Засгийн газрын хувь заяаг хөршийн ерөнхийлөгчид шийднэ
2014/07/24
Үндэсний их баяр наадам хаалтаа хийх болоогүй л байна. Одоогийн байдлаар тэгш ойн баяр нь тохиож буй 100 гаруй сум дэнж хотойлгон наадаж, УИХ, Засгийн газрын гишүүд монгол дээлээр гоёод хөдөөг зорьжээ.
Биднийг ийн цэнгэж байх зуур сульдаад удсан эдийн засаг улам л хөлд чирэгдэж байна. Ядахад зээлжих зэрэглэл тогтоодог “Moody’s” Монгол Улсын Хөгжлийн банкны зэрэглэлийг нэг түвшнээр бууруулж, B2 болгон баяр наадмын халуухан өдрүүдэд гэнэтийн бэлэг барив. Тус агентлаг мэдэгдэлдээ, мөнгөний тэлэх бодлого нь эдийн засагт дарамт болж, инфляц өсөх, банкны систем, төлбөрийн тэнцлийн эрсдэл нэмэгдэхэд нөлөөлж буйг дурдаж амжлаа. Мөн энэ оны эхэнд 2.2 тэрбум ам.доллар байсан манай улсын гадаад валютын нөөц өнгөрсөн тавдугаар сард 1.6 тэрбум ам.доллар болж буурсан нь голлох нөлөө үзүүлсэн байна. Одоогоор Монголын валютын зах зээлд ам.долларын ханш 1852 төгрөгтэй хайнцлаа. Арилжааны банкууд ч нэгийн тоотой “ногоон” мөнгийг авах, зарах ханшдаа 15 орчим төгрөгийн зөрүү үүсгэжээ. Энэ нь цаашид ч валютын ханш хэлбэлзэх магадлал өндөр байгааг харуулж буй юм. Иргэд ч шинэ дээд амжилт тогтоож, өдөр өдрөөр амжилтаа эвдсээр байгаа ам.долларын ханшийг 2000 төгрөгт хүрнэ гэсэн таамаг дэвшүүлээд түүндээ бухимдаж сууна. Уг нь Монголбанк валютын дуудлага худалдаа шат дараатайгаар зохион байгуулж, хар захад ам.доллар нийлүүлж буй боловч ямар ч үр дүнгүй хэвээр. Ийнхүү 30 орчим хувиар унасан төгрөгийн ханшийн нөлөөгөөр импортын үнэ өсч, иргэдийн амьдрал даралтад оров. Товчхондоо манай улсын хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургадугаар сарын байдлаар өмнөх сараас 0.5, оны эхнээс 6.7, өмнөх оны мөн үеийнхээс 14.6 хувиар өссөн тухай Үндэсний статистикийн хорооноос энэ сарын 10-нд мэдээлсэн. Тиймээс төр ч ялгаагүй буруу бодлогынхоо горыг амсч, иргэдээс дурахгүй зовлонг тээж эхлээд байгаа билээ. Гэхдээ Засгийн газар хийгээд улсын эрх баригчид оройтсон ч гэсэн өнгөрсөн хугацаанд хичээсээр байгааг онцлох нь зүйтэй. Тухайлбал, хөөж явуулсан хөрөнгө оруулагчдаа буцаан авч ирэхийн тулд хоёр сарын дотор 20 гаруй уулзалт арга хэмжээ зохион байгуулж, энэ хооронд гадаадын 1500 гаруй бизнес эрхлэгчийг эх орондоо авч ирсэн байна. Мөн их Наран улсад айлчилж буй төрийн тэргүүний үйл хэрэгт ихээхэн найдлага тавьж буй. Гэсэн хэдий ч эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд гайхуулж, 1000 гаруй хоногийн өмнө 17.5 хувьд хүрч байсан эдийн засаг өдгөө 7.5 болов. Мөн үе үеийн Засгийн газар нэг оронтой тоонд барихаар амладаг инфляц 15 хувьд хүрээд байна. Уг нь, Засгийн газар 60 гаруй хоногийн өмнө гэнэт “сэрж” буруу бодлогоо залруулан зөвийг нь эржимжүүлэх тогтоол гаргасан. Гэвч эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногоос 30 гаруй өдөр ард үлдлээ. Энэ хугацаанд хуулийн төсөл “бөөндөж” батлуулсныг эс тооцвол юу ч өөрчлөгдсөнгүй. Ялангуяа иргэдийн амьдралд, жирийн өрхийн орлогод ямар ч өөрчлөлт мэдрэгдсэнгүй 70 хонож байна. Үнэндээ энэ хэвээр цаашид хэн хэн нь удаан тэсэхгүй байдал нэгэнт бий болжээ. Ам.долларын ханш дахин өсөх хандлагатай байна гэдэг цаашид Засгийн газар огцрох уу, эс огцрох уу гэдэг асуултын хариу болох нь гарцаагүй болж ирлээ. Одоо эрх баригчид мөнхийн хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалд итгэл найдвараа тавьж суугаа. Угтаа Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны аль аль нь манай улсын эдийн засгийг хоёр оронтой тоогоор өснө гэсэн таамаглалтай байсан юм. Энэ нь зөв бодлого явуулсан бол боломж байсан гэдгийг нотолж буй баримт юм. Гэвч энэ өөдрөг зөгнөл нэгэнт ард үлджээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газар олон улсын санхүүгийн байгууллагын итгэсэн хэмжээнд ажиллаж чадсангүй. Түүнчлэн 14.7 хувьд хүртэл өснө гэсэн Засгийн газрын төсөөлөл тун хол зөрөх нь ойлгомжтой боллоо. Цөөн үгээр хэлбэл, Засгийн газар ам.