Намайг “Царайлаг аа” гэхээр доромжилж байгаа юм шиг санагддаг
2018/12/25
Уншигч та бүхэнд “Хэцүү анги”, “Эможи”, “Эрт нахиалсан сарнай”, “Туршилтын хосууд” гэх мэт олон сайхан уран бүтээлээрээ танигдаад буй “МААЗ” продакшны зулуу жүжигчин, Г.Жанчивтай ярилцсан сонирхолтой яриаг хүргэж байна. Түүний үг бүрээс хийж бүтээх гэсэн чин эрмэлзэл мэдрэгдэж байсан юм.
-Анх бүтээж байсан дүрийн тань талаар яриагаа эхлэвэл ямар вэ?
-Хамгийн анх 2009 онд “Хэцүү анги” киноны олны хэсэгт тоглож байсан. Хүүхэд байсан учраас догдлож очиод оноогоо хартал тэнцээгүй байсан. Харин манай найз тэнцчихсэн. Сэтгэлээр уначихаад найзтайгаа юм яриад зогсож байтал жүжигчин Навчаа эгч гарч ирээд “Хөөе та хоёр юугаа хийгээд зогсоод байгаа юм. Орооч” гээд загнуулаад орчихсон. Би дотроо “Яана аа.Тэнцээгүй байж ороод суучихсан онигоо болно доо” гээд бодож байтал аз таараад тоглохоор болсон.
-Тэр үед Жанчив гэдэг нэрээрээ тоглосон байх аа?
-Уг нь дүрийнх нь нэр Улаанаа ч билүү, өөр нэр байсан. Манай киноныхон Жанчив аа гэсээр байгаад энэ нэрээрээ тоглочихсон.
-Энэ дүр таны жүжигчин болох хүсэл тэмүүллийг төрүүлсэн үү. Эсвэл анхнаасаа таны мөрөөдөл байв уу?
-Миний мөрөөдөл байсан. “Хэцүү анги” кинонд тоглохоос өмнө кино урлагийн Харцага их сургуульд сурч байгаад шантраад гарчихсан байсан. Дараа нь хамт кинонд тоглосон хүүхдүүдтэйгээ “СУИС-ийн шалгаруулалтад оръё” гэж ярьж эхэлсэн. Гэвч хичээлийн жил эхэлчихсэн байсан учраас нэг жил хүлээх хэрэгтэй болсон. Тэр хугацаанд бид “Guys” хамтлагийн Төгсөө ах дээр очиод “Бид кинонд сонирхолтой болчихлоо. Үнэгүй юм суръя” гээд хэлтэл “Ах дүүс” кинондоо туслуулахаар болсон. Харин дараа жил нь СУИС-ийн шалгаруулалтад ороод тэнцээгүй. Гэхдээ би бууж өгөөгүй. Дараагийн сонгон шалгаруулалт болтол зөөгч хийж, хоол хийж, шалыг нь хүртэл угаадаг байсан. Дараа нь найзтайгаа хамт халтууранд явдаг болсон. Машин дотроо жүжгээ бэлдээд л. Хүн орж ирэхээр чимээгүй болчихно. /инээв/ Аливаа юмыг сэтгэлээсээ хийгээд ирэхээр хүний итгэлийг олдог юм байна лээ. Жүжигчин Навчаа эгч бид нарыг нэг өдөр дуудаад “Кинонд туслахаар ажиллах уу?” гэж асуусан. Бид ч маш дуртай “Тэгье” гээд очтол “Рашаантын 18” хийгдэх гэж байсан. Ингэж анхныхаа киноны цалинг авч үзсэн. Дараа нь 2011 онд шалгаруулалтад ороод тэнцсэн.
-Таны өвөө жүжигчин хүн гэж сонссон?
-Манай өвөөг Түмэнтогтох гэдэг. Говь-Алтай аймгийн Халиун сумын харъяат хүн. Залуу байхдаа жүжигчний мэргэжлээр сурч төгссөн юм билээ. Багш нар нь их мундаг хүмүүс байсан гэдэг. Амьдралын шаардлагаар жүжиглэхээ больж өөр юм хийж эхэлсэн байдаг.
-Өвөөгийнхөө хүсэл мөрөөдлийг үргэлжлүүлж яваа хүн байна шүү дээ?
