Яруу найрагч П.Нямлхагвын шүлгийг уншихаар нэг л их бардамнамаар болдог. Ялангуяа эрдэнэт хүлэгт зориулж бичсэн шүлгийг нь уншвал морь унаад давхиж буй мэт төсөөлөгдөнө. Тэрбээр Дундговь аймгийн Хулд сумынх. 2001 онд ДДГУДС-ийг төгссөн философич, утга зохиол судлаач мэргэжилтэй. МҮЧЗХ-ны шагналт, “Мөнгөн цом”, хайрын шүлгийн “Цагаан уул”, “Ижий говь”, “Эх орны дуулал” зэрэг 10-аад яруу найргийн наадмын цомын эзэн. “Арслан цагаан дарс”, “Зүүдэн бүрдийн аглаг”, “Алтан хагсуурга” зэрэг яруу найргийн таван ном хэвлүүлсэн. Түүнтэй маргааш болох тоглолтынх нь талаар болон дууны яруу найргийн тухай хөөрөлдлөө.   

-Таны сүүлийн үеийн уран бүтээлээс яриагаа эхэлье...

-Сар хүрэхгүйн өмнө “Талын шүлгүүд” нэртэй номоо хэвлүүллээ. Үүнд миний сүүлд бичсэн шүлэг болон радио зохиомж багтсан. Намайг хамгийн сүүлд юу хийв гэдгийг мэдэхийг хүсвэл энэ ном гэрчилнэ дээ.

-МЗЭ-ийн шагналт, зохиолч, яруу найрагч Б.Баярсайхантай хамтарсан тоглолтоо маргааш зохион байгуулах гэж байгаа юм билээ. Энэ талаар мөн сонирхуулаач...

-Бид хоёр “Арван сарын үдэш” нэртэй энэ тоглолтоо Тусгаар тогтнолын ордонд хамтарч хийхээр төлөвлөсөн. Үзэгчиддээ яруу найраг болон богино өгүүллэгээ өргөн барьюу л гэж бодсон минь биелэх нь.  

-Уран зохиолоор амьсгалсан үдэш ч сайхан л даа. Гэхдээ та хоёр дууны уран бүтээлээсээ дээжлэхгүй юм уу?

-Үгүй, зөвхөн уран зохиолоороо л дагнана. Би нэг зүйл анзаарсан л даа. Сүүлийн үед дуучид олон тоглолт хийж байна. Захын залуухан уран бүтээлч л гэхэд хөгжмийн зохиолч, яруу найрагчаасаа гардсан бүтээлээ хуримтлуулсаар 100 орчим ч юмуу дууны урын сантай болж. Гэвч тэд нэг тоглолт хийхдээ тэднээсээ сорчилоод 30-40 дуу дуулах юм. Хугацааг нь хэмжихээр гурван цагаас илүү болдог. Тэгэхээр тийм хэмжээний хугацаанд үзэж суусан үзэгч тоглолтын төгсгөл хэсэг болоход цөөн цөөнөөрөө цуварсаар гарч оддог.

-Залхсандаа тэр үү?

-Залхаж хүндлээгүйдээ биш юм аа. Өнөөгийн техник технологи үсрэнгүй хөгжиж буй энэ үед үзэгчид маань хөгжмийн их нүргээнээс төвөгшөөж эхэлж байгаа бололтой. Гарвал замын түгжрэлд хүлэгдчихнэ. Энэ мэтээс шалтгаалж тэд тухайн тоглолтыг дуусгаж чадалгүй гарч байна. Тиймээс бид хоёр ярилцаж байгаад үзэгчиддээ нэг ч дуу сонсголгүй зөвхөн уянгын богино хэмжээний уран зохиолын бүтээлээр бэлэг барья гэж шийдсэн минь энэ. Өгүүллэг, яруу найргаа бид үндэсний найрал хөгжимтэй хослуулаад л хөврүүлнэ дээ. Гэхдээ үзэгчдийг залхтал удаан үргэлжлүүлэхгүй ээ.

