Mонгол Улсын аварга П.Бүрэнтөгс: 8-р ангид байхдаа Ө.Тулгаа зааныг давж өгүүлшгүй их урам зориг авч билээ
2020/07/21
Өнөө жилийн наадмын түрүү бөх Увсын цэнхэр хязгаараас тодорч, Увс аймгийн бөхчүүд Монгол төрийн наадмын 17 түрүүг хүртсэн амжилтаараа нэгдүгээрт эрэмбэлэгдэж байна. Увс нутаг ийнхүү бөхийн өлгий орон гэдгээ дахин бататгалаа.
Бөхөд хайртай олны түрүүлнэ хэмээн итгэл найдвар хүлээлгэж байсан Пүрэвийн Бүрэнтөгс улсын арслан цол хүртсэнээсээ хойш найман жилийн дараа төрийнхөө наадамд дахин түрүүлж Монгол Улсын 25 дахь аваргаар тодорлоо. Тэрээр түрүүлснийхээ дараа ъАав минь ерэн хоёр онд Улсын аварга малчин болж байсан. Миний бие 28 жилийн дараа улсын аварга цол хүртэж аавынхаа амжилтад хүрсэнд баяртай байнаъ гэж бахдал дүүрэн хэлсэн юм. Ингээд шинэхэн аварга П.Бүрэнтөгстэй Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч, сэтгүүлч Битогтохын Цогнэмэхийн хөөрөлдсөнийг хүргэж байна.
-Монгол Улсын аварга цолонд хүрч ард түмнээ баярлууллаа. Үнэхээр нэг бахтай сайхан барилдлаа?
-Бөхөд элэгтэй нийт Монголын ард түмэндээ баярлаж буйгаа илэрхийлье. 2010 онд улсын наадамд анх түрүүлж арслан цол хүртсэнээсээ хойш найман жилийн дараа монгол төрийнхөө наадамд хоёр дахиа түрүүлж монгол бөхийн дээд аварга цолонд хүрлээ. Энэ түрүү, энэ цол бол ганцхан минийх биш. 2012 оноос хойш намайг түрүүлчихээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч, дэмжиж, миний төлөө залбирч ирсэн бүх хүмүүст маш ихээр баярлаж байна. Энэ том амжилт ганцхан миний амжилт биш. Маш олон хүний хүчин зүтгэл, ивгээл хайраар миний бие аварга хэмээх энэ том цолонд хүрлээ. Мөн нэг түүх хэлэхэд, 1992 онд аав минь Монгол Улсын аварга малчин болж байсан. Хорин найман жилийн дараа би аавынхаа аварга хэмээх цолыг авч байна. Энэ надад юу юунаас илүү том баяр.
-Бүрэнтөгс аваргыг Увс аймгийн Давст сумынх, аав нь өндөр Пүрвээ гэж хүн байсан гээд бөхөд хайртай хүмүүс бараг л мэднэ...?
-Тийм ээ, би 1988 оны луу жилд Увс аймгийн Давст суманд малчны гэр бүлд төрсөн. Нүүдэлчин удмын өрх бүлд таван хүүхдийн отгон нь болж заяасандаа бэлгэшээж явдаг. Аавыг маань манай нутгийнхан өндөр Пүрвээ гэж авгайлдаг байлаа. Залуудаа их өндөр хүн байсан, хороо цэргийн эхэнд зогсдог байсан юм билээ. 1992 онд улсын аварга малчин болсон буурал даа. Хоёр ах, хоёр эгчтэй. Зарим нь нутагтаа малч удмаа шүтэн амьдарч байгаа. Бөхийн өлгий нутагт төрж, өссөн минь их хувь заяа шүү.
-Улсын арслан М.Мөнгөн танай Давст сумынх, миний санахаар бүр Торхилогийн голынх байх шүү?
-Торхилогийн голд М.Мөнгөн арслан бид хоёр төрсөн гэж бодохоор өөрийн эрхгүй огшдог.
Үнэхээрийн хувь заяа намайг ивээжээ л гэж боддог. Намайг улсын наадамд анх түрүүлэхэд манай гол, манай сумаас улсын арслан цолтой хоёр бөх төрлөө гэлцэж байсан. Одоо ингээд манай сум улсын аваргатай боллоо. Монгол төрийг 44 жил жолоодсон их удирдагч Юмжаагийн Цэдэнбал энд мэндэлсэн. Сүлд хийморь нь биднийг ивээдэгт огтоос эргэлздэггүй.
