Манай Шинэчлэлийн Засгийн газрын сайд дарга нар “Гүржийн шинэчлэл” гэж их ярих болжээ.

Тэр ч байтугай зарим хүмүүс очиж туршлага судлаад ирсэн. Түүнийхээ дараа хэвлэлийн хурал хийсэн ч олигтой юм яриагүй, Э.Бат-Үүл дарга Гүрж рүү хэдэн төгрөгөөр аялаад ирсэнээ олон нийтэд тайлагнаад л болоо. Харин Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг “Гүрж дөрвөн жилийн хугацаанд 70 шинэчлэл хийсэн юм билээ. Манайх 70-ыг хийнэ гэж худлаа ярихгүй 48-ийг бол яг хийхээр график төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа” гэв. Тиймээс хүн бүхний ам уралдуулан яриад байгаа Гүрж хэрхэн шинэчлэгдсэн талаар товч сийрүүллээ.

 

Бид хэдийгээр газар зүйн байрлал, итгэл үнэмшлийн хувьд ялгаатай боловч ЗХУ-ын бүрэлдэхүүнээс зэрэг гараанаас гарсан билээ. Тиймээс тэдний шинэчлэлийн арга технологиос суралцах боломжтой гэж манай дарга нар боддог бололтой.

 

Шинэчлэл хүртэлх замнал

 

1989 оны дөрөвдүгээр сарын 9-нд нийслэл Тбилис хотноо болсон ардчиллын төлөөх анхны жагсаалыг хүчээр тараах гэснээс болж 19 хүний амь эрсэдсэн байдаг. Үүнээс хойш хэдэн хэдэн иргэний болон хилийн асуудалтай холбоотой дайн гарч байсныг уншигчид гадарлах биз.

Анхны жагсаалаас хойш яг хоёр жил тэмцсэний эцэст тусгаар тогтносон ардчилсан Гүрж улсыг тунхаглан зарлаж, ардчиллын алтан хараацайнуудынх нь нэг Звиад Гамсахурдия Ерөнхийлөгч болжээ. Мань хүний эсрэг үндсэрхэг үзэлтнүүдийг турхирснаар дайн дэгдэж арай гэж хил даван зугтаж амьд үлдсэн. Ийн хөөгдсөн Звиад Гамсахурдия жилийн дараа буюу 1993 онд Абхазын булангаас довтолсон ч Эдуард Шверднадзед бут цохиулж амиа хорлосон гэдэг.

 

Ийн анхны ардчилсан Ерөнхийлөгчийг түлхэн унагасан Эдуард Шверднадзе “Шинэчилнэ, өөрчлөнө” гэж ярьсаар 1995 оны арваннэгдүгээр сарын 5-нд сонгогчдын 72.9 саналаар төрийн тэргүүнээ залрав. Даанч энэ эрхэм хэлсэн аманд хүрч чадаагүй. Улс орноо бүр ч хүнд байдалд оруулжээ.

 

2003 оны арваннэгдүгээр сарын 3-нд Михиал Саакашвилигээр удирдуулсан сөрөг хүчнийнхэн сарнай барин парламентийн ордонд дайрч орсноор Эдуард Шверднадзийн Засаг амь тавьж, өдгөөгийн шинэчлэл эхэлсэн түүхтэй.

 

“Сарнайн хувьсгал”-ийг удирдагч Михиал Саакашвили 2004 оны нэгдүгээр сарын 4-нд Ерөнхийлөгч болчихоод өрөөндөө ороход баахан наймын хувинтай ус байжээ. Учрыг асуувал “Орой ус тасрах учраас бэлтгэл хангасан нь энэ” гэж тайлбарласан гэдэг. Ерөнхийлөгчийн өрөөнд хүртэл ус тасардаг төдийгүй иргэд нь өдөрт 3-4 цаг л тог хэрэглэдэг, сайд нар нь цалингаа авч чадахгүй хоёр, гурван сар болдог байж. Гэхдээ сайд нар цалиндаа санаа зовохгүй “Хажуугийн орлогын систем” буюу хахуулийн мөнгөөр амьдарна. 2002 онд сургуулийн хүүхдүүдийн дунд хийсэн судалгаагаар хөвгүүдийн 25 хувь нь “Том болоод хуулийн хулгайч болно”, охидын 35 хувь нь “Хуулийн хулгайчийн гэргий болохыг хүсдэг” хэмээн хариулсан зэргээс энэ улсын хувьсгалаас өмнөх дүр зураг ерөнхийдөө харагдана.