-Ихэвчлэн ямар сэдэвтэй бүтээл сонгогдсон бэ?

-Ижий аав, энэрэл хайрын тухай бүтээл голчилно. Гэхдээ манай Б.Баярсайхан зохиолдоо хүмүүний явдал хийгээд тэдний дотоод мөн чанарын тухай өгүүлсэн өгүүллэг бичдэг. Тэр өгүүллэгүүдийг гавьяат жүжигчин Г.Равдан, жүжигчин Ш.Бямбацогт, Д.Сайнтод, нэвтрүүлэгч Г.Алтанбагана нар уншина. Харин би яруу найргаа хэлж нэгэн үдэш үзэгчидтэйгээ утга, уран зохиолоор амьсгална.  

-Гэхдээ та өнгөрсөн жил Монгол бөхийн өргөөнд бие дааж “Омогшин бадарна” нэртэй тоглолт хийсэн байх аа...

-Тийм. Тэр тоглолтдоо би дандаа л яруу найраг уншсан. Гэхдээ дууны уран бүтээлээсээ хэдхэнийг сонгож дуучдаар дуулуулсан. Тухайн үед би нэг зүйлээс айж байлаа.

-Юунаас...

-Намайг шүлэг л уншаад байхаар үзэгчид залхаад гарчих вий гэдгээс. Тоглолт цаг 40 минут үргэлжилсэн л дээ. Тэгсэн тоглолт өндөрлөчихөөд байхад үзэгчид суугаад байсан шүү. Тэр л үед надад дараа нь ийм тоглолт дахин хийвэл үзэгчид уйдахгүй юм байна, тэд хүсэн хүлээж байж гэж бодогдсон. Миний дээрх тоглолтын дараа Б.Баярсайхан ДБЭТ-т богино өгүүллэгээс бүрдсэн тоглолтоо зохион байгуулсан. Тэгхэд би бас л нэг юм мэдэрсэн. Юу гэхээр би түүний бүх номыг уншсан. Бүтээлүүдийг нь бараг арван хуруу шиг ээ мэднэ. Гэхдээ тэр тоглолтыг нь үзээд суухдаа өмнө нь уншсан өгүүллэгээ уран уншигчдийн өгүүлэхүйн урнаар тайлуулж сонсоход улам илүү мэдэрсэн. Бараг анх удаа сонсч байгаа юм шиг. Миний уншихдаа олж хараагүй гайхамшгийг тэд тодоор ойлгогдохоор хэлсэн. Би өмнө нь дууны уран бүтээлээрээ ч тоглолт хийж байлаа. Гэхдээ нэг их догдолж байгаагүй. Харин энэ удаа их догдолж байна. Бөхийн өргөө тоглолт хийхэд нэг их тохирсон заалтай биш. Тиймээс бид хоёр Тусгаар тогтнолын ордныг сонгож маргаашийн 19:00 цагийг хүлээж байна даа. Энэ ордонд хийвэл хамгийн арын эгнээнд суусан үзэгч хүртэл миний шивнээд хэлсэн үгийг ч сонсох байх. Заал нь угаасаа тийм зориулалттай. Тэгэхээр бид үзэгчидээ нэгэнт урьсан юм чинь зориулалтын зааланд юм үзүүлсэн шиг мэдрүүлье. Үзэгчид маань ч юм үзсэн юм шиг харих байх. Миний хувьд 12-14 шүлэг уншина.  

-Хоёулаа дээр дууны уран бүтээлийн талаар цухас яриад өнгөрлөө. Гэхдээ тантай гүнзгий яриа асуудал байна. Дууны уран бүтээл туурвидаг хүнээс лавлахад сүүлийн үед хүмүүс “Дууны шүлэг, дууны яруу найраг” гэж хоёр янзаар хэлэх боллоо. Ер нь энэ хоёрын аль хэллэгээр нэршиж занших ёстой юм бэ?

