Төсөл

ХИЧЭЭЛ, СУРГАЛТЫН ҮЕД СУРАГЧ, ХҮҮХДҮҮДЭД УХААЛАГ ГАР УТАС, ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ АШИГЛУУЛАХЫГ ХОРИГЛОХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 276 дугаар тогтоолоор сургууль, цэцэрлэгийн орчинд хичээл, сургалтын үеэр сурагч, хүүхдүүдэд ухаалаг гар утас, түүнтэй адилтгах төхөөрөмж ашиглахыг 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хязгаарласан билээ.

Энэ нь хүүхдүүдийг цахим гадуурхал, халдлага, донтолтоос сэргийлэх, эрүүл мэнд, амь насыг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, сурах идэвхийг нэмэгдүүлэх, чөлөөт цагийг үр ашигтай өнгөрүүлэх, нийгмийн бодит харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилготой авч буй арга хэмжээ юм.

Монгол Улсын нийт хүн амын 80,6 хувь нь интернет, 99,7 хувь нь гар утас хэрэглэж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Дэлхий банкнаас 2017 онд зохион байгуулсан судалгаагаар ерөнхий боловсролын сургуулийн 8-17 насны хүүхдийн 71,8 хувь нь өөрийн гар утастай бөгөөд тэдний 54,6 хувь нь цахим орчинд аялах боломжтой ухаалаг гар утас хэрэглэдэг болох нь тогтоогджээ.

Хичээл, сургалтын цагаар гар утсыг хязгаарласнаар суралцагч цагийг зөвхөн сурч боловсрохдоо зарцуулж, сургалтын чанарт сөргөөр нөлөөлж буй шалтгаануудыг бууруулж, бүх шатны сургалтын чанарыг сайжруулах боломж бүрдэх юм. 

Хоёр. Баримтлах зарчим

2.1.         Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хүндэлнэ.

2.2.         Хүүхдийн хувийн халдашгүй байдлыг хүндэтгэж, нууцыг хадгална.

2.3.         Ялгаварлан гадуурхалтаас ангид, хүүхдийн хөгжлийн онцлогт тохирсон байна.

2.4.         Хүүхдийн нас, бие сэтгэлзүйн онцлог, ялгаатай хэрэгцээг харгалзсан байна.

Гурав. Удирдлага, зохион байгуулалт

3.1.         Хичээл, сургалтын цагаар багш, суралцагч утсаар ярих, ухаалаг гар утас ашиглахыг хориглох бөгөөд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч бүр энэхүү журмыг баримтална.

3.2.         Сургуулийн захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч нь нийт багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад энэхүү журмыг танилцуулж, байгууллагын “Дотоод журам”, “Гурвалсан гэрээ”, “Сурагцагчийн үлгэрчилсэн дүрэм”-д тусгаж хэрэгжүүлнэ.

Дөрөв. Хэрэгжүүлэх үйл ажиллагаа

4.1.         Ерөнхий боловсролын сургууль нь дараах хэлбэрээр энэхүү журмын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллаж болно. Үүнд:

4.1.1.     Журмыг эцэг эх, асран хамгаалагчдад нэг бүрчлэн танилцуулж,  “Зөвшөөрлийн хуудас”-т гарын үсэг зуруулж, баталгаажуулах;

4.1.2.     Журмыг мөрдөх “Хариуцлагын гэрээ”-г багш нартай байгуулж, гарын үсэг зуруулж баталгаажуулах;

4.1.3.     Хичээл, сургалтын үед сурагчдын гар утсыг тусгаарлах хайрцаг, булан, тусгай сав, сейф зэргийг бий болгож, хадгалах, буцааж олгохдоо тэмдэглэл хөтөлж, хэвшүүлэх;

4.1.4.     Журмыг мөрдөөгүй багш, суралцагчдад хариуцлага тооцох тогтолцоог төлөвшүүлэх; Тухайлбал, Хариуцлагын карт хөтөлж болно.

4.1.5.     Суралцагчдад интернэтийн орчноос хол даалгавар, бие даалт өгөхийг эрмэлзэх;

4.1.6.     Спорт болон урлаг заал, номын сан зэрэг нийтийн эзэмшлийн хэсэгт сүлжээ унагаагч төхөөрөмж ашиглах, эсхүл шар мэдээ бүхий сайт, фэйсбүүк, твиттерийн хэрэглээг хязгаарлах;

4.1.7.     Интернэтгүй, сүлжээгүй амрах орчин бүрдүүлэх, ном унших, шатар тоглох зэргээр чөлөөт цаг, завсарлагааны минутыг өнгөрөөх боломжийг байгууллагынхаа бүхий л хэсэгт бий болгох;

Тав. Захирал, эрхлэгчийн эрх, үүрэг

5.1.         Хичээл, сургалтын үед суралцагчийн ар гэрээс яаралтай ярих шаардлага гарсан тохиолдолд холбогдох тусгай дугаар ажиллуулах;

5.2.         Цахим орчинд соёлтой оролцох, бусдад хүндэтгэлтэй хандахад чиглэсэн төрөл бүрийн уралдаан, аян зохион байгуулж, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

5.3.         Цахим хэрэгсэл, гар утас, интернэтийн сүлжээний зохистой хэрэглээг бий болгоход шаардагдах чадварыг өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, сургалтын байгууллагын ажилтнуудад эзэмшүүлэх сургалт, соён гэгээрүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа зохион байгуулах;

