буйгаараа онцлог юм байна.

XX зууны Монголын нэрт эрдэмтэн, Монголын түүхчдийн эцэг, багш хэмээн хүндлэгдсэн Ш.Нацагдорж нь гурван үеийн сэхээтэн гаралтай их бичгийн хүн байв. Түүний Монголын түүхийн талаар бичсэн бүтээлүүд нь эх орондоо төдийгүй дэлхий дахинд үнэлэгдсэн үе үеийн түүхчдийн ширээний ном болж чадсан юм. Академич Ш.Нацагдоржийн бүтээлүүд нь орос, герман, англи, хятад, франц, япон хэлээр нийтлэгдсэн байна. Монголын түүхийн шинжлэх ухаанд дорвитой бүтээлүүдээрээ бусдаас ялгарч байдаг нэрт эрдэмтний бичсэн “Болор толь”, “Мандухай цэцэн хатан” зохиолоор нь уншигчид андахгүй.  “Монгол Улсын түүх” /гурван боть/, “Халхын түүх”, “Чингис хааны цадиг” болон “Хубилай цэцэн” зэрэг ном, эрдэм шинжилгээний бүтээлүүд нь түүх бичлэгт хүндтэй байр суурь эзэлдэг юм.

Академич Ш.Нацагдоржийн 100 жилийн ойг тэмдэглэж байна