Солонгосын Элчин сайдын холбогдсон хэргийн буруутай этгээдэд хариуцлага тооцно хэмээн мэдэгджээ
2019/01/15
Хэд хоногийн өмнөөс БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны Солонгос дипломат ажилтан доороо ажилладаг Монгол эмэгтэйн биед халдаж, хүчирхийлсэн гэх агуулгатай видео бичлэг сошиол орчинд тархаад байгаа.
Энэхүү хэрэг нь өнгөрөгч оны наймдугаар сард болсон бөгөөд өдгөө хүртэл нууцлагдмал байж байгаад иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хаягаар сошиалд дэлгэсэн.
Тэгвэл энэхүү бичлэгийн талаар Солонгосын хэвлэлүүд ч бичиж эхэлжээ. Тус улсын нэр хүндтэй хэвлэлүүдийн нэг “JTBC” телевиз энэ сарын 11-нд өөрийн мэдээллийн сувгаараа дамжуулан уг хэргийн талаар мэдээлсэн байна.
Дээрх мэдээнд “БНСУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ-ны ажилтан хэсэг хүмүүстэй оройн хоол идсэнийхээ дараа Монгол эмэгтэйг зодож, хүчирхийлэхийг завдсан. Эмэгтэйг коридорт чирж байхыг харсан хамгаалагч гар утсаараа бичлэг хийж өрөөнд нь орсноор энэ хэрэг олон нийтэд ил болжээ. Үүнийг тус дипломат ажилтан өөрийн улсын Гадаад харилцааны яаманд тайлбарлахдаа “Байгууллагын өдөрлөг болж байсан бөгөөд унтаж байхад хооронд ажилчид маргаан үүсгэсэн, энэ үед байрны хамгаалагч гаднаас орж ирэн бичлэг хийж эхэлсэн тул хувцасгүй байсан эмэгтэйн биеийг нь халхалж өгсөн. Одоогоор хэргийн үйл явцыг шалгаж байгаа бөгөөд хэрэг шийдэгдээгүй байна” хэмээжээ. Мөн мэдээний төгсгөлд холбогдох этгээдийг БНСУ-ын талаас шалгахад ЭСЯ-ны харьяа бус өөр байгууллагаас томилолтоор очсон нэгэн болохыг тогтоосон тухай дурджээ. Мөн тус улсын Гадаад харилцааны яамнаас энэ хэргийн талаар нарийн шалгалт хийх бөгөөд, буруутай хүмүүст хариуцлага тооцно хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.
Харин БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайдын яам уг үйл явдлын талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ч “Энэхүү үйл явдал нь фэйсбүүк дээрх тайлбараас өөр бөгөөд БНСУ-ын ЭСЯ-ны Монгол ажилтануудын хоорондох маргаан. Хэрэгт холбогдсон МОНГОЛ АЖИЛТНУУД НЬ өөрсдөө “ӨӨР ХООРОНД БОЛСОН МАРГААН” ГЭЖ МЭДҮҮЛЭГ ӨГСӨН. Харин тус бичлэгийг оруулсан Монгол иргэнийг зөвшөөрөлгүйгээр хуурамч мэдээлэл цацан, хувь хүний нэр хүндэд халдсан хэмээн цагдаад гомдол гаргасан. Одоогийн байдлаар хэрэг явдлын үнэн бодит байдлыг тогтоохоор шалгаж байгаа, үр дүнгээс хамааран арга хэмжээ авах болно” гэжээ.