Өмнөд азид охидын 50 хувь нь 18 нас хүрээгүй байхдаа гэрлэдэг гэсэн тооцоог НҮБ гаргажээ -

Гэр бүлийнхээ халуун дулаан уур амьсгал дунд өсөж торних насандаа хүүхэд төрүүлж, томчуудын ачааг нуруундаа үүрч яваа олон сая хүүхэд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байна. 

Тэдний хувьд гэрлэлт гэдэг хүсээгүй төдийгүй хүлээстэй нийгмийн нэгэн хэлбэр болон хувирчээ. Жил бүр дэлхий даяар 18-аас доошны насны 15 сая хүүхэд хууль бусаар богтлогдон гэрлэдэг бөгөөд тэдэнтэй цуг боловсрол эзэмших, өөрийгөө хөгжүүлэх, дэгэж дэрвэх хүүхэд нас нь хулгайлагдан одож, насан туршдаа гунигт тавиланг туулдаг байна. Хэрэв шийдвэртэй алхам хийхгүй бол ирэх арван жил гэхэд дахин 150 сая хүүхэд насанд хүрэхээсээ өмнө гэрлэнэ гэсэн тооцоо гарчээ.

Судалгаанаас үзэхэд эдгээр хүүхдүүд голдуу 8-9 насандаа сүй тавьдаг бөгөөд есөн хүүхэд тутмын нэг нь 15 нас хүрэхээсээ өмнө гэрлэсэн байдаг гэнэ. Мэдээж хэрэг тэд бие бялдрын болоод сэтгэлзүйн хувьд эхнэр, ээж болох бүрэн бэлтгэлгүй байдаг төдийгүй богтлогдон очсныхоо дараа гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, БЗХӨ тусах, төрөхийн хүндрэлээс болж эрүүл мэндээрээ хохирох зэргээр олон эрсдэлтэй нүүр тулдаг байна. Харин тун цөөн тохиолдолд боловсрол эзэмшиж, эдийн засгийн боломжид хүрдэг бол дийлэнх нь ядуу зүдүү амьдралтай байдаг аж.

НҮБ насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтийг таслан зогсоохоор Мянганы хөгжлийн зорилтод тусгажээ. Гэвч энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд явуулах хамгийн зүйтэй алхам нь ядуурлыг бууруулах явдал юм гэдгийг олон орон хүлээн зөвшөөрөөд байна. Учир нь улс орны хөгжил буурай, ядуурал нэрвэгдсэн газруудад охидыг хямд үнээр арилжаалах, жендерийн тэгш бус байдал, уламжлалаа дагаж насанд хүрээгүй хүүхэдтэй гэрлэх нь түгээмэл байдаг. Тухайлбал, Зүүн Өмнөд Азийн дөрвөн оронд охидын талаас илүү хувь нь 18 наснаас өмнө хүнтэй суудаг гэнэ. Эдгээр улсын тоонд багтсан Бангладеш улсад гэхэд нийт хүн амын 75 хувь нь өдөрт хоёр ам.доллараас бага орлогоор амьжиргаагаа залгуулдаг билээ.

Түүнчлэн насанд хүрээгүй хүүхдийн гэрлэлтэд хамгийн их өртдөг нь охид байдаг. 2013 онд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага 15-19 насны охид болон мөн насны хөвгүүдийн гэрлэлтийн байдлыг тандсан байна. Тухайлбал, Мали улсад насанд хүрээгүй хүүхдийн 72 гэрлэлт тутмын нэг нь, АНУ найман гэрлэлт тутмын нэг нь, харин Эль Сальвадорт зургаан гэрлэлт тутмын нэг нь хөвгүүд байдаг гэсэн дүн гарчээ.

- Энэтхэгийн Вадиа хэмээх тосгонд охид бага наснаасаа гэрлэх хүртэлээ биеэ үнэлдэг уламжлалтай -

Үүний зэрэгцээ зарим улсад охидын наснаас хамаарч хүргэний талд инж өгөх уламжлалтай бөгөөд охидын нас бага байх тусам бага инж өгдөг аж. Иймээс эцэг эхчүүд санхүүгийн асуудлаа бодож хүүхдүүдээ насанд хүрээгүй байхад нь гэрлүүлэхийг илүүд үздэг ажээ. Мөн зарим оронд эмэгтэй хүн гэрлэхээсээ өмнө нь бэлгийн харьцаанд орох нь түүнийг үнэ цэнийг бууруулдаг учраас эрт гэрлүүлэхийг эрмэлздэг гэжээ.

