Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн гараар нам дахь ужиг өвчнөө сэдрээчихлээ. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Бүхэл бүтэн улсын гал тогоог эмхлэх үүрэгтэй эрхэм сайд ганц дүүргийн Намын хорооныхонтой шөргөөлцөж, дотоод асуудалд нь хэт хутгалдснаас сандал ширээтэйгээ үлдэх үү, байх уу дээрээ тулсан мэдээтэй.

Гэхдээ ч 10-аад замаар салаалж одсон, угшил арвинтай энэ намын эмзэг асуудал нь үеийн үед фракц дундын мөргөлдөөн байсаар ирсэн билээ. Тиймдээ ч амьтай бүхэн сэргэх урин цагийн эхлэлээр АН-ын хууч хөдөлж, дотоод дахь зөрчилдөөн нь сэдэрч эхэлжээ. Гэхдээ энэ удаагийн тэсрэлт нь нэлээд өвөрмөц маягийн гэж байгаа. Ерөнхий сайд, намын дарга Н.Алтанхуягийн тодотголтой “Алтангадас” фракцынх нь эд, эсүүд түүнийг дайлаар мордохоор ташуураа эргүүлж эхэлсэн гэх. Зүй нь эрхэм сайдын улс төрийн карьераа эхэлж байсан Сонгинохайрхан дүүргийн Намын хорооныхон түүний эсрэг мэдэгдэл хийж, төрд тэрсэлсэн үйлдэл бүхнийг нь илчлэх гэнэ. Түүгээр зогсохгүй намын даргын суудлаас нь огцруулах чин хүсэлтэй юм байх. Тиймдээ ч аль хэдийнэ хөдөлгөөнд орж,  сэмхэн хор найруулж эхэлсэн дуулдана.

Мэдээж тус дүүргийн Намын хорооныхны удирдах сэтэртнүүдийн ихэнх нь түүний гардан байгуулсан “Алтангадас” фракцынх. Тэр утгаараа Н.Алтанхуягийг улс төрөөс шахахад, Ерөнхий сайдын суудлын төлөөх бусад өрсөлдөгч багуудад тун ч дөхөм гарц болох нь гарцаагүй.  Тэрбээр ч өдгөөгийн өндөрлөгт хүрэхийн тулд ёстой л дээсэн дөрөөн дээр хэд хэдэн удаа дэнжигнэж, арай ч уначихаагүй. Ямар сайндаа л өнгөрөгч их сунгаанаар зарим нэг нөхдийг нэр дэвших эрхээр нь боож хаагаад, үлгэр домог болсон хэдэн нөхөр өөрсдөө урдуур нь дайрахаар санаархаж эхэлсэн нь тус намд 21 дүгээр зууны супер хагарлыг авчирч билээ. Нам дахь бүлэглэлүүд нь ч булан тохойд ил далдаар цуглан хуралдаж, Н.Алтанхуягийг авч хаях их үйлд сэтгэл нэгдэн намын Их хурлаа хийх тов хүртэл тогтоохоор тохирч байсан гэдэг. Тиймдээ ч “Алтангадас”-ынхан гомдол мэдүүлэн ээрэгч МоАХ-ны фракцтай тохиролцсоноор энэ асуудал тэгсхийгээд намжсан. Бүр хэдэн квот өгөхөө ч “үзэглэцгээж”, ҮЗХ-ны залуус араараа тавиулан нэр дэвших эрхгүй болчих магадлалтай болсноо гэнэт сэхээрсэн гэдэг. Гэхдээ энэхүү сэхээрэл нь бас нэгэн шинэ фракц үүсэх сэдлийг төрүүлсэн юм. Ингээд л тухайн үеийн АН-ын задрал “Мөнх тэнгэр” хэмээх салаа замаар үргэлжилж, түүчээг нь “Шонхор” фракцынхан өртөөлж байв.