-Тийм ээ. Манай гэр бүлийнхэн намайг их дэмждэг. Эмээ маань миний хүү наадахаа л хий гэдэг.
-Шинэ залуу жүжигчдэд тохиолддог хамгийн бэрхшээлтэй зүйл нь юу байдаг юм бол?
-Эцэг эхийн гараас гарна гэдэг шиг багшийн гараас дөнгөж гараад ажиллаад эхлэхээр хүн өөрөө өөртэйгээ тэмцэлдэж эхэлдэг. Өөрийгөө голж эхэлдэг. Шантарч бууж өгөх үе, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмцэх үе хоёр байнга орон зайгаа булаацалддаг гэж ойлгож болно. Бэрхшээлтэй зүйлийг ер нь жүжигчин бүр өөр өөрөөр л хэлэх байх. Миний хувьд анх камерын өмнө, огт танхгүй хүмүүстэй шууд жүжиглэх л хэцүү байсан юм болов уу.
-Шинэ жүжигчид эхэндээ бүх хар бор ажлыг нь хийдэг гэж үнэн үү?
-Үнэн ш дээ. Бид 35 үсгийг мэдэхгүй бол уншиж чадахгүйтэй адил юм бүхэнд саад бартаа бий. Мэдээж муу юм хийлгэнэ гэж байхгүй. Харин ч нэг гэрлийн хөл эвхэх нь хүртэл мэдлэг, туршлага болж байдаг. Ах нар магадгүй албаар юм сураасай гэсэндээ тийм хэлбэрээр заадаг юм болов уу. Би ч гэсэн шинэ хүн ирвэл тэгэж л хийлгэх байх. Гэхдээ энэ чинь зүгээр нэг хаа хамаагүй хүн авч ирээд “Чи энийг хий” гэж зарж байгаа зүйл огт биш. Ажлын шаардлагаар хийлгэж байгааг ойлгох хэрэгтэй.
-Гэхдээ жүжиглэмээр байхад өөр юм хийлгээд байвал шудрага бус биш гэж үү?
-Надад огт шудрага бус санагдаж байгаагүй. Би ажилдаа дурлаж хийж байсан. Тиймээс бүх зүйлийн дараалал, яаж хийдэг гэх мэт олон зүйл сурч, хамт олонтой болж байгаа нь сайхан байсан.
-Нэг хэсэг СУИС-ийг курсын ялгаа гаргаж доод үеэ дээрэлхэдэг гэх мэт яриа гарсан. Энэ талаар мэдээ хүртэл бичигдэж байсан?
-Диктатур гэж зүйл манай сургуульд байдаг. Энэ зүгээр л нэг нэгнийгээ хүндлэх хүндлэл. Хүмүүс диктатур гэхээр шууд цохиж зодоод, архи дарс авхуулдаг гэж ойлгоод байсан юм шиг байгаа юм. Үнэхээр муухай нийтлэлүүд гарч байсан. СУИС бол бидний гэр бүл. Хэн нэгний гэр бүлийг доромжилж, хийгээгүй хэргийг нь хийсэн гэж гүтгэвэл хүн уурлах битгий хэл, гомдоод уйлна. Бидний гэр бүлийн нэр хүндийг унагахад дургүй хүрч байсан. Ялангуяа СУИС-ийн жүжигчний ангийнхан их эв найртай. Дээд доодгүй тэврэлдээд “Аажим холын дээгүүр..” гээд л дуулдаг ш дээ. Сайхан шүү.
-Өөрийгөө сориод үзэх юмсан гэж бодож явдаг дүр бий юу ?
-Байлгүй яах вэ. Би бол яагаад ч Ромеод тоглохгүй хүн гэж боддог. Ромео бол сайхан залуу. Дүрийг нь бүтээж байгаа хүн ч сайхан залуу байх ёстой. Харин ганц хүсэл минь түүхэн кино юм уу жүжигт эрэлхэг баатарын дүр бүтээх юм.
-Царай муутай гэдэгтээ тийм итгэлтэй байдаг юм уу?