 

Засгийг яаж байгуулав?

 

1996 оны хувьсгалаас хойш  Хууль зүйн байнгын хороог тэргүүлсэн Михиал Саакашвили, 2001 оныг хүртэл парламентийг тэргүүлсэн Зураб Жвания, түүнийг албыг шилжүүлэн авсан Нино Бурджанадзе, 2000 онд Эдийн засгийн бодлого, шинэтгэлийн хорооны дарга хийж байсан Вано Мерабишвили, 2001-2002 онд Сангийн сайд хийсэн Зураб Ногаидели нар манлайлж байлаа. Энэхүү багийг Саакашвили “Бид тохиолдлоор учраагүй, яаж ийгээд л бие биенээ олсон хүмүүс. Албан тушаал хөөцөлдөгчид бус урам зоригтнуудын баг” гэсэн нь бий.

Сайд нар болон зөвлөхүүдээ сонгохдоо сэтгэлгээ, арга барилыг нь харсан нь гол ололт юм. Үүний тулд хилийн чанадад ажиллаж байгаа зорилго нэгтнүүдээ эх орондоо ирж хамтран ажиллахыг уриалсан байна. Эх орондоо харих цувааг ОХУ-д бизнес хийж байгаад Эдийн засгийн сайдаар томилогдсон Каха Бендукидзед тэргүүлсэн гэж болно. Тухайн үед ажлаа өгчихөөд юу хийхээ төлөвлөж байтал нэгэн найз нь “Хамт Гүрж явчихаад ирье” гэсэн санал тавьжээ. Сайхь эр саналыг дурамжхан хүлээж авсан бөгөөд очоод Ерөнхий сайд Зураб Жваниейтай уулзтал сайдаар ажиллахыг урьсан байна. “Би 15 секунд бодоод “чадах байх” гэж хариулсан” хэмээн Каха Бендукидзе дурссан байдаг. Түүнчлэн АНУ-д 15 жил ажиллаж Харвард болон Массачусэтсийн их сургуулийг санхүүгийн чиглэлээр төгссөн Екатерина Шарашидзийг Ерөнхийлөгчийн зөвлөхөөр, 1999 онд Лондонд очиж Эдийн засгийн чиглэлээр мастер хамгаалсан Давид Чантладзе эх орондоо ирж татварын хуулийг шинэчлэхэд комисст ажилласан гээд  олон жишээ бий.

 

Мөн шинэчлэлийг хэрэгжүүлэхийн тулд ажиллах хүчинд маш их өөрчлөлт хийсэн. Тодруулбал, яам агентлагийн ажилчдыг бүгдийг нь мэргэжлийн ур чадварын болон онолын үндэслэлтэй сэтгэлгээний тест авч ярилцлага хийж тэнцсэн хүмүүсийг ажилд нь үлдээв. Үлдсэн ажиллах хүчийг хувийн сектор болон оюутны ширээнээс шалгаруулж авчээ. Ийм өөрчлөлтийн дараа 2500 хүнтэй байсан Тбилиси хотын захиргаа 800, Сангийн яам 5342-оос 3673, Байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийн яам 5000-аас 1700, Ой газар 1694-өөс 673, Хөдөө аж ахуйн яам 4347-өөс 600, Дотоод явдлын яам 75 мянгаас 27 мянган албан хаагчтай болж цөөрүүлсэн байна. Ийн олон хүнийг хомроглон халахдаа маш нарийн зарчим баримталж байсан. Тухайн үед халагдсан хүмүүсийн дунд Боловсролын сайдаар ажиллаж байсан Ломая Александрийн аав багтжээ. Энэ тухай Ломая Александр “Аав ажлаасаа халагдчихаад “Энэ бүхний бодож олсон новшийн царайг харах юмсан хэмээн хилэгнэж билээ” гэж дурсжээ. Тэр ч байтугай “Сарнайн хувьсгал”-ын дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Нино Бурджанадзе ур чадваргүй хамаатнуудаа төрийн албанд зүтгүүлснээс болж Саакашвилитэй муудалцаж хаалга саваад гарсан гэх мэтээс “Зөвхөн чадвартай хүмүүсийг ажилд авна” гэсэн хатуу зарчим баримталж байсан харагдана. Гүржийн энэ шударга, ил тод халаа сэлгээг албан хаагчид эерэгээр хүлээж авсан юм. Тухайлбал, Хөдөө аж ахуйн яамнаас халагдсан албан хаагчдаас нэг л хүн “Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан” хэмээн шүүхэд хандсан боловч заргаа авч чадаагүй гэдэг.

