Долоо хоног бүрийн төгсгөлд өөрөөсөө асуувал зохих 6 асуулт
2018/12/25
Цаг хугацаа яагаад хурдан өнгөрдөг талаар бодож үзлээ л дээ. Нэг л замаараа явж, нэг л зүйлээ хийж, нэг л давтамж үргэлжилдэг учраас тэр юм шиг... Шув шулуун замаар алхахад хүрэх газраа хурдан очдогтой л адил юм уу даа. Амьдралд онцын үйл явдал ч өрнөхгүй үед цаг хугацаа нисээд өнгөрөхийг л илүү анзаарч эхэлдэг бололтой. Тиймээс л "нисээд" байгаа мэт санагддаг хэрэг. Цаг хугацааны урсгалд жаргаж зовж, инээж уйлж, мэдэрч таашааж, үзэж харж, хийж бүтээхгүй бол нэг л мэдэхэд буурал үстэй эмээ болчихсон амьдралынхаа сүүлийн өдрүүдийг угтаж байх вий… Тиймээс адаглаад 7,7 хоногоор нь төлөвлөж, шинэлэг зүйлсэд өөрийгөө бэлтгэж, долоо хоног бүрийн амьдралынхаа циклд дүгнэлт хийн, төлөвлөж, өдөр бүр гоё байж сурцгаая! Цаг хугацаа мэлхий шиг удаан мөлхөж, маш олон зүйл амжуулсан юм шиг мэдрэмж төрж юуны магад.
Энэ долоо хоногт би ямар гайхалтай үйл явдлууд тохиосон бэ? Өнгөцхөн харахад нийгэм тэр чигтээ болохгүй зүйлсээр дүүрсэн мэт, чиний амьдрал хүртэл хөл толгойгоо олохоо больсон утга учиргүй юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ нүдээ сайн нээгээд харвал өнгөрсөн 7 хоногт, тэрний өмнөх 7 хоногт, энэ долоо хоногт амьдралд чинь олон сайхан үйл явдал тохиосон байгаа. Бяцхан дүү чинь хөлд орсон, аавын чинь 55 насны төрсөн өдөр тохиосон, хамгийн сайн найз чинь мөрөөдлөө биелүүлэхээр алсын орныг зорьсон, ах эгч 2 чинь хуримын өдрөө товлосон, удаан хугацаанд холбоо тасарсан найзтайгаа уулзаж ганхаад байсан нөхөрлөлийн харилцаагаа сэргээсэн, ажлаа маш сайн гүйцэтгэлтэй хийсэн, өөртөө зориулж шинэ ном авсан, гэртээ шинэ жор туршиж нэг хоолыг хэрхэн хийхийг маш сайн сурсан гээд тоочоод байх юм бол нэгхэн долоо хоногт чиний нүдийг нээсэн, сэтгэлийг чинь дулаацуулсан, баярлуулсан гайхалтай үйл явдлууд олон л тохиосон байгаа. Тиймээс 7 долоо хоногийн төгсгөлд энэ долоо хоногт надад ямар гайхалтай үйл явдлууд тохиосон билээ? гэж асууж заншаарай.
Энэ долоо хоногт ажлаасаа шинээр юу сурсан бэ? Энэ нь дараагийн долоо хоногт хэрэг болж чадах уу?
Мэргэжлийн ямар ур чадварыг, ямар мэдлэгийг, харилцааны ямар чадварыг шинээр сурав гэдгээ олж мэдээрэй. Санхүүгийн тооцоо нийлж сурсан, шинэ ажилтантайгаа учраа ололцсон, шинэ төслөө даргадаа танилцуулсан, хамт олныхоо өмнө ярих, сошиал маркетенгийн сургалтанд суусан, оффис дээрээ ирэхгүйгээр ажлаа онлайнаар цалгардуулалгүй хийж сурсан, долоо хоногоор төлөвлөж төлөвлөгөөгөө давуулан биелүүлж сурсан, компьютерийн код уншиж бичиж сурсан, цаг барьж сурсан гээд жижиг том юу ч байж болно. Хамгийн гол нь чиний сурч мэдсэн зүйл дараа дараагийн ажилд чинь тус дэмээ үзүүлэхүйц байж чадсан бол бүр л догь. Тиймээс долоо хоногийн төгсгөлд цаг гаргаж заавал шинээр сурсан зүйлсээ эргэцүүлээрэй.