-Өөрийг тань олон хүн түрүүлнэ гэж итгэж хүлээж байсан. Монгол даяараа баярлалаа. Энэ жилийн наадмын тухай хуваалцахгүй юу?
-Намайг түрүүлээсэй гэж итгэж хүлээсэн бүх хүний итгэлийг алдаагүйдээ баяртай байна.
ъУвс нууръ гал дээрээ хамт бэлтгэл сургуулилтаа хийдэг дотны найз Н.Батсуурь аваргатайгаа түрүү үзүүрт үлдэж харгүй сайхан барилдлаа. 1982 оны наадмаар Х.Баянмөнх аварга, М.Мөнгөн арслан хоёр улсын наадмын түрүү үзүүрт шалгарч байсан тэр сайхан амжилтыг давтлаа. Энэ жилийн наадмын бэлтгэлээ ъУвс нууръ бөхийн галдаа гавьяат тамирчин О.Одгэрэл багшийнхаа удирдлагад хийсэн. Бэлтгэл сайн байсан. Зарим жил тавын даваанд бүдэрч наадамчин олны сэтгэлийг гонсойлгож байсан бол энэ жил санасандаа хүртэл барилдаж түрүүллээ.
-Бөх болно гэдэг яах аргагүй удам гарвалтай холбоотой байдаг. Аавын тань өндөр чац аваргад заяажээ?
-Аав маань насаараа нэгдэлд мал малласан. 1992 онд мянгат малчин болж байлаа. Тун хөдөлмөрч хүн. Аавын маань зан чанар намайг үндэсний бөхийн өндөр амжилт гаргахад нөлөөлсөн болов уу. Залуудаа нэг метр 85 см өндөртэй, 140 шахам кг жинтэй байсан. Морь даахгүй шахуу л.
-Морины нуруунд халгаатай тураг биетэй хүн гэж ярилцдаг шүү дээ?
-Яг тийм. Морины нуруу тэсгээхгүй (инээв). Бие махбодь болоод сэтгэл, оюуны төлөвшил нь надад хуралдсан болов уу гэж боддог.
-Ижийн тань талаар лавламаар санагдлаа?
-Ээж минь манай сумын Хөндлөн багийн Н.Норов гэдэг сайхан монгол эмэгтэй. Айлын долоо, найман хүүхдийн хоёр дахь гэнэ лээ. Аав ээж хоёр минь ясны малч удмынхан. Энэ сайхан үйлс заяаны эзэн болж хэдэн хүүхдээ хүний зэрэгт хүргэсэн ачтанууд. Ээж маань намайг хэвлийдээ илүү сар тээж төрүүлсэн юм байна лээ. Сумын эмч ээжид “Танаас ихэр хүүхэд төрнө” гэж л дээ. Аав ээж хоёр ч бат итгэчихсэн. Илүү тээлттэй болохоор аймгаас эмч дуудаж. Амаржсаны дараа манай хоёр “Ихэр хүүхэд төрнө гэсэн байх аа” гэж л дээ. Харин эмч “Ихрийн дайтай л их том хүү төрлөө шүү дээ” хэмээн хариулсан гэдэг.
-Тэгэхээр мундаг том хүүхэд төрж дээ. Хэдүй хэр жинтэй байсан бэ?
-5.4 кг жинтэй гарсан юм билээ.
-Бөх болоход удам гарвалаас гадна төрсөн нутаг, уул ус нөлөөлдөг гэсэн шинжлэх ухааны судалгаа ч байдаг. Энэ талаар юу гэж боддог вэ?
