элбэгдоржЭнэ зуны олон ой, найр наадмуудын сонин хачин хуучраагүй байна. Одоо ч гэсэн ой тойрсон маргаан мэтгэлцээн, санал шүүмжлэл, сонин хачин хөвөрсөөр.
 
Тэдгээрийн нэг болох Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 90 жилийн наадмын нээлтийн талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа илэрхийллээ. Тэрээр наадмын нээлтийн албан ёсны бус бичлэгийг үзчихээд “Хөгийн юм. Төрийн ёслолын албанаас ингэж болохгүй гэж аймаг сумдад анхааруулсан. Морио наад зах нь сайн унах хэрэгтэй” хэмээн бухимдлаа илэрхийлэв. Улсын Ерөнхийлөгчийг уурлуулсан бичлэг бол төрийн есөн хөлт цагаан тугаа залах гэж яваад ихэнх нь мориноосоо унаж “түмнийг баясгасан” Өмнөговьчуудын үйлдэл юм. Хамгийн ноцтой нь Монгол хүн бүрийн эрхэмлэх ёстой есөн хөлт цагаан тугаа шороотой хутгасан нь улсын тэргүүнийг уурсгах шалтгаан болжээ.

    Ер нь энэ жилийн аймаг, сумдын ойгоор төрийн билэгдэлийг хэрэглэж байгаа гэж баллаж тавьсан олон үйлдэл давтагдсан. Түүний нь нэг нь Цогтцэций сумын 90 жилийн наадмын нээлт. Ихэнх сумд төрийн есөн хөлт тугийг хийж байна гэж матрын юм олныг үйлдвэрлэсэн. Шүтээн гэж дээдлэхээсээ илүү санаа зовмоор зүйл ч их байсан. Тийм учраас иргэдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн ёслолын албанд олон гомдол ирсэн байдаг. Уг асуудлыг төрийн ёслолын зүгээс нухацтай судалж сумдыг ойгоо тэмдэглэхдээ төрийн есөн хөлт цагаан тугыг залах гэх мэт үйлдэл хийхгүй байхыг анхааруулсан юм. Нэгэнт хуулиар хориглоогүй учраас сумд анхааруулга гэж үзээд тоогоогүй. Зарим нь бэлдсэн зүйлээ хийхгүй бол болохгүй гээд төрийн ёслолынхоо анхааруулгыг авч үзээгүй. 

    Мөн Ерөнхийлөгчөөс гадна “Ардчилал, АТГ-ын нэр барьсан хурган дарга нар тарааж байна даа”, “Энэ асуудал арай хэтэрсэн. Монгол хэдэн төртэйг тоолж баршгүй”, “Хуулинд энэ тухай хориглож үг үсэг оруулах ёстой. Манайхан хэлээд ойлгохгүй”, “Монголоо доромжилсон үйлдэл боллоо”, “Толгойтой болгон дарга болсон өнөө үед хариуцлага гэж алга. Чанараас илүү үзэмж хардаг болсныг харуулсан явдал”, “Эвгүй зүйл. Сургамж боллоо”, “Согтуу хүмүүс моринд мордсон гэх юм билээ”, “Сумын наадмыг улам гутаалаа”, “Өөрсддөө томдсон юм оролдож ингэж түмний шившиг болох ч гэж дээ”, “Инээдтэй ч юм шиг, эмгэнэлтэй ч юм шиг” гэх мэтээр иргэд ч байр сууриа илэрхийллээ. Тиймээс цаашид төрийн ёслол билэгдэлийг ямар түвшинд, хэн, хэзээ яаж хэрэглэхийг нэг мөр болгохгүй бол Цогтцэций сумынханы үйлдэл шиг зүйл байнга давтагдах нь гарцаагүй. Харин ч энэ үйлдэл асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг харуулж өглөө.