Харин өдгөө төрийн эрхийг дангаараа ноёрхох хэмжээнд бус ч “бяцхан” олонхид хүлээн зөвшөөрөгдөж буй тул олон жил өлсгөлөн ходоодтой суусан фракцуудаа албан тушаалын “бялуугаар” тэнхрүүлж, хэрүүл багатай сууцгааж байлаа. Гэвч дахиад л ээлжит тэмцэл өрнөв бололтой. Уг нь хуулийн дээс алхаад ч болов дотоод дахь эв эеэ хичээж байсан юмсан. Наад зах нь гэхэд л мэргэшсэн, тогтвортой байх ёстой төрийн албанд намын цуурайнуудаа хэдэн арваар нь шахаж, фракц дахь тэнцвэртэй байдлыг бий болгож байв. Зүй нь төрийн алба шударга, тунгалаг байж гэмээнэ төр улс тэнхлүүн байх учиртай. Гэтэл “шинэчлэлийн” гэх үгээр бамбай хийж, төрийн алба гэгчийг нэг намын боловсон хүчний бааз суурь болгож хувиргасан. Үүнийг олон нийт ч халаглан хайлах болж. Уг нь парламент дахь улс төрийн гурван нам, эвслийг нэгтгэсэн Засгийн газар гэдэг илүү хүчирхэг байх ёстой. Сонсоход хүртэл, үе үеийн түүхийг сөхсөн ч гурван хүчний нэгдэл далайцтай дуулдаж байх юм. Гэтэл урьд өмнөхийн явдал учраас ч тэр үү, тулга тойрсон албан тушаалын наймаа арилжаа, хэрүүл маргаанаас хэтэрсэнгүй. Ердөө л эрээвэр хураавар хүний, өөрийн намын фракцын мөргөлдөөнөө албан тушаалаар нам дарж, суудлаа алдахгүйн төлөө зүтгэж буй нь бодит үнэн. Гэвч тэрбээр хамар доорх угшил нэг тушаалтнууддаа баярын “бялуу”-наасаа хувь хүртээсэнгүй юу, ямартай ч балаг тарьж мэдэхээр болчихлоо шүү. Уг нь дүүргийнхээ Намын хорооны тэрслүү хэдэн нөхөрт ганц, хоёр ажлын байр илүүчилсэн бол жаргах замд нь “хоролмоотохгүй” байсан болов уу.Тэгээд ч ер нь Н.Алтан­хуя­гийн суудал ганхахдаа тул­вал хань болох бүлэглэл юу билээ. Тэгэхээр намдаа томоохонд тооцогдож, гол дүр ямагт бүтээхийг хичээж байдаг хэдэн фракцыг тунгаавал,  “Шонхор”-уудын хувьд намын удирдлага, алсдаа Засгийн газар мөрөөдсөн намын хэдэн хуучцуул. Өдгөө албан тушаалын хувь хишгээр амаа түр хамхичихсан нам дахь “олонхийн” бүлэглэл гэж байгаа.

Харин “Мөнхтэнгэр”-чүү­дийн хувьд, жижиг ч атугай ал­бан тушаал мөрөөдөгч хэдэн залуус. Тэдгээр дунд бас чиг Хан-Уулын Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн асан Б.Батбаатар нараас эхлээд албан тушаалын үнэр авчихсан нөхөр харагдана билээ. Цаашлаад “МҮДН”, “Мон­голын Ардчилсан холбоо”, “Монголын Ардчилсан хүчний холбоо”, “Нэг ардчилал”, “Зүүн Хойд Ази”, “Кроун” гээд намын даргынхаа алдаан дээр дөрөөлөхөд ч бэлэн “хавх” л олон байх шив. Нэг үгээр хэлбэл, шидэх чулуу хайтлаа “Яасан хөөрхөн гөлөг вэ?” гэж хэлэхийг дипломат ёс гэдэг юм гэнэ лээ. Харин одоо “Яасан хөөрхөн гөлөг вэ” гээд л намын даргаа магтаад байсан Сонгинохайрханы Намын хороо­ныхон шидэх чулуугаа олчих шиг боллоо шүү.

О.СЭЛЭНГЭ