-Надад заяасан бие хаа маань эцэг эхийн яс, цуснаас гадна төрсөн нутгийн минь уул устай яах аргагүй холбоотой. Сургуулийн амралт бүрээр хөдөө гэртээ байнга очно. Аймгийн төвөөсөө сумандаа очно. Өтөг бууцны үнэр, сүрэг малын сэтгэлд ээнэгшсэн сайхан орчин угтана. Янгирын сүрэг бэлчдэг үзэсгэлэнт Хатуугийн ууландаа мал хариулна. Морь явах аргагүй. Хад асга ихтэй тул явган л хонь хариулна шүү дээ. Уулын орой хүртэл мацаад бэл рүү асга хадан дундуур л бууна. Энэ бүхэн надад тэсвэр тэвчээр, бие сэтгэлийн хат суулгаж өгсөн. Манайх Увс нуурын хөвөөнд нутагладаг байсан. Эрс, тэс уур амьсгал нь хүн малгүй хөрвөжүүлдэг, чийрэгжүүлдэг. Нэг зүйлийг ажсанаа сонирхуулахад төрсөн нутгийн уул ус хүний зан байдал төлөвшихөд нөлөөлдөг юм болов уу гэж боддог. Манай хадам Хэнтий аймгийн Дархан сумынх л даа. Талын хүн их тайван дөлгөөн. Аливаад “Болно доо, бүтнэ дээ” гэсэн аядуу уужим сэтгэлээр ханддаг юм билээ. Харин манай нутгийнхан уулсаа дагаад ямарваа зүйлд тэмцэмтгий, дайчин, аливаа бүхний оргилд нь гарч байж санаа нь амардаг хүмүүс байх жишээтэй. Уулын орой өөд өгсөж яваа хүн оргилд нь гарч байж амьсгаа авдаг гэдэг шүү дээ.
-Мэдээж төрөлх сумаасаа төрсөн М.Мөнгөн арслангаа шүтэн биширч байсан байх?
-Тэгэлгүй яахав. Манай суманд М.Мөнгөн арслангийнхаа алдрыг нэг удаа тэмдэглэв. Тэр үед би жаахан хүүхэд өсвөрийн барилдаанд гараад унаж хаяад л явдаг байж. Би М.Мөнгөн арсланг сумандаа гурав хоноход хажуугаас нь огт салаагүй шүү. Жаахан хүүхдийг яаж тоох вэ. Зугаалганд явахад нь амдаж тосч байгаад л тракторт суугаад дагачихсан. Тэр хүний ярьж байгаа, аяглаж буй бүхнийг дуурайж, энэ аугаа бөхөөс юуг сурч авах вэ гэж тархиа чилээдэг байлаа. Дараа нь Улаангомоос Улаанбаатарт хөл тавихад М.Мөнгөн арслан маань надад ихийг сургасан даа. Барилдааны хувьд ярихад бөхийн тал гэж байдаг даа. Энэ тал дээр хэрхэн яаж барилдах вэ гэдгийг нарийн зааж сургасан шүү. Хүмүүст энгийн санагддаг хэрнээ их ухаан зангируулах зүйл. Бурхан болохоосоо өмнө ч зааж зөвлөсөөр л байсан даа. Тэр жилийн наадамд эдүгээгийн улсын арслан Р.Пүрэвдагва бид хоёрын барилдаан их маргаантай болсныг олон түмэн мэдэж байгаа. Тэр үед М.Мөнгөн арслан маань хоёр удаа даралт харвачихсан биеийн байдал тун хүнд байсан юм. Зурагтаар бидний барилдааныг үзээд бухимдлаа илэрхийлж чадахгүй их шаналсан юм билээ. Энэ бүхэн нь түүнийг дахин даралт харвахад хүргэсэн гэнэ лээ, хөөрхий. Бурхан болохоос нь өмнө очиход бие нь тун барагтай, хальт уулзаад өнгөрсөн дөө.
-Аваргад маань том урам өгсөн анхны барилдаанаа өгүүлж уншигч олондоо сэтгэгдлээ хуваалцана уу?
-Би Улаангомд болсон барилдаан дээр наймдугаар ангид байхдаа улсын заан Ө.Тулгааг хаяж өгүүлшгүй их урам зориг нэмж билээ. Ө.Тулгаа заан бол эгэлгүй төвшин, их даруу зөөлөн хүн байж дээ гэж одоо бодох юм. Надтай барилдаж байх үедээ миний шилэн хүзүү рүү ганц ч удаа ширүүн цохиж байгаагүй. Барилдааны үед ийм зүйл зөндөө л тохиолддог. Хэрвээ чанга цохичих юм бол сөхрөөд уначих жаахан хүүхэд байсан хэрэг. Ирээдүйд сайн барилдах хүүхдийг халираагаад яах вэ гэж бодсон болов уу. Тун үг цөөтэй хүн. Аугаа ухаантай байж дээ гэж боддог юм. Урам өгсөн байх л даа. Энэ барилдаанаас хойш сар шахам эрч хүчтэй барилдаж байснаа дурсахад сайхан байна.