-Шүлэг, яруу найраг хоёрыг өнөөдөр хэн нэгэн судлаач “Үүнийг шүлэг, үүнийг яруу найраг гэнэ” гээд тодорхой гаргачихсан юм алга. Гэхдээ нийтийн ухамсрын төвшинд эхлэн бичигчээ шүлэгч, нэлээн мэргэжлийн төвшинд бичдэг болсныг нь яруу найрагч гэдэг больё гээд байх шиг. Гэвч До.Нямаа гуай “Шүлэг бичих, шүлгэлж бичих хоёрын хооронд том ялгаа бий” гэж байнга ярьдаг. Энэ бүхнээс дүгнэхэд “Ингэж бичсэнийг дууны яруу найраг, ингэж бичсэнийг дууны шүлэг гэж нэрлье” гэж маргалдаад байх шаардлаггүй. Угаасаа л аливаа дууны шүлэг яруу тансаг байж гэмээн өөрөөсөө хөгжмийн ая төрүүлдэг. Тэгэхээр би хувьдаа л дууны яруу найраг гэж хэлэх нь зүйтэй гэж хэлнэ.

-Сүүлийн үед дууны яруу найраг бичдэг хүн олширсон. Тэр хэрээрээ чанарын шаардлага ч алдагдлаа. Заримдаа төсөөлөгдөхөөргүй шүлэгтэй дуу ч сонгогдох юм. Үүнд та юу гэж хариулах бэ?

-Таны хэлж байгаа үнэн л дээ. Үүнд хоёр зүйл их нөлөөлж байна. Нэгт хуучны социалист нийгмийн үед нэг дууг олон дамжлагаар хянаж байж бүтээдэг байлаа. Гэвч тэр үе өнгөрсөн. Өнөөдөр уран бүтээлч болох гэсэн хүсэлтэй, мөнгөтэй хүн ямар ч хамаагүй дуу өлгийдөж байна. Нөгөөтэйгүүр дууны уран бүтээлд ойр байдаг бүтээгч буюу хөгжмийн зохиолч, яруу найрагч гэж бий. Мөн гүйцэтгэгч гэж нэрлэгдэх болсон дуучин. Бүтээгч нь бүтээлээ туурвиж гараасаа гаргасан л бол гүйцэтгэгч нь ямар студэд, хэдэн төгрөгөөр бичүүлэх нь хамаагүй. Үүнд нэг зүйл нэмж хэлэхэд гүйцэтгэгч гэж нэрлээд байгаа дуучдын боловсролын төвшин маш их доошилсон. Гэхдээ залуу дуучдыг би хэлж байгаа юм шүү. Ахмад болон арай өмнөх үеийн дуучид шүлгийнхээ дотоод мөн чанар, санааг уншиж ойлгоод яаж дуулбал сонсогчдод илүү хүрэх бэ гэдгийг хэнээр ч хэлүүлэлтгүй мэднэ. Харин сүүлийн үеийн дуучид тухайн дууныхаа шүлгийн санааг ойлгоогүй байж л дуулаад байдаг. Хэрвээ тэд боловсролтойхон бол бүтээгчдээсээ “Би та нараас тийм л дуу авна” гээд томрох хэрэгтэй. Алиагаа мэдэхгүй болохоороо л тэд гүйцэтгэгчдийн өгсөн ямар ч хамаагүй бүтээлийг авч дуулж байна. “Арван сарын үдэш” тоглолтдоо бид хоёр дууны номер оруулаагүйн нэг шалтгаан мөн л энэ. Өглөө би ажилдаа ирж байхдаа FM-ээр нэг дуу сонслоо. Тэр дууны дахилтад ...Найрын гурван дуутай миний л аавын хүлгүүд минь... гэсэн мөр байх юм. Яг үнэндээ тэр хүний аав найрын гурван дуутай юм уу хүлгүүд нь үү гэдэг ойлгомжгүй. Энэ мэтчилэн ярих юм бол их байна аа. Энэ зэргийн алдаагаа засахгүй бол дууны яруу найраг бичиж байгаа зарим этгээд шүүмжлүүлэхээс ч яахав. Гэвч бид сонссон болгоноо ингэж яриад байвал замдаа таарсан нохой болгон руу чулуу шидсэн хүн замаа хороодоггүй гэдэгтэй адил болох биз. Гэхдээ өнөө үед олон сайхан уран бүтээл төрж байна. Гэвч уулын чинээ цагааныг туулайн чинээ хар дарна гэдэг шиг чадахгүй байж дууны яруу найраг бичээд байгаа хүмүүс сайн бичиж суугаа нэгнийхээ нэрийг баастаад байх юм аа. Хэн нэгэн нэг дуу сонсчихоод тэрний бичсэн шүлэг гэж ярихгүй дууны яруу найраг бичиж байгаа хүмүүс л гэж ярина шүү дээ. Тэгэхээр шүлэг бичих гэж байгаа бол сайн бодож, ядаж логиктой юм хиймээрсэн.   