 

 

Шинэчлэлийг хэрхэн эхлүүлэв?

 

Манайд шинэчлэл эхлэж буй гэж найдаад тус улс энэ ажлыг яаж эхлүүлж байсан тухай товч сонирхуулах зөв байх.

 

Гүржийн Засгийн газар байгууллагдсаны дараа яамдад үндсэн таван чиглэлээ тодорхойлохыг даалгасан. Энэ ажлыг Батлан хамгаалах яамнаас бусад нь хангалтгүй хийжээ. Тиймээс тэдэнд дахин дахин засах боломж өгч байж яам хоорондын үйл ажиллагааны уялдаа, хийх ажлуудыг тодорхой болгосон байна. Үүнийг хийхээс өмнө “Ядуурлыг бууруулах 600 тэргүүлэх зорилт” гэх мэт ямар ч үнэ цэнэгүй хоосон лоозонгийн шинжтэй баримт бичгүүд үйлдэж байв.

Тэд шинэчлэлийг хийхийн тулд сэтгэлгээний шинэчлэлд анхаарсныг дээр хэлсэн. Үүний тулд бараг бүх салбартаа хувийн секторуудыг оруулж, шинэ менежмент нэвтрүүлжээ. Хувьчлал эхлэхийн өмнө Эдийн засаг хөгжлийн сайд Каха Бендукидзе “Ухамсараасаа бусдыг худалдана” хэмээн шуугиулсан. Тэр хэлсэн аманд хүрч төрийн мэдлийн зочид буудлаас эхлээд стратегийн ач холбогдолтой салбарууд болох эмнэлэг, ус түгээх сүлжээ, эрчим хүч, төмөр зам, тариалангийн талбай тэр ч байтугай ойг хүртэл хувьчилсан. Ингэснээр бүх салбарт сэтгэлгээний өөрчлөлт орж хүмүүсийн асуудалд хандах өнцөг өөрчлөгджээ.

 

Бүх зүйлийг хувьчилснаар сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгарч 2007 оны арваннэгдүгээр сарын 2-нд 50 гаруй мянган хүн оролцсон цуглаан болж, тэднийг шинэчлэлийн багт Дотоод хэргийн сайдаар ажиллаж байгаад авлигын хэрэг нь илэрч шалгагдаж байсан Ираклий Окруашвили дэмжиж байдлыг улам хүндрүүлэв. Тэд улс төрийн хоригдлуудыг суллах болон Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө хийхийг шаардсан. Гэсэн ч жагсагчдын тоо өдрөөс өдөрт цөөрсөөр 7-нд парламентийн ордны гадаа 200 орчим хүн үлдсэн байсныг хүчээр тараах гэснээс үймээн газар авч улмаас 360 орчим хүн баривчлагдсан ба 11 хоногийн онцгой байдал зарлав. Асуудлыг зохицуулах үүднээс 2008 оны нэгдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь өмнө хийж 53 хувийн саналаар Михиал Саакашвили улиран сонгогдсон юм. Ийн дотоодын үймээн намжаад байтал наймдугаар сард Орос-Гүржийн дайн эхэлснээр шинэчлэлийн хурдыг сааруулж, гадны хөрөнгө оруулалт буурчээ. Мөн энэ уналтанд дэлхийн эдийн засгийн хямрал ташуур өгсөн гэж ажиглагчид дүгнэдэг.

