Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 11-11 төвд ажилласан юм. Энэ үеэр 4500 орчим иргэн утсаар болон цахим хуудсаар хандаж, мэдээлэл авчээ. Түүнийг ажиллах хугацаанд ирүүлсэн асуултын дийлэнх хувь нь тэтгэврийн нэмэгдэлтэй холбоотой асуулт ирсэн байна.

С.Эрдэнэ "Зөвхөн ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь 30 хүртэл хувиар нэмэгдэж байгаа гэдгийг иргэд  ялгаж ойлгох хэрэгтэй" гэсэн юм.

Нийгмийн даатгалын болон цэргийн албан хаагчийн тэтгэврийн хэмжээг 2 дугаар сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлэх  Засгийн газрын  шийдвэрээр 200,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийг 27,0 мянган төгрөгөөр, 600,0 мянга хүртэлх төгрөгийн тэтгэврийн хэмжээг 22,0 мянган төгрөгөөр, 600,0 мянгаас дээш төгрөгийн тэтгэврийг 20,0 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Мөн бүрэн тэтгэврийн доод хэмжээ 180,3 мянган төгрөг байсныг 207,3 мянган төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 145,2 мянган төгрөг байсныг 172,2 төгрөг болгон шинэчлэн тогтоосныг онцлов.

Улсын хэмжээнд   318 000 орчим тэтгэвэр авагч байна. Эдгээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ хамгийн багадаа 20,0 мянган төгрөгөөр нэмэгдсэн аж. Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээ 103,6 мянган төгрөг байсныг 115,0 мянган төгрөг, нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээ 48,0 мянган төгрөг байгааг 52,8 мянган төгрөг болгон нэмэгдүүлэн тогтоосон гэдгээ С.Эрдэнэ хэллээ.

Х.Даваа