-Захиалагч үүнд их нөлөөлж байх шиг ээ. Жишээ нь захын тод манлай уяач танил яруу найрагчдаа мөнгө атгуулаад мориндоо зориулж шүлэг бичүүлдэг гэсэн яриа бий...

-Харин ч тэд дуучдыг бодвол өөрөөр хардаг, мундаг боловсролтой, ухаантай улс. Хэн нэгэн уяач орж ирээд “Ах нь аавынхаа хурдан хүлгийг дуутай болгох гэсэн юм. Гэхдээ чи зөвхөн миний аавд болон нутаг ус, хүлэгт зориулж биш бүх сайхан уяач аавын хүү дуулахаар бүтээл хийгээд өгөөч” гэдэг. Гэтэл өнөө дуучид “Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач хүнд л зориулагдсан шүлэг” бичээд өг гээд байдаг. Тэгэхээр дуучид томоор сэтгэж чадахгүй байгаа биз дээ. Намайг ингэж хэлэхээр зарим дуучин өөдөөс буу сумлах л байх. Гэхдээ би үнэнийг хэлсэн шүү.

-Энэ мэтчилэн ярьвал хөврөөд л байна. Тиймээс энэ хүрээд орхьё. Харин таны дууг сонсоход нийтийн дуу гэж хэлмээргүй санагддаг. Арай мэргэжлийн талдаа гэх үү дээ. Үүний учир юундаа байна вэ. Тухайн хөгжмийн зохиолчид уу эсвэл яруу найрагт чинь байна уу?

-Ёстой мэдэхгүй. Тэгээд ч миний дуу хэн бүхний аманд чихэр шиг хүлхэгдэж аялагдаж явдаггүй. Харин тоолбол 100 орчим бий. Тэгэхээр би хэн нэгний сэтгэл хөндүүрлэсэн үед аялагдахаар, баярлахад дуулагдахаар тийм сайхан дууны яруу найраг бичиж чадахгүй байна уу даа гэж боддог. Хэрвээ хөгжмийн зохиолчоос нь шалтгаалав уу гэвэл бас худлаа. Тэр хөгжмийн зохиолч өөр яруу найрагчтай хамтрахаар нийтэд дуулагдаад л байдаг.

-Та үгийн сан, утгын төөрөгдөлд шаналж, түүнийхээ төлөө зоригтой ярьж чаддаг хүний нэг. Сүүлийн үед яруу найрагчдийг өмнөх үетэй харьцуулахад үгээр тоглох нь нэг л дутмаг санагддаг л даа. Тиймээс тэдэнд үгийн баялаг дутаад байна уу даа гэсэн хар төрөх юм...

