ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн
2018/12/22
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 22. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 15. Санчир гараг. Гөрөөсөн толгой одтой, нэг цагаан мэнгэтэй, шар хулгана өдөр.
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Өдрийн наран 8 цаг 41 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, улааны үйл, хур оруулах, дарханы үйлд сайн. Төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. 7 цаг 16 минутанд өвлийн туйл, хүйтний ес эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.