-Зөв чиг баримжаатай бөх болон төлөвшихөд багш, дасгалжуулагчийн үүрэг, зөвлөгөө чухал байдаг. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?
-Үнэхээр тийм. Би өсвөр үед барилдахаасаа эхлээд л өндөр зэрэглэлийн бэлтгэл сургуулилтад хамрагдсан юм. Миний үед Увс аймгаас шижигнэсэн залуус гарч эхэлсэн. С.Мөнхбат аварга, Ө.Бат-Орших гарьд, Н.Батсуурь аварга, Д.Энхбаяр начин гээд л. Одоогийн гарч ирсэн аймгийн арслангууд бид хэд нэг үеийнхэн. Бид долоо хоног бүрт барилдаж Ш.Бат-Очир багшийн удирдлага бөхийн дугуйланд яваад л дөр суусан хэрэг. Цолтой болох тухай ч бодож эхэлсэн. Багш нар маань улсад та нар нэгэн үеийг төлөөлж чадна хэмээн сургаж байлаа. 2008 онд Увс аймгийнхаа наадмаар тав давж начин цол ч хүртэв. Дараа нь цолоо ахиулж чадалгүй хоёр жилийн нүүр үзсэн.
-Аймгийн арслан цолыг Баян-Өлгий аймгийн 70 жилийн ойгоор хүртсэн байх аа?
-Хоёр жилийн турш аймгийн арслан болно гэж энд тэнд барилдаад түрүүлж чадахгүй доголон нулимстай буцаж байлаа. 2010 оны улсын наадамд гурвын даваанд аймгийн арслан Б.Сангисүрэнд тунаад унасан. Гэртээ ч очлоо. Аав ээж хоёртойгоо ярилаа. Баян-Өлгий аймагт том ой болох юм байна. Очиж барилдаад арслан цол авах санаатай гэдгээ хэллээ дээ. Аав “Олон том бөх очиж таарна. Миний хүү ч арай барахгүй биз” гэж билээ. Тэгээд л очиж барилдаад, олон хүчтэнг өвдөг шороодуулж нэр хүндтэйгээр аймгийн арслан цолыг хүртсэн дээ.
-Ямар хүчтэнүүд тэнд зодоглосон бэ?
-Манай аймгийн арслан Зүүнговь сумын Я.Цэдэнбал гэдэг ах үзүүрлэсэн. Дөрөвт одоогийн гарьд Ө.Бат-Орших харцага цолтойдоо, улсын заан Ч.Мягмарсүрэн нар үлдсэн. Би эдүгээгийн гарьд Ө.Бат-Оршихтойгоо тунаж барилдаад давсан юм. Өмнөх даваануудад аймгийн заан Б.Ганзориг, эдүгээгийн улсын аварга Н.Батсуурь, улсын харцага цол аваад байсан А.Бямбажав нартай хүч үзээд давсан шүү. Ийнхүү аймгийн арслан гэдэг сайхан цолыг авсан маань улсын арслан, аварга цолыг авах үүд хаалгыг минь нээж өгсөн юм.
-Арслан болсон жилийнхээ барилдааныг эргэн дурсвал ямар вэ?
-Тэр жил тавд Өсөхбаяр заан, зургаад Булганы Энхбат начин, долоод Баяржавхлан гарьдыг хаясан маань улам зоригжуулсан. Наймын даваанд Эрхэмбаяр аваргыг арслан цолтой байхад хаячихав. Үзүүр түрүүнд Рагчаа гарьдтайгаа үлдээд л энэ эрхэм цолонд хүрсэн дээ. Бүгд л цолоо ахиулна гэсэн шилдэг хүчтэнүүд байлаа.
-Дөрөвт үлдээд байхад чинь Баянаа аварга өөрт чинь зөвлөөд байгаа бололтой харагдсан. Их аварга маань тэр үед юуг зөвлөсөн бэ?