-Үгээр тоглоно гэж бас ч хэлж болохгүй юм даа. Би нэг зүйлийг байнга ярьдаг. Үгээр хүнийг сэхээж, үхүүлж болно. Үг гэдэг өөрөөсөө ид шид, эрч хүчийг ялгаруулж чаддагаараа мэснээс иртэй. Тарни ч гэж хэлж болно. Үгээр хамаагүй тоглож дууны яруу найрагт ашиглаж болохгүй. Ард түмэн тэр дууг нь аялж явдаг учраас яруу найрагч бид үүнд хамгийн их анхаарах ёстой. Манай аймгийн Онги гол ширгэж гүйцээгүй байхад ард түмэн ширгээд байна гэж дуулсаар ширгээчихсэн тохиолдол бий. Тэгэхээр нь би дөрвөн жилийн өмнө тэр голын сайр дээр очоод нэг сайхан шүлэг бичсэн. Урсаагүй байхад нь сайхан урсаад л, бүр эргээсээ халиад байна гэсэн санааг агуулсан. Гэтэл тэр гол тухайн шүлэг төрснөөс хойш өнөөдөр хүртэл өчүүхэн ч татраагүй. Ёстой л хүн, малын амгалан жаргалангийн орон болсон.

-Нутгийнхаа голын тухай ярьсных Хулдын талдаа та ойрд очив уу?

-Зун яваад ирсэн. Энэ жил гандуухан л байна лээ (санаа алдав). Гэхдээ намар нь жаахан чийг буусан гэсэн, одоо сэргэсэн байх аа.  

-Та адууны тухай олон шүлэг бичсэн. Дээрх сайхан талд өссөн болохоор тэгтэлээ нөлөөлсөн юм болов уу?

-Би чинь уяач хүний хүүхэд шүү дээ. Аав минь аймаг, сумаасаа олон түрүү, айраг хүртсэн. Дээхнэ одооных шиг машинд морио ачаад давхидаггүй байлаа. Зуны халуунд морио хөтлөөд л үүрэглэх шахам явна. Тэгж явсаныхаа буянд сайхан хүлгүүдэд зориулж шүлэг бичсэн дээ. Одоо ч гэсэн наадмын морьд бариад орж ирэхийг харахаар өөрийн эрхгүй нулимс дусах гээд байна шүү. Шүлэг ч мөн адил өөрийн эрхгүй төрнө. Өмнө нь тэр хүлэгт зориулж бичнэ дээ гэж бодоогүй хэрнээ л бичихгүй бол сууж чадахгүй үзэг, цаас барина.                  

Хөх монгол

Дэлээн шаширлуулж хүлэг морьдын эрвийтэл дэргэх нь
Сэтгэл зүрхэнд тийм тод тунгалаг эх орны минь
Дээр нь цэнхэрлэх бадрангуй хөх тэнгэрийн өнгөн зүгээс
Сэм сэмээр омог зоригийг минь хурцлан
Дэлхийн дайдыг хэнжүүлжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Таргил усан мэт мэлмий тунгалаг зандан тэмээдийн
Тааваар хүрэнтэн дуурах нь тийм амгалан төгөлдөр эх орны минь
Хүрээлэн хэцлэх мянган цэнхэр уулсын элгэн зүгээс
Хүж хотлоор эсэн амрыг зөгнүүлэн бараалж
Ертөнц дахиныг амирлуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ

Нуурласан олон хоньдын бөмбөл цагаан бэлчих нь
Нуга элгэнээрээ шүтэн барилдах мэт цайлган цагаан эх орны минь
Гүегнэн харгиатах тунгалаг бүүвэй мөрөн голых нь өнгөн зүгээс
Гүм анир ноёлсон уудам талын үзэмж цогцлоож
Хотол хорвоог гайхуулжээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Алтан дуулга мэт мөнгөн сэрвээт үхрийх нь
Аданга зайлуулан сэжлэх мэт тийм цэцэн сэрэмжит эх орны минь
Тэнгэр газрын савслаган дахь тэлмэн цэнхэр зэргэлээн чанараас
Түрэмгий санаатны атгаг муухайг илбэсдэн хуурч
Тив дэлхийг сочоожээ
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь

Дөрвөн цагийн эргэлтэнд дөрвөн хасаг нүүдэллэх
Цэлий татсан нутагтаа цэцэн билгээ хурцлаж
Замилан түүний энгээр шаргал гэгээ цацруулсан
Заяа төгөлдөр түмний минь хаан сэтгэлийн шүтээн
Мөнх тэнгэрийн хүчин доорхи
Хөтлөхүйн дээд хөх монгол минь ээ