Нийслэлийн зам нийтийн тээврийнхний өмч болоод удсан. Тэд нэгдүгээр эгнээгээр л явах ёстой. Гэтэл хоёрдугаар эгнээ рүү холбирч орж ирээд болдоггүй ээ, Хотын дарга аа.

Өөрөөр хэлбэл, таны шийдвэрийг “танхай” жолооч нар хэрэгжүүлэхгүй хэдэн муусайн хувийн машинтай иргэдийг “дарамтлаад” байна.

Автобусанд шахагдсан жолооч нар өөр тийшээ дарж байна гээд бусадтай мөргөлдөх, шүргэлцэх осол нэлээдгүй гаргах болов. Манайх шиг нарийн замтай оронд нэгдүгээр эгнээг нийтийн тээврийнхэнд эзэмшүүлчихээр иргэд чинь явган таваргах хэрэг үү.

Авто замын асуудалд анхаарлаа хандуулж, аль эсвэл замыг нь стандартад нийцсэн эвтэйхэн болгоод өгөөч. Хүн амаараа толгой цохидог хятад л гэхэд газар нутгаараа гавихгүй. Гэтэл авто замынхаа асуудлыг аль хэдийнэ шийдчихсэн байх жишээтэй.

Авто замаа өргөсгөхөөс гадна орчин үеийн шийдэл бүхий давхар замуудыг бариад түгжрэлээсээ салж чадалгүй адаг сүүлд нь автомашинуудаа улсын дугаараар нь ангилж явуулдаг тогтолцоонд шилжсэн. Энэ нь үр дүнгээ өгч өдгөө түгжрэлгүй хот болж чадсан түүхтэй. Харин манайд эсрэгээрээ хамгийн сүүлийн арга хэмжээг нь авчихжээ. Манай улсад давхар зам байхгүй. Байлаа гэхэд хоёрхон эгнээ төдий. Түгжрэл үүслээ гэхэд нэг эгнээ замаар хоёроос гурван давхар цуваа үүсгэдэг. Үүнийг арилгах гэж хичээсэн нь зөв. Гэхдээ арга барил чинь арай л биш ээ. Ичгэвтэр юм.

“Ичих булчирхайтай дарга байна уу” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос нэгэн сэтгүүлч асуухад “Ичдэг хүн хөгждөг байхгүй юу. Жишээ нь, Э.Бат-Үүлийг их сайн мэднэ. Тэр бол их ичимхий хүн. Хүн дутагдлыг нь онож, зөв шүүмжлэх юм бол Э.Бат-Үүл хамгийн түрүүнд хүлээж авч чадна” хэмээсэн байдаг. Тэгэхээр хотын дарга ичимхий хүн байх нь. Ичих булчирхайтай байна гэдэг ирээдүйд их юм хийж таараа.

Харин нийтийн эзэмшлийн замыг автобус, таксинуудад “хандивласан” чинь арай л дэндсэн үйлдэл. Дээрээс нь улсын дугаарын хязгаарлалт хийж увайгүйтсэн. Гадаад орнуудын жишгээр замаа өргөсгөж, давхар зам бариад дараа нь түгжрэл гэж толгойгоо цохисон бол дугаарын хязгаарлалтаа дураараа хийж болно. Насжилт нь дууссан нарийхан зам дээр нааш, цааш давхих жолооч нарт дарамт үзүүлж, эрхийг нь хасч ичмээр үйлдэл хийхийн оронд авто замын ажлыг арай өөр маягаар хийлгэвэл яасан юм бэ. Удахгүй авто замын засвар эхэлнэ. Жирийн үед нэгдүгээр эгнээгээрээ явж чадахгүй жирийтэл давхидаг автобуснууд замын ажил эхлээд ачаалалтай болохоор аль хэсгээр давхих бол.

Нийтийн тээврийн жолооч нар соёлтой үйлчилгээ үзүүлнэ хэмээн бичиг нааж, улаан модтой цагдаа харахаараа номын царайлж жүжиглэсээр байх уу. Танд л гэж хэлэхэд татвар төлөгчдийн мөнгөөр тансаг зам бариулж чаддаггүй юмаа гэхэд автобуснуудаа аргалаад явуулж чадахгүй байна уу. Таны гаргасан захирамжид омогшсон онгироо жолооч нар нэгдүгээр эгнээгээрээ явахгүй иргэдийг ичээгээд байна.

А.Лхагва