-Энэ миний амьдралын төгсгөл гэж бодмооргүй байна-

Түүнийг Нора Аль Шами гэдэг бөгөөд 11 настайдаа гэрлэжээ. Түүний гэрлэлтийг Йемений нийслэл Санаа хотоос 140 миллийн зайд орших Ал Ходейда хотод хийсэн бөгөөд тэдний найз нөхөд, гэр бүлийнхэн нь гурван өдрийн турш үдэшлэг, баярын арга хэмжээ зохион байгуулжээ. Уламжлалт хувцас өмссөн дуучин хайрын тухай дуу дуулж, бүжигчид гайхалтай бүжиг бүжиж байлаа. Баярын ширээ ч тухай үед ховорхон тохиох тансаг идээгээр дүүрэн байжээ.  Нора гурван гоёмсог даашинз сольж өмссөн бөгөөд тухайн үед чухам юуг болоод байгааг бүрэн ойлгохооргүй хэтэрхий балчир байсан гэнэ. Энэ бол 1989 онд түүнийн 11 насны төрсөн өдрөөр болсон хуримын арга хэмжээ юм. Ердөө л гэрлэлтийн эхний гурван өдөр.

Тэрбээр өөрийн холын үеэл болох Мохаммед Аль Ахмад гэх 30 гаруй насны эртэй гэрлэсэн бөгөөд хурим дууссаны дараа Норагийн амьдралын хамгийн харанхуй үе эхэлсэн хэмээн бүсгүй ярьжээ. Мохаммедын хувьд энэ анхны гэрлэлт байгаагүй гэнэ. Норагаас өмнө нь тэрээр мөн л арав гаруй насны гурван ч охинтой гэрлэсэн байжээ. Нора одоо хэдийнэ 36 нас хүрчээ.

- 11 настайдаа бусдын эхнэр болсон Нора Аль Шами-

“Йемений зарим нутагт 15 настай хүүхэдтэй гэрлэхийг хуулиар зөвшөөрдөг. Харин ээж маань анх есөн настайдаа гэрлэж 10 настайдаа нөхрөөсөө салж байсан юм билээ. Үүний дараа хоёр ч удаа гэрлэсэн.Эцэг эх маань намайг бусдын адил сургуульд явж, ажил хийж амьдрахыг  зөвшөөрөөгүй. Гэсэн хэдий ч тэд өөрсдийнхөө туулж ирсэн ядуу зүдүү амьдралаар намайг ч бас амьдраасай гэж хүсээгүй нь лавтай. Харин яагаад ийм бага насанд минь гэрлүүлснийг би одоо болтол ойлгодоггүй. Бас би үүнийг миний амьдралын төгсгөл гэж бодохыг хүсэхгүй байна” хэмээн ярьжээ.

Хэтэрхий бага насандаа бэлгийн хавьталд орсон болохоор гэрлэснийхээ дараа нэлээд удаан эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага гарсан байна. Нора “Тухайн үед хэн ч миний гомдлыг авч хэлэлцээгүй. Учир нь би аль хэдийн тэр хүний хууль ёсны эхнэр болсон байсан” гэжээ.
 

- Насанд хүрээгүй эхнэрүүд  нөхрүүдийнхээ хамтаар -

Өнгөрсөн хугацаанд тэрбээр жилд хоёр ч удаа үр хөндүүлэх хэмжээний эрсдэлтэй байдалд орж байжээ. Нора анхныхаа хүүхдийг 13 насандаа төрүүлж байсан бөгөөд жил дараалан гурван удаа хүүхэд төрүүлсэн нь түүний эрүүл мэндэд багагүй эрсдэл учруулсан аж. Энэ хугацаанд түүний нөхөр улам бүр хэрцгий болсоор байсан ба Нора төдийгүй түүний хүүхдүүд аймшигтай хүчирхийлэл дор амьдардаг байжээ.

Ийнхүү 10 жил үргэлжилсэн хүчирхийллийн дараа Нора анх удаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод тусалдаг Йемений эмэгтэйчүүдийн холбоонд хандах боломж олдсон байна. Тус байгууллагын тусламжтайгаар Нора шүүхэд нөхрөөсөө салах өргөдлөө өгч чаджээ. Одоо тэрбээр сургуульдаа эргэн суралцаж багш болсон төдийгүй хүүхдүүдээ өсгөн хүмүүжүүлж байна. Мөн хүүхдийн гэрлэлтийн эсрэг хууль батлахыг шаардан тэмцдэг болжээ. Нора “Өнгөрсөн амьдралаар ирээдүйгээ тодорхойлох бус шинэ үеийн туршлага болгон үлдээхийг хүсэж байна” хэмээн ярьсан байна.