Урт хугацааны зорилгодоо хүрэхийн тулд ямар зорилтыг энэ долоо хоногт биелүүлж чадсан билээ?
Нэг нууц задлах уу? Гоолингоо нь ирэх онд гаргахаар төлөвлөсөн шинэхэн номынхоо агуулгын төлөвлөөгөг өнгөрсөн энэ долоо хоногт гаргаж дуусгасан. Одоо маш сайн бичих л үлдэж байгаа юм. Бидний хувьд том зорилгодоо хүрэхийн тулд хийсэн нэг чухал зорилтоо энэ долоо хоногт биелүүллээ. Нэг алхам ойртллоо гэсэн үг шүү дээ. Чи минь харин том зорилгоо биелүүлэх, ямар жижиг зорилгыг энэ 7 хоногт гүйцэтгэсэн бэ?
Юунд их цаг зарцуулж, юунд хамгийн их цагаа үрсэн бэ?
Зарим нэгний хувьд энэ долоо хоногт ажилдаа бага цагийг гэр бүлдээ арай их цагийг зарцуулсан байж болно. Эсрэгээрээ гэр бүлдээ бага цагийг ажилдаа илүү их цагийг ч зориулсан байж магадгүй. Мөн ном уншихад, хоббигоо хөгжүүлэхэд, магадгүй сошиал ертөнцөд өрнөж буй шинэхэн мэдээлэл, асуудлуудад анхаарлаа илүү хандуулсан ч байж болно. Цагаа их зарцуулж, цагийг чинь их үрж байгаа зүйл юу вэ? Алинд нь арай илүү цагийг, алинд нь арай бага цагийг зориулах шаардлагатай байна. Эдгээрийг тодорхойлоод сурчихвал амьдралынхаа тэнцвэрийг олоход арай хялбар байх болно. Аль нэгийг нь арай илүү хийгээд нөгөөг нь орхигдуулахгүйн тулд долоо хоногийн төгсгөлд цаг гаргаж заавал үүний тухай эргэцүүлээрэй.
Чи хэрвээ юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ?
Томоохон эрдэм шинжилгээний хуралд оролцох боломжоо олны өмнө ярьж чадахгүй байх гэх айдсаасаа болоод орхисон уу, “би тийм ч хамт олонсог биш, надад олон хүний дунд байх тухгүй байдаг” гэх айдсаас үүдэж хамт олны шинэ жил, баярт мөчөөс хоцорч үлдсэн үү, англиар тийм ч сайн ярьж чадахгүй гэсэн айдсаараа үнэ төлбөргүй, англи багштай сургалтанд хамрагдах боломжоо алдсан уу? Чи ямар айдсаасаа болж ямар боломжийг энэ долоо хоногт үгүй хийсэн талаараа цаг гарган бодохыг зөвлөж байна. Шэйрил Сандбергийн “Өөдөө тэмүүл” ном дээр “Чи хэрвээ юунаас ч айдаггүй байсан бол юу хийх байсан бэ?” гэдэг нэгэн асуулт байдаг. Өөрөөсөө асууж үзээд ирэх долоо хоногт оролдоод үзэх итгэл төрөх ч юм билүү?
Ирэх долоо хоногт чиний хийх зүйлс юу вэ?
Төлөвлөж чаддаг хүн бусдаас үргэлж нэг алхамын түрүүнд явдаг гэх үг бий. Хэрэв амралтын өдрөөр ирэх 7 хоногоо төлөвлөөд хэвшчихвэл “одоо юу хийх билээ, яах билээ” гэдэг асуултуудад цаг алдалгүй гүйцэтгээд л явах болно. Юу хийх нь тодорхой болчихвол ажил гараас хурдасна. Амьдралыхаа талбаруудад цагаа зөв хуваагаад сурчихвал амьдрал чинь тун ч тэнцвэртэй өрнөнө, зөв төлөвлөж зөв зохион байгуулалт хийчихвэл бүхэн бүтэн долоо хоног үр бүтээлтэй, сэтгэл хангалуун өнгөрөх болно. Ирэх долоо хоногт ямар ажлуудыг амжуулахаар төлөвлөж байна даа?
Эх сурвалж: Goolingoo.mn