доллар 1384 төгрөг гэдэг шиг мөн л худлаа тоо танилцуулсан “ял” сонсохоор болж байна. Тэгвэл хоёр оронтой тоогоор өснө гэсэн таамаг дэвшүүлснээ саяхан Дэлхийн банк буурууллаа. Эдийн засгийн хагас жилийн тайландаа Дэлхийн банкны Ахлах эдийн засагч, орон хариуцсан менежерийн үүрэг гүйцэтгэгч Тэхюн Ли “Монголын эдийн засаг 9.5 хувиар өснө” гэж таамагласнаа дурдсан нь ч бий. Ингэснээр Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкны эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ижилсэв. Одоо бидэнд ганцхан Олон улсын валютын сангийн өөдрөг төсөөлөл бий. Тус байгууллагын шинжээчид Монголын эдийн засаг 12.9 хувиар өснө гэсэн таамаг гаргаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулсан. Гэвч үүнээс хойш бүтэн улирал өнгөрөхөд ямагт хасах тэмдэг рүү тэмүүлсэн манай улсын эдийн засгийг хараад тэд бодлоо өөрчлөн “гар хүрч” болох юм. Тэгээд ч манай улсын эдийн засгийн өсөлтийг үндсэн хоёр зүйл сааруулж байгаа гэдэгт тоо бодож сурсан хүн бүр санал нэгдээд байгаа. Тодруулбал гадаадын шууд хөрөнгө оруулалт өсөхгүй байгаа төдийгүй тэн хагас нь нүүрээ бууруулснаас гадна бидний худалдаалдаг уул уурхайн түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд өсөхгүй байгаатай холбоотой юм. Мэдээж Монголын ДНБ улам уруудах эсэх нь Хятадын эдийн засагтай шууд холбоотой. Өмнөд хөрш манай улсын экспортын бүтээгдэхүүний 90 гаруй хувийг худалдан авч, импортын тэн хагасыг нийлүүлдэг тул тус улсын эдийн засгийн “Биеийн байдалд” санаа тавихаас өөр аргагүй юм. Өмнөд хөршийн Засгийн газар эдийн засгийн өсөлтөө долоон хувь гаруйтай байна гэж тооцсон. Хэрэв тэдний тооцоо биеллээ олбол манай улсын эдийн засгийн өсөлт огцом саарахгүй гэсэн байр суурийг ч зарим эдийн засагч илэрхийлж байгаа. Тиймээс ирэх сард айлчлах БНХАУ-ын төрийн тэргүүн Си Жиньпинд манай улсын эрх баригчид найдаж суугаа. Тэр ч бүү хэл түүнийг айлчлах үеэр олон тэрбум ам.долларын хэлэлцээрт гарын үсэг зурна гэсэн яриа ч хаа сайгүй “нисэх” болов. Магадгүй Си Жиньпиний айлчлал манай улсын эдийн засгийн хэтийн төлвийг тодорхойлж, Засгийн газарт цааш ажиллах боломжийг олгохыг үгүйсгэх аргаггүй юм. Ямартай ч хоёр улс 30 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс хийжүүлэх төсөл хамтран хэрэгжүүлэх нь тодорхой байгаа юм. Үүнээс гадна хойд хөршийн төрийн тэргүүн есдүгээр сарын эхээр манай улсад “Үдийн цай” уух учиртай. Түүний энэ айлчлал мөн л чамгүй олон зүйлийн хувь заяаг шийдэх нь ойлгомжтой байгаа билээ.
Монголын үнэн сонин
зүрх судас · 2014/07/25
Монгол улсад 9 дэх жилдээ зарагдаж буй Судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлж, цус шингэлэн холестрин бууруулах үйлчилгээ бүхий Ли Эр Кан бүтээгдэхүүний танилцуулга лекц 7 сарын 26-ны 12 цагаас явагдах гэж буй тул та бүхнийг урьж байна. Тус лекцээр Атеросклероз - Тархи мэдрэл, зүрх судас, даралт, хуян болон судасны бөглөрлөөс шалтга******** бүх төрлийн эмгэгүүдийн талаар дэлгэрэнгүй ярилцана. АУ доктор лекцийг удирдан явуулж, бүтээгдэхүүн хэрэглэх хүсэлтэй хүмүүст хувьчлан зөвлөгөө өгөх тул бүх шинжилгээтэйгээ ирэхийг хүсч байна. Хаяг: Чингэлтэй дүүргийн аркийн баруун урд “Тэрх цагаан нуур” ХХК байр 2 давхарт. Утас 96665038
Зочин · 2014/07/25