-Аймар итгэлтэй. Чи хар л даа. /инээв/ Хүн болгон өөрсдийгөө би царайлаг гэж боддог ш дээ. Би тэгэж боддоггүй юм аа. Тэрэндээ ч харамсаж гуниглаад байдаггүй юм. Царай муутай нь үнэн юм чинь. Хүмүүс олон нийтийн сүлжээгээр ч намайг царай муутай л гэдэг. Дасчихсан даа. “Царайлаг аа” гэхээр доромжилж байгаа ч юм шиг санагдаад байдаг ш дээ. /инээв/ Гэхдээ царайлаг аа гэх нь ховор л доо.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас хуваалцаач?
-Найзуудтайгаа нийлээд “МААЗ” продакшныг байгуулаад явж байна. Хэд хэдэн кино хийсэн. Сүүлд 12 дугаар сарын 4-нд “Еmoji part 2” киногоо IPTV-ээр цацчихаад байж байна.. Дараагийн part 3-ийг хийхээр судалгааны ажилдаа орчихсон байгаа. Яваандаа тайзны уран бүтээлд хүч сорихыг эрмэлзэж байна.
-“Emoji” кино их хөгжилтэй кино. Зохиолынх нь талаар ярихгүй юу?
-Киноны зохиол болон найруулгыг би хийсэн. Жүжигчин Мишээл бид хоёр оюутан байхдаа партнёр байсан. Төгсхөөсөө өмнө өөрсдийн гэсэн уран бүтээл хийе гээд амжаагүй. Тэрэндээ их харамсдаг байсан. Тэр харамсал илүү хурцалсан байх. Уянгын зохиол эхлээд бичээд “Orange” энтертайментийнханд үзүүлсэн. Гэтэл “Манайх драмм хийхгүй ээ, комеди зохиол байна уу?” гэхээр нь “Байна” л гэчихсэн. Яг үнэндээ зүгээр бодол л байснаас зохиол байгаагүй. Тэгээд долоо хоногийн дараа уулзахаар болсон. Тэр хоногуудад би гэдэг хүн тултал эморсон доо. Хэнтэй ч харьцаагүй. Кофе уугаад зохиолоо бичээд л байсан. Хотоос гарч яваад л. Би их алцганасан л даа. /инээв/ Зохиолоо бичиж дуусаад яваад очтол хүлээн зөвшөөрөгдөөд кино болж гарсан. Энэ л бид хоёрт маш их урам зориг өгсөн.
-Таны тоглодог дүрүүд ихэвчлэн хошин байдаг. Нийгэм хошин төрлийн уран бүтээлчдийг ямар ч үр өгөөжгүй зүйл хийдэг гэх мэтээр шүүмжлэх хандлага ажиглагдах боллоо. Энэ талаарх таны бодол?
-Би үзэгчид, уран бүтээлчид аль алинд нь дутагдал байна гэж харж байгаа. Яагаад гэвэл нийгмийн болохгүй бүтэхгүйг шүүмжилж байхад түүнийг нь олж харж чадахгүй үзэгч байж болно. Эсэргээрээ үзэгчдэд шүүмжлээд байгаа зүйлээ хүргэж чадахгүй дутагдалтай ч байж болно. Бүх зүйл хоёр талтай.
-“МААЗ” хамтлагийнхаа талаар яриач. Яагаад жүжигчид дуулах болов?
-Хоёрдугаар курст байхад “Guys” хамтлагийн Төгсөө ах, хөгжмийн зохиолч Хишигбүрэн ах хоёр бидэнд санал тавьсан. Ер нь л хоббигоороо хамтлаг байгуулж байсан гэж хэлж болно. 2012 оны аравдугаар сарын 19-нд байгуулагдсан.
-Яагаад хамтлагаа “МААЗ” гэж нэрлэх болов?
-Хөгжилтэй уран бүтээл хийдэг учраас маазрах гэдэгтэй холбоотой өгсөн.
-Мэдээж нас ахина. Байнга маазраад л байх уу?
-Бид олон нийтэд байнга маазардаг хамтлаг гэсэн ойлголтыг төрүүлэхийг хүсдэггүй. Гэхдээ яваандаа ёгтлох юм аа ч ёгтолж, драммын тал руугаа ч уран бүтээлээ хийх байх.
-Танай хамтлаг жүжиглэдэг дуулдаг юм чинь мюзикл тоглоход бэлэн үү?