 

Үүний дараа шалгаж шантаажилдаг болон зөвшөөрөл өгдөг байгуулагуудын ихэнхийг нь татан буулгасан гэж болно. Ингэснээр 909 төрлийн лицензийг 137 болгосон цөөрүүлжээ. Мөн манай мэргэжлийн хяналт дүйх байгууллага нь хувийн хэвшилд шилжсэн гэх мэт сонин шинэчлэлүүд энэ улсад бий. Засаг солигдохоос өмнө гурван км тутамд мөнгө олох зорилготой зогсдог байсан замын цагдааг татан буулгаж “Эргүүлийн цагдаа” болгосон. Мөн авлига авсан цагдаа нарыг хатуу шийтгэж байв. Тодруулбал, 50 ам.долларын авлига авсан цагдаа 10 жилийн хорих ял авсан түүхтэй. Ер нь Авлигатай хатуу ширүүн тэмцэж эхэлсэн бөгөөд хуучин эрх баригчид хилийн чанад руу зугтацгааж байлаа. Тэр ч байтугай шинэчлэлийн багийн Батлан хамгаалахын сайд асан Ираклий Окруашвили, Сангийн сайд асан Зураб Ногаидели нарын авлигын хэрэг илэрч “Шинэчлэлийн засаг”-аас гарсан байдаг. Энэ мэт авлигийн том том акулуудыг баривчилж буйг зурагтаар үзүүлж “Авлига авбал ямар ч өршөөлгүй” гэх мессежийг массад өгсөн ба авлига авч байсан хүмүүс айдаст автаж байжээ.

 

Гүржийн үр дүн

 

Олон улсын байгуулагаас 2007 онд явуулсан судалгаагаар иргэдийн нэг хувь нь “Сүүлийн 12 сард авлига өгсөн” (Ихэнх оронд 20-иос дээш хувьтай байдаг) гэж хариулснаас байдал хэрхэн өөрчлөгдсөнийг харуулна. Энэ улсад аж ахуй нэгж бүртгүүлэхэд ердөө нэг цаг зарцуулдаг. Энэ нь иргэний бүртгэлийг боловсронгуй болгож цахим хэлбэрт шилжүүлсэнтэй холбоотой.

Өндөр шалгууртай ажилд орсон төрийн албан хаагчдийн цалин 10-20 дахин нэмэгдсэн. Цахилгаангүй хоёр гурав хонодог байсан бүс нутгууд байнгын тогтой болсноос гадна эрчим хүчнийхээ 30 орчим хувийг экспортолдог болсон байна.  Өөрчлөлтийн тухай Саакашвили “Хоёр жилийн өмнө англи хэл мэдэхгүй хүмүүст их сургуулийн диплом олгохгүй гэсэн бол намайг амьдаар минь идчих байсан биз. Харин одоо тэгж ярьж болж байна” гэсэн нь сэтгэлгээний хувьд ямар өөрчлөлт гарсныг илтгэж байна. Бүх л салбарт сэтгэлгээний шинэчлэл хийсэн бөгөөд үүний тулд төрөөс бүх зүйлийг чөлөөлж төрд зөвхөн “Бодлого тодорхойлох” ажил үлдсэн юм.

 

Орос, Турк, Армена, Азербайжин зэрэг дөрвөн улстай хил залгаа оршдог 69.700 км2 нутагтай 4.5 сая хүнтэй Гүрж улсын ДНБ нь 24.5 тэрбум ам.доллар, 2012 оны зургадугаар сарын байдлаар гадаад өр нь 12 тэрбум ам.доллар, дотоод өр нь 10.8 тэрбум ам.долларт хүрсэн ч эдийн засаг нь жилд дунджаар 9.3 хувьтай өсөж байна. Түүнчлэн гаднаас авсан зээл тусламжаа хамгийн үр дүнтэй ашиглаж байгаа орны нэг гэдгийг олон улсын ажиглагчид хэлдэг.

 

Эцэст нь хэлэхэд энэ улс Бизнес эрхлэхэд тааламжтай байдлаараа 112 дугаар байраас 38 руу орж дэвшсэн байна. Түүчлэн 2010 онд хийсэн “Транспэрэнси интернэйшнл”-ийн судалгаар Гүрж авлигыг бууруулсан үзүүлэлтээрээ нэгт оржээ.

 

Алсын хараатай бодлого боловсруулж, үүнийг хэрэгжүүлэх бүтцийг нарийн төлөвлөж яам хоорондын уялдаа холбоог оновчтой шийдээд шинэ сэтгэлгээтэй менежерүүдээр ажлаа хийлгэвэл Гүрж шиг өөрчлөлт хийх боломж манайд байгаа. Тиймээс Монголын ардчиллын загалмайлсан эцэг гэгддэг Санжаасүрэнгийн Зоригийн “Бидний хувь заяа бидний гарт байна” гэсэн алдарт үгээр түр засварлая...  

 

                                                                                                                                                                                                      ТӨР ТӨМБӨГӨР