-Аугаа хүний нөмөр нөөлөг гэдэг юутай ч зүйрлэшгүй. Баянаа аварга Төв цэнгэлдэхэд орж ирээд бидний хажууд суухад л эерэг мэдрэмж төрж бие хөвчирч, зориг орж тайвширцгаадаг юм. Арав түрүүлчихсэн аугаа бөхийн хажууд байна гэдэг аяндаа л эрч хүчийг нөмөргөж орхидог. Намайг энэ эрч хүчээрээ л яваад бай. Боломж байна гэсэн. Өөрийнхөөрөө л барилд гэсэн. Ер нь буурал аварга маань бидэнд чи тэг, ингэ гэж тулгадаггүй. Хувь хүний онцлогт нь тохируулж зөвлөдөг л дөө. Надад ч зөн совин төрж эхэлсэн. Цөс хөөрөөд байсан. Үзүүрлэсэн жилдээ би дөрөвт үлдчихээд Санжаадамба аваргыг заан цолтой байхад нь амлаж хаясан. Ам авах болоод энэ шийдвэрийг хэллээ дээ. Баянаа аварга “Аа за за. Зориг сайхан байдаг юм. Миний хүү хүссэнээрээ барилд” гэсэн дээ. Энэ үг л намайг асааж орхихгүй юу.
-Ардын хувьсгалын 95 жилийн ойгоор 1024 бөх барилдлаа. Тэр наадмаар үзүүрлэж улсын арслан цол хүртсэн Р.Пүрэвдагва та хоёрын барилдааны талаар өмнө нь бид хоёр цухас сөхсөн. Бөхийн цэц барилдааныг камераар шүүхгүй гээд та хохирсон. Энэ барилдаанд та үнэхээр харамсаж харагдсан. Энэ талаар сөхөж ярих уу?
-Ид барилдаж буй насандаа том ойд хүч үзчихээд ингэж хоцорно гэдэг үнэхээр хохиролтой. Сэтгэлийн их зовиур тээж хоцорсон. Өмнөх жилүүдэд түрүүлж, үзүүрлэсэн арслан чинь түрүүлнэ гэсэн бат итгэлтэйгээр бэлтгэл хийчихсэн байхдаа ингэж хохирохыг төсөөлөөд үз дээ. Би аварга болно гэдэгтээ итгэлтэй байсан юм.
-Тийм ойгоор арслан цолтой хүн үзүүрлэхэд л аварга болох байсан л даа?
-Дүрэмдээ тэгж заасан байгаа. Тэгэхдээ би түрүүлнэ л гэж бодож байсан. Тэр жилийн Бөхийн өргөөнд болсон өмнөх барилдаануудад долоо, найман удаа үзүүр түрүүнд гарсан үе шүү дээ. Маш сайн бэлтгэлтэй байсан. Тэр жилийн барилдаан хор найруулгатай болж хүнд цохилтод оруулсан. Гэхдээ бид чинь залуу хүмүүс. Олон жил цугтаа зүлэг ногоон дэвжээндээ хүч сорих хойно юундаа харамсах вэ гэж сүүлд энэ бүхнийг таягдан хаясан. Р.Пүрэвдагва арслан ч сүүлд уучлалт гуйсан.
-Сүүлд болсон нэг барилдаанд та Р.Пүрэвдагвыг дунд шөвөгт үлдээд байхдаа амлан авч хаясан шүү дээ. Даагаа нэхсэн хэрэг үү?
-Би тамирчин хүн. Өөрийгөө мэдрүүлье гэж бодсон юм. Маргааш нь Р.Пүрэвдагва утсаар “Бид залуу хүмүүс. Хар хоргүй явцгаая. Тухайн үед хөгшин чинь амжилт гаргах гээд л улайрчихсан явсан үе. Одоо ийм байдлаар хоёулаа яваад яах вэ” гэсэн. Би ч “Бид олон жил цугтаа сайхан барилдана аа. Би юу санах вэ дээ” гэдгээ хэлсэн. Ер нь бол энэ барилдааны гол буруутан бөхийн удирдах хүмүүс, шүүсэн цэцийн хэдэн хүн шүү дээ. Бөхчүүдийг ч, ард түмэн, үзэгч олныг ч талцуулсан. Бөх хүн бүр давахыг зорьдог. Р.Пүрэвдагва тэгж л зүтгэсэн. Улайм цайм ийм луйвар ахиад давтагдах ёсгүй. Бүтэн сарын турш би гүн шооконд байсан. Эцэстээ наадам нэгээр дуусахгүй гээд өөрийгөө хурцалсан даа. Бөхийн барилдаан бол нэг талаар тулааны спортын мөн чанартай. Дэвжээн дээр ёстой л унах хүртлээ яс “тулалдана”. Амьдрал дээр манай ч, бусад бөхийн галынхан их дотно шүү дээ. Нөгөө МҮБХ-ны хэдэн хүний ярьдаг шиг дайснууд биш ээ. Сайхан найзууд шүү. Санжаадамба аварга байхгүй бол би байхгүй гэсэн үг. Ийм байдлаар л бие биеэ хүндэлж явдаг. Хааяа уулзаж наргиж цэнгэнэ. Ийш тийш цугтаа барилдаанд явна. Алдаа дутагдлаа хоорондоо ярьцгаана. Бие биеэ ч ирлэнэ. Нэгэн үеийнхэн чинь бие биеэ хайрлаж явахгүй бол яаж урагш гишгэх вэ. Архангайн ч, Ховдын ч, Булганы ч, Хэнтийн ч юм уу хэн нэг нь байхгүй бол бидний барилдаан давсгүй хоол шиг амт нь сулраад л ирдэг. Хоёр Мөнх аваргыг олон жил хоорондоо муу, өстөн мэтээр ярьж ирсэн. Буурал аваргын дэргэд олон жил цуг байхад нэг ч удаа Мөөеө аваргыг муу муухайгаар дуудаж байхыг сонссонгүй. Би тоглоомоор “Дэргэд нь очоод суучихаач дээ” гэхэд буурал аварга маань “Одоо ч миний үгийг ойлгохоо больж дээ, Мөөеө минь” гэдэг. Тэр хоёр бие биеэ хачин их үгүйлдгийг олонтаа харж явлаа, сонсож байлаа. Бид ч гэсэн их аваргуудынхаа насан дээр очвол “Санжаа минь, Пүрэвдагва минь” гэж таарна шүү дээ. Өрсөлдөөн бол цаг зуурынх. Нөхөрлөл бол насан туршийнх.
-Аваргын гэр бүлийг хүмүүс их сонирхож байгаа нь мэдээж?
-Миний хувьд эхнэр гурван хүүхдийн хамт амьдарч байна. Миний хань Хэнтий аймгийн Дархан сумын харьяат Ч.Номин-Эрдэнэ гэдэг бүсгүй бий. Бараг арваад жил хорвоогийн бор хоногийг хамтдаа туулж явна. Эрх зүйч мэргэжилтэй. Оюутан цагаасаа л нэг гэрийн хоёр багана болон амьдарч байна.
-Тоонот гэрт толгой холбох болсон анхны учралаасаа дурсахгүй юу?
-Бид хоёр чинь сонин учралаар бие биетэйгээ танилцсан. Есдүгээр ангидаа би Япон руу сумод явах гээд дээр дооргүй хөөцөлдсөн юм. Их аварга Асашёорюү Дагвадорж мандаж явсан үе. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж гуай намайг сумоч болгох гээд их ч хөөцөлдсөн. Бүтээгүй л дээ. Би ч өсвөрийн барилдаанд байнга түрүүлээд сайн байсан юм. Гэтэл аав маань ирээд “Чи ингэж явсаар мэргэжил эзэмшсэн ч юмгүй хоосон хоцрох нь” гээд Батлан хамгаалахын их сургуульд оруулж өгсөн. Тэр үед гэргий маань бас л Японд сурах гээд бүтээгүй Батлан хамгаалахын их сургуульд долоо хоногийн зайтай хоцорч орж ирэв. Хойно өмнөө ширээнд суудаг байлаа. Их тусч охин байсан. Зан ааль сайтай. Тэгээд л бие биедээ дотноссон. Ханийн маань сайхан сэтгэл намайг татсан даа. Хүний сайхан сэтгэл гэж байдаг даа. Өдрөөс өдөрт бидний харилцаа гүнзгийрсээр 2010 онд анхны үрийн зулайгаа үнэрлэсэн. Охинтой болдог жилээ аймгийн арслан цол хүртэж байлаа.