-Тэр талаар боддог. Бас ярилцдаг. Гэхдээ одоо цаг нь биш.
-Хамтлагуудын тарсан шалтгаан ихэнхдээ мөнгөний хуваарилалтаас болдог. Хамтлагийн ахлагчийн хувьд илүү ихийг нь авдаг уу?
-Бусад хамтлагууд яадгийг мэдэхгүй. Манай хамтлагийн хувьд тийм шударга бус зүйл байдаггүй. Сая төгрөг авлаа гэж бодоход 330 мянгаар нь гурвуулаа хуваагаад үлдсэн мянган төгрөгнүүд нь шилжүүлсний шимтгэл шүү гээд л авдаг. /инээв/ Хамтлагийн ахлагчаа ээлжилж хийдэг зарчимтай учраас тийм зүйл гаргахгүй байх үндсийг нь тавьсан гэж бодож байна.
-Г.Жанчивын жинхэнэ төрх ба өөрийгөө харахыг хүсдэг төрх хоёрын хооронд ямар нэг зөрчилдөөн гардаг уу?
-Миний жинхэнэ дүр төрх ирээдүйн өөрийгөө харахыг хүсдэг дүр төрх рүү тэмүүлж байна л гэж бодож байна даа. “Байж бай. Хүлээж байгаарай” гэж л хэлдэг ш дээ. /инээв/
-10 жилийн дараах Жанчив ямархуу байр сууринд байх бол. Мөрөөдлөө хуваалцаач?
-Би арван жилийн дараа эхнэр хүүхэдтэй болоод, ар гэр, амьдрал ахуй нь төвхөнөчихсөн байхыг л хүсэж байна.Тэр үед амьдралын зөв хэвшилд орсон байх болов уу. Хүний мөрөөдөл бол хязгааргүй шүү дээ. Хүн юу ч мөрөөдөж болно. Яг одоо мөрөөдөе гэвэл жишээ нь: Америкт маш том хаустай, гаражаараа дүүрэн машинтай, жилд холливүүдийн ганц л кинонд тоглоно, өөр кинонд тоглохгүй гэх мэт. Байдал ер нь яаж ч эргэхийг үгүйсгэхгүй. Бидний хувьд хэвлийд үр тогтдог шиг жижиг ам бүл бүрэлдсэн байна. Тэр эсийг томорч хүн болтол нь бид хөдөлмөрлөх ёстой байх.
-Таныг зөөгч байх үеийн хүмүүсийн хандлага, одоо жүжигчин Жанчивтай харьцах хандлага хоёр өөрчлөгдөж байна уу?
-Аймар өөрчлөгдсөн. “Өвөл машинтай бол найз охинтой болно” гэдэг шиг л хандаж байна. Мөнгөтэй нэр хүндтэй бол долигоноод л. Бид нарт өөрчлөлт нь ингэтлээ мэдэгдэж байгаа юм чинь их алдартай хүмүүст бүр л илүү мэдэгддэг байлгүй дээ. Гэхдээ урлагийн буянд гэж маазардаг шиг ганц нэг газраар орохоор ажил үйлс хурдан бүтээд сайхан л юм билээ.
-Та найз бүсгүйтэй юу?
-Байхгүй ээ.
-Хайрын зурваст дарагдаж байна уу?
-Үгүй ээ. /инээв/ Хүмүүс screen shot хийчих вий дээ гэж айдаг байж магадгүй. Бид нар ч screen shot-оос айна. “За за ярьшиг” гээд л өнгөрдөг. Би уг нь бодит харилцааг их хүсдэг. Ганц кофе уугаад, бүх зүйлээ нээлттэй ярьчихвал сайхан.
-Амьд харилцаа үүсгэхийг хүсч байгаа эмэгтэй байвал таныг хаанаас олж болох вэ?
-Паах. /инээв/ Би продакшн дээрээ л байж байдаг. Гэртээ бараг харьдаггүй гэж хэлж болно. Завгүй үедээ энд, завтай үедээ ч энд. Найз охинтой болвол мэдээж чөлөөт цагаа өөр газар л өнгөрөөх байх.
Ярилцсан: Ж.Энхцэцэг
Эх сурвалж: "Толь" сонин