Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын тухай хууль болон Чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж, өнгөрсөн Баасан гарагийн шөнө хэлэлцэж эхэлсэн билээ. Хуулийн төсөл батлагдмагц УИХ-ын гишүүдийн олонх нэгдэж, УИХ-ын даргыг албан тушаалаас нь чөлөөлөх утга бүхий тогтоолын төслийг өргөн мэдүүлэх боломж нээгдэнэ.

Өөрөөр хэлбэл УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөх хууль эрх зүйн орчин 14 хоногийн орчим бүрэлдэх төлөвтэй байна. Үүнтэй холбогдон УИХ-ын дараагийн дарга хэн байх вэ? гэдэг асуудал МАН-ынхны дунд яригдаж эхэлжээ.

Тэр бүү хэл МАН-ын хоёр бүлэг тус тусдаа зөвшилцлийн ажлын хэсэг байгуулан өнгөрсөн Пүрэв гарагаас эхлэн нийт гурван удаагийн уулзалт хийсэн байна.

Мэдээж зөвшилцлийн ажлын хэсгийн гол маргаан нь УИХ-ын даргаар аль бүлгээс хэнийг томилох вэ? гэдэг асуудал.

У.Хүрэлсүхийн талаас Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарыг, М.Энхболдын талаас Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ж.Эрдэнэбат нарыг санал болгож буй аж.

Гэхдээ аль аль талтайгаа ойлголцож чадахуйц бөгөөд өөрийнхөө бүлгийн УИХ-ын гишүүдийн олонхийн дэмжлэгийг авах боломжтой кандитатууд нь УИХ-ын гишүүн, Батлан Хамгаалахын Сайд Н.Энхболд, Ерөнхий Сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар юм байна.

Гэвч энэ нэрс явцын дунд өөрчлөгдөж магадгүй бөгөөд учир нь талууд аль бүлгээс УИХ-ын даргыг сонгох вэ? гэдгээ эцэслээгүй байгаа аж.

Э.Мягмар

sonin.mn