Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашиг болгон 3000 төгрөг тараана гэдэг нь худал мэдээлэл
2019/01/17
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд ЭТТ компани ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо гэсэн мэдээлэл гарч байгаа юм. Энэ асуудлаар ЭТТ компаний хэвлэл мэдээлэл, ОН-тэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хэвлэлийхэнд тайлбар өглөө.
Тэрээр хэлэхдээ:
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн удирдлагууд уулзалт хийж буй бичлэг нь 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн бичлэг бөгөөд тус уулзалтаар 2017 оны ногдол ашиг хуваарилах асуудлаар ярилцсан болно. Иймээс "Ногдол ашиг болгон 3000 төгрөг тараахаар боллоо" хэмээн бичиж, түгээж байгаа нь андуурсан, ташаа мэдээлэл болохыг мэдэгдэж байна гэлээ.
Мөн компанийг 58 тэрбум төгрөгөөр оффисын зориулалтай барилга худалдан авах гэж байна гэсэн мэдээлэл зарим цахим сайт, сошиал сүлжээнд гарсан. Энэ мэдээлэл ч компанийн нэр хүндэд санаатайгаар халдсан ор үндэслэлгүй мэдээлэл гэж албаныхан тайлбарлаж байна.
Олон нийтийн сүлжээг ашиглан компанийн нэр хүндийг зориудаар унагаах, зохион байгуулалтай ажил хийхгүй байхыг ЭТТ компанийн удирдлагууд хүсэж байна гэж мэдээлэл хийлээ.