Ердийн л нэг Ерөнхийлөгч гэж үү
2013/02/04
Монгол Улс тайван замаар нийгмийн байгууламжаа сольж, зах зээлийн системд шилжсэнээс хойших хугацааны тав дахь, биеэр эдэлсэн дөрөв дэх Ерөнхийлөгчийнхөө тушаал, шийдвэрийг дагаж буй.
Ардчилсан Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1990 оны есдүгээр сарын 03-нд тангараг өргөж, үндэсний сэргэн мандалтын бэлгэ тэмдэг боллоо хэмээн гадаад, дотоодгүй шуугиснаас хойш 23 дахь онтойгоо золгов.
Дорнодын талаас ундарсан нефтиэр ганган цагаан дээлээ халтартуулан будаж зогссон П.Очирбат Ерөнхийлөгчийн энэ “заваан” үйлдэл нь өөрийнх нь ч тооцоолоогүй тун давгүй сурталчилгаа болж, олон түмнээс “хээгүй” хэмээх хөөрхөн алдар салгасан түүхтэй. Дээлээ завааруулж зогссон Ерөнхийлөгчийн “хээгүй” дүр төрхийн цаанаас тун ч удалгүй “хиртэй” сэтгэл цухалзах болж, Монголд шинээр төрөн гарсан олигархиудын “загалмайлсан өвөө” гэгдэх болтлоо хөрөнгөжиж амжаад байна.
Мань “хээгүй” эр 1997 оны зургаадугаар сарын 20-нд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгчөөр тодорсон Н.Багабандид тамга тэмдгээ хүлээлгэж өгснөөр зам нь шулуудаж, уул уурхайн инженер мэргэжлийнхээ хэргийг ёстой л нэг гаргах шиг болсон билээ. Хойно сурсны хэрэг юу билээ, Монгол орны дөрвөн зүг, найман зовхист уурхайн баялгийг ёстой л нэг сэндийлж өгсөн.
Асар их мэдээлэл, танил талын “аалзны тор” шиг хэлхээ холбоо, сүлжээгээ гаргуун сайн ашигласны хүчинд Монголын хамгийн их нөөцтэй орд газруудыг ойр дотны хүмүүсдээ найр тавин олгож, өөрөө ч түүнээс чамгүй хувь хүртсээр өнөөдрийг хүрсэн. Монгол орны 551 гол, 483 нуур, 1587 булаг шандын ус ширгэн хатаж, ойн баялгийн гуравны нэг нь устаж алга болоход гамшигтай үр нөлөө үзүүлсэн “Алт” хөтөлбөрийг чухамдаа “хээгүй” нь дэндсэн П.Очирбат санаачлан хэрэгжүүлсэн бэлээхэн түүх байж л байна.
“Алт” хөтөлбөрийн хамгийн анхны лицензийг өөрөө авч, социализмын үед хайгуул хийж, нөөц нь тогтоогдсон Хэнтий аймгийн Батширээт сумын алтны ордыг сорчлон олборлоод, нөхөн сэргээлт хийгээгүй аж. Түүнийгээ Хятадын нэгэн компанид зарчихаад сурсан зангаараа чимээгүйхэн зайлж одсон байдаг. Анхны Ерөнхийлөгч хэмээн хийрхэж, ард олон нь хоосон хонож байсан төсвөөсөө хянаж, танан байж 160 сая төгрөгөөр энэ “этгээд”-эд орд харш барьж өгч байв шүү.
Тухайн үеийн 160 сая төгрөгөөр барьсан харш өдгөө хэдэн мянган ам.доллар болохыг “хээгүй” нөхөр л мэднэ. Гэхдээ Монголын ард түмэн тэнэг, сохор биш болохоор энэ мэтийн “хээгүй” амьтнаас ял асуух эрхтэй. “Төмөртэйн цайр”-ын ордыг хятадуудтай тогтвортой байдлын гэрээ байгуулан зүгээр өгөхдөө хэчнээн мянган ам.долларын хахууль авснаа зарлахыг албан ёсоор шаардаж байна.
Ер нь, эрх мэдэл, баталгаатай баримт бичгэн дээр үндэслэн Монгол орны хаана ухаж төнхөж, нутгийн ард олныг малнаас доор үзэж байгаагаа зарлах хэрэгтэй. “Төмөртэйн цайр”-ын ордыг Хятадын компани ашиглаж эхэлмэгц “Тогтвортой байдлын гэрээ” гэгчийг яаран сандран байгуулсан нүглээ “хээгүй” П.Очирбат та одоо хүлээх ёстой.