5.4.         Суралцагч, эцэг эхчүүдэд цахим орчны хэрэглээ, цахим гадуурхал, халдлагын талаар ойлголт, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх, хамгаалах, хариу арга хэмжээ авах талаар сургалтыг тодорхой хөтөлбөр, төлөвлөгөөтэйгээр тогтмол өгөх;

Зургаа. Сургалтын менежер, арга зүйчийн эрх, үүрэг

6.1.         Хичээл, сургалтын үйл ажиллагаанд хяналт тавьж, журмын хэрэгжилтийг хангуулах;

6.2.         Сургалтын чанар, хичээлийн цаг ашиглалтад гарч буй өөрчлөлтийн талаар харьцуулсан судалгаа хийж, багш нарыг зөвлөмж, заавраар хангаж ажиллах;

Долоо: Сургуулийн нийгмийн ажилтны эрх, үүрэг

7.1.         Суралцагчийн бэртэл гэмтэл, өвчлөл, сэтгэл санааны байдал, айдас, хичээл таслалт, сургууль завсардалт зэрэг бие махбод, сэтгэл санаа, зан үйлд гарч байгаа сөрөг нөлөөллийн шалтгааныг тогтоох, цахим хэрэглээнээс үүдэлтэй эсэхийг тандан судалж, эрсдлийн үнэлгээг хийх;

7.2.         Эрсдлийн үнэлгээнд суурилан хариу арга хэмжээ авч ажиллах;

7.3.         Суралцагч цахим дарамт, дээрэлхэлд өртсөн тохиолдолд сургуулийн захирал, нийгмийн ажилтан нь эцэг эх, асран хамгаалагч, анги удирдсан багштай хамтран хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг шуурхай үзүүлэх;

7.4.         Хүүхдийг багаас нь өөрийн хувийн орон зайгаа хамгаалахад сургах, хэн нэгэн хүн түүний хувийн орон зайд халдах, өөрт нь эвгүй зүйл тохиолдсон үед эцэг эх, асран хамгаалагч, багш ажилтан нараасаа тусламж авах дадал хэвшил, зан үйлд сургах;

7.5.         Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн хүрээнд мэргэжлийн болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;

Найм. Багшийн эрх, үүрэг

8.1.         Анги удирдсан болон мэргэжлийн багш нар хичээл, сургалтын үед сурагчдад гар утас хэрэглүүлэхгүй байхаар хичээлийн бэлтгэл, төлөвлөлт, зохион байгуулалтыг хийх;

8.2.         Сурагчийн ар гэрт яаралтай шаардлага гарч холбоо барих хэрэгцээ гарсан тохиолдолд сургуулийн дотоод журам, суралцагчийн үлгэрчилсэн дүрэмд заасны дагуу шуурхай арга хэмжээ авч ажиллах;

8.3.         Журмын хэрэгжилтийг хангах зорилгоор суралцагч, эцэг эх, асран хамгаалагчдад шаардлага тавьж ажиллах;

8.4.         Суралцагчдад ухаалаг гар утас, интернэтийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор эцэг эх, асран хамгаалагчтай хамтран ажиллах;

Ес. Суралцагчийн үүрэг

9.1.         Суралцагч нь хичээл, сургалтын үед ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашиглахгүй байх үүрэг хүлээх;

9.2.         Суралцагч хичээл, сургалтын үед багшийн зааврын дагуу ухаалаг гар утас, цахим хэрэгслийг хураалгаж, хичээл, сургалтын бус цагаар ашиглах;

9.3.         Хичээл, сургалтын үед зөвшөөрөлгүйгээр ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашигласны сөрөг үр дагаврыг бий болгохгүй байх;

Арав. Эцэг эх, асран хамгаалагч дараах үүрэг хүлээнэ.

10.1.      Ухаалаг гар утас, интернэтийн зохситой хэрэглээг хүүхдэдээ төлөвшүүлэх зорилгоор цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль болон багш нартай хамтран ажиллах;

10.2.      Хичээл сургалтын үеэр хүүхэдтэйгээ яаралтай холбогдох шаардлага гарвал багш болон сургуулийн тусгай дугаарт хандах;

10.3.      Цэцэрлэг,  ерөнхий боловсролын сургуулийн захиргаанаас зохион байгуулж буй сургалт, нөлөөллийн үйл ажиллагаанд оролцох, төсөл хөтөлбөрт хамрагдах;

10.4.      Гэр бүлийн орчинд хүүхдийн ухаалаг утас, цахим хэрэглээнд зохих хязгаарлалт, хяналтыг зүй зохистой хэмжээнд тавьж, зөв үлгэр дуурайл үзүүлэх; Тухайлбал, Оройн 21:00 цагаас хойш гэр бүлээрээ ухаалаг гар утас, цахим хэрэгсэл ашиглахгүй байх зэрэг байж болно.

Арван нэг. Хяналт

11.1.Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч энэхүү журмыг мөрдөж ажиллах, хариуцлага хүлээлгэх талаар байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, багш,удирдах ажилтны хөдөлмөрийн гэрээ, үр дүнгийн гэрээнд тусгаж, хяналт тавьж ажиллана.

 

Иймд журмын төсөлтэй танилцан саналаа ирүүлнэ үү. 

Цахим хаяг: [email protected]