Rokit Bay: Эхнэрийг дэлгүүрээс худалдаад авчихаж болдоггүй юм билээ
2013/02/07
Rokitbay нэрээр олонд танигдсан О.Баярсайханы хоёр дахь бие даасан цомог “Эвдэрхий хүмүүс”-ийн нээлт “I loft function house”-т болж өнгөрлөө. “I loft function house”-г дүүргэж чадаагүй ч хүрэлцэн ирсэн залуус түүний жинхэнэ шүтэн бишрэгчид нь байв.
Цомгийн нээлтийн эхэнд өөрийнхөөрөө байж чаддаг Rokit bay шүтэн бишрэгчидтэйгээ зургаа авахуулж, өөрийн гарын үсэгтэй цомгоо өгч байсан юм.
Мөн түүний жинхэнэ шүтэн бишрэгчид ирснийг нь батлах шиг “Rokit bay-ийн дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан явуулахад 10 гаруй залуу тайзнаа гарч үг, хэмнэл алдалгүй хөгжимгүйгээр дуучны дуунуудаас дуулж, цомгийн эзнийг багагүй баярлуулсан. Энэ уралдааны ялагчийг тодруулах нь түүний хувьд хүндхэн даваа байсан байх.
Ингээд хоёрдугаар шатанд “Нэг өдрийн хаан” дууг аятай дуулж хүргэх хүндхэн шалгалтыг дөрвөн оролцогчид өгсөн ч тэд хялбархан давж, дуучинг гайхшируулаад авлаа. Үзэгчдийн 100 хувийн алга ташилтаар Баясаа гэх залуу ялагчаар тодорч, “Be” брэндийн шагналын эзэн болсон юм. Ялагчид барьсан дуучны бас нэгэн бэлэг бол хамтран тайзан дээр дуулах байв. Тэрбээр ялагчийг “Пуужин Баясаа” гэж дуудаж, “Аваад яв” дуугаа хамтран дуулсан нь үзэгчдэд жинхэнэ сюрприз болж чадсан билээ.
Шинэхэн цомгийн нээлтийн үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа уншигч Танд хүргэе.
- Ганцаараа уран бүтээл туурвих ямар байдаг вэ?
- Өөрийн хүсч, бодсон зүйлээ хийдэг болохоор амар хялбар байдаг юм. Өөр хэн нэгэнтэй зөрчилдөх шаардлагагүй. Хүссэн зүйлээ бүтээж туурвих бол жинхэнэ эрх чөлөө. Өөр хүний сэтгэхүйгээр бүтсэн ая дээр өөрийнхөө мэдрэмжийг буулгах гэхээр нэг л наалдаж өгдөггүй, хэцүү байдаг.
- Пуужин Баяраагийн багын мөрөөдөл юу байв?
- Багадаа их олон зүйл мөрөөддөг хүүхэд байлаа. Хамгийн том мөрөөдөл минь зохион бүтээгч болох. Яагаад гэвэл дэлхийд өмнө нь байгаагүй шинэ зүйлийг зохион бүтээнэ гэдэг гайхалтай санагддаг байсан юм. Нөгөөтэйгүүр би өөрийнхөө энэ мөрөөдлийг биелүүлсэн гэж боддог. Өөрийн уран бүтээлээрээ шинэ зүйлийг бүтээж зохион бүтээгч шиг л ажиллаж байна даа.
- Урлагт яагаад хөл тавих болсон бэ?
- Энэ бол миний сонголт байсан. Би Эминемээс авахуулаад гадаадын алдартай хип хоп дуучдыг сонсох дуртай байлаа. Энэ нь надад урлагийн замыг сонгоход их нөлөөлсөн байх.
- Та өөрийгөө муу хүн болгох гэж хичээдэг юм шиг санагддаг. Яагаад тэр вэ?
- Муу гэдгийг хүмүүс янз бүрээр л ойлгоно. Энэ нийгэмд чинь тэгш сайн хүн гэж байхгүй шүү дээ. Би зөвхөн өөрт байгаа нэг чанарыг л харуулахыг хүссэн юм.
-Багадаа ямар хүүхэд байв?
-Багадаа эмээ дээрээ өссөн. Их сахилгагүй, урлагт дуртай л хүүхэд байлаа.
- Монголын хип хопын хөгжил ирээдүйд ямар хувь нэмэр оруулна гэж боддог вэ?
- Яг ийм зүйл хийж, бүтээнэ гэж худлаа амлаж чадахгүй. Миний хийж бүтээсэн зүйл л харуулах байх.
- Хөгширвөл юу хийе гэж бодож байна?
- Тэтгэвэртээ гарна даа / инээв/. Наргиан байсан шүү. Ер нь хөгширвөл яах вэ гэж бодож үзээгүй юм байна. Хөгшин ч гэсэн хийж бүтээсэн зүйлтэй, эргэж харахад харамсахааргүй л амьдрахыг хүсч явдаг юм.
- Дэлхийн тавцанд монгол хип хопыг гаргахын тулд юу хийх ёстой вэ?
- Хамгийн чухал нь хэл. Гэхдээ сая “Ганнам стиль” гэж дуу ёстой “алаад” өглөө шүү дээ. Тэгэхээр хэлтэй, хэлгүй дэлхийн тавцанд гарах боломж байгаа л юм шиг байна. Гэхдээ бидэнд дэлхийд гарахад нэлээд цаг хугацаа шаардагдана.
- Та үнэхээр “сахилга сул” хүн үү?
- Би тэгж хэлсэн бил үү. Тэгээд сонсчихсон юм чинь одоо яах билээ дээ. Сахилгагүй юм байлгүй.
- Хэн нэгнийг “Нэг өдрийн хаан” байлгаж чадах уу?
- Хаан байна гэдгийг хүн бүр өөрийнхөөрөө ойлгож байна. Зарим хүн энэ дууны гол утгыг нь нэг өдөр алтан зоосонд булхаж, үзэсгэлэнт охидоор хүрээлүүлээд маргааш нь энгийн амьдрахыг хэлж байна гэж буруу ойлгоод байх шиг. Тэр нэг өдрөөр хаан болж амьдрах хүний хүслээс л шалтгаална. Хэрвээ миний хийж чадах зүйл байвал бүтээж болох л болно. Ер нь үзэл санааныхаа үүднээс өөрөө өөртөө хаан байна гэдэг л хамгийн чухал.
- Өөрийнхөөрөө байна гэж яг юуг хэлээд байна вэ?
- Өөрийнхөөрөө байна гэж хийгээ гаргахыг хэлнэ / инээв/. Бас л наргиан байлаа. Өөрийнхөө үзэл бодолд үнэнч байна л гэсэн үг. Өөрийнхөөрөө байж байгаа нь гээд бусдыг үл хүндэтгэж болохгүй.
- Өнөөгийн нийгэм Таны нүдээр хэрхэн харагдаж байна?
- Нийгэм 100 хувь аз жаргалтай сайн сайхан байна гэж хэлэхгүй. Яг одоо Монголын нийгэм хэцүү л байна. Гэр бүлийн дунд ч хэрүүл тэмцэл тасрахгүй байх жишээтэй. Адаглаад л машин бариад явахаар түгжрээнд бухимдаж байна шүү дээ.
-Таны сул тал?
-Би уг нь зөндөө л дуулж хэлсэн дээ. Хүмүүс бүгд л мэдэх байх.
- Таны хамгийн дуртай дуу?
- “Чөтгөрийн пиар” дуу минь хүмүүст хүрсэн сайхан дуу бүтсэн юм шиг байна.
- Хугацаа шаардаж бүтсэн ямар дуу байдаг вэ?
- “Бид хоёр” дууг дөрвөн сар оролдож бүтээсэн.
- Яагаад өнөөдрийг хүртэл амьдрал зохиогоогүй юм бэ?
- Үгүй яахав. Эхнэрийг чинь дэлгүүрээс худалдаж авч болдоггүй юм байна. Тэгээд ч сэтгэл санаа нийлсэн хүн ч таарахгүй юм.
- Таны өмнө хоёр сонголт байсан гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлж яриач?
- Хүн алхам тутамдаа сонголттой тулгардаг. Хүнд, хялбар сонголт хэн бүхний өмнө гарч ирнэ. Би өөртөө хүнд сонголт сонгосон. Сургуульдаа үргэлжлүүлэн сураад, жирийн ажилчин болох уу, хип хоп дуугаа дуулах уу гэсэн сонголттой таарсан. Мэдээж дуртай зүйлээ сонгосон учраас сургуулиа төгсөж чадаагүй л дээ. Та нарт л гэж хэлэхэд хэцүү хүнд сонголтоос зайлсхийх хэрэгтэй. Их хэцүү юм байна лээ.
- Хөгжим зохиох, дуу дуулах, эмэгтэйчүүдийг уяраахаас өөр юунд авьяастай вэ?
- Эмэгтэйчүүдийг уяраадаг гэж би лав хэлээгүй шүү. Өөр авьяас гэвэл зураг зурах сонирхолтой байсан.
- Тоглолтоо хэзээ хийх бол?
- Тоглолт хийхээр яарахгүй байгаа. Гэхдээ энэ намар хийж магадгүй.
- Таны хийх дуртай зүйл?
- Олон ангит кино үзэх дуртай. Гэхдээ солонгос биш шүү. Энэ насандаа солонгос кино нэгийг ч үзэж байсангүй. Бичлэг сайтай кино үзээд хэвтэх бас л нэг амралт шүү дээ.
- “Эвдэрхий хүмүүс” цомгоор юу хэлэхийг хүссэн бэ?