Туулын хурдны замын бүтээн байгуулалтын бэлтгэл ажил 90 гаруй хувьд хүрчээ.

Хотын даргын мэдээлснээр кемп, карьеруудаа бэлдэж, ажлын зураг дууссан бол техникүүдээ татан авч эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн замын трасст орсон газар чөлөөлөлтийн ажлууд хийгдэж байгаа бөгөөд өнөөдөр Зэвсэгт хүчний жанжин штабтай хамтарч Туулын хурдны замын трасст орсон 013 дугаар ангийн буудлагын полигоныг шилжүүлэх юм байна.

2026 оны гуравдугаар сараас Туулын хурдны замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж, 2027 оны долоодугаар сарын 1-нд зорчих хэсгээ нээхээр төлөвлөж, Улаанбаатар хотын авто замын түгжрэл 15 хувиар буурах тооцоолол гарчээ.

Харин Туулын хурдны замын холбоос буюу Тойрог хурдны замын төслийн тендерийг ирэх долоо хоногт нээхээр байсан ч хугацааг сунгажээ. Тойрог хурдны зам ашиглалтад орсноор Улаанбаатар хотын түгжрэл 40 хувиар буурах гэнэ.

Улаанбаатар хотод 84 мянган машин л зорчих боломжтой замын дэд бүтэцтэй ч сүүлийн үед 600 гаруй мянган машин өдөр тутам хөдөлгөөнд оролцдог байна.