Улсын Их Хурлын чуулганы өчигдөрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Энэхүү хуулийн төслийг танилцуулгад “Төсвийн тухай хуулийн 34.1.4-т “Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд тодотголын төслийг боловсруулна” гэж, “Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их хурлын 2014 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаар тогтоолд Монгол Улсын 2014 оны төсвийн тодотголын төслийг энэ тогтоолын хүрээнд боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэж тус тус заасан нь Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсан. Энэхүү хуулийн өөрчлөлтүүдийг боловсруулахын тулд Төсвийн тогтвортой байдлын 7.3-т “Төсвийн төсөл боловсруулах, батлах, батлагдсан төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулахдаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлнэ” гэж заасны дагуу юуны өмнө Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016оны төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага бий болж байна. Хуулийн өөрчлөлт болон макро эдийн засгийн голлох үзүүлэлтүүдийн төсөөлөлд өөрчлөлт орсноор дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүд болон макро үзүүлэлтүүдийн хэмжээг дахин тооцож, хуулийн төсөлд тусгаса” гэж  дурьдсанг Сангийн сайд Ч.Улаан хэлж байв.  

Тэгтэл үнэн хэрэгтээ энэхүү төсөл нь Монголчуудыг  өрөнд унагах санал юм. Өөрөөр хэлбэл Засгийн газар өрийн хэмжээг 8.2 их наядаас 14.4 их наяд болгож нэмэгдүүлэх санал оруулж ирж байна. Энэ нь Монгол Улсын нэг иргэн бүрийг 5084000 төгрөгийн өрөнд оруулах санал юм.

Ингэж хууль засах гэж байгаа цаад санаа нь  өөрсдийнхөө тарьсан гай, алдаа дутагдлыг  алдаа биш болгож харагдуулах гэж байгаа хэрэг.    Учир нь өнөөдөр  Засгийн газар хууль зөрчөөд явж байгаа. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар өрийн хэмжээ ДНБ-ийн 40 хувиас хэтрэхгүй байх ёстой. Гэтэл өрийн хэмжээ ДНБ-ийн 62 хувьтай тэнцээд явж байна.  Харин  Засгийн газраас оруулж ирсэн энэхүү хуулиар бол өрийн хэмжээ  ДНБ-ийн  70 хувьтай тэнцэнэ гэж засаж байгаа.

 Улаан цайм  ийм хууль орж ирчихээд Ч.Улаан, Н.Батбаяр нар  сайхан болно харж байгаарай хэмээн хэнэг ч үгүй ярьж байна. Ам.долларын ханшаа бууруулж чадаагүй байж, ажлаа сайн хийж байгаа та нар дуугүй хараад сууж бай гэсэн агуулга бүхий  зүйл ярьж байгаадаа ичээсэй.  

 Монголын эдийн загсийг элгээр нь мөлхүүлээд зогсохгүй,   бүх нийтийг өрөнд оруулах санаа агуулж, үндэсний аюулгүй байдалд заналхийлж байгаа тэд  хэний эрх ашгийн төлөө ажиллаж байгааг асуумаар байна.  

 Ам.долларын ханшийг  ирэх жилд хэдэн төгрөгт барих вэ гэсэн асуултад хариулж чадахгүй байгаа,  бусдын  хэлсэн үгийг  ойлгосон ч ойлгоогүй царайлж,  албаар тойруулж хариулж байгаа Ч.Улаан,  Н.Батбаярт  хариуцлага тооцохын зэрэгцээ  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015-2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  “унагах” хэрэгтэй байна.  

Үгүй бол бүх нийтээрээ өрөнд баригдаж, өтөнд идэгдэх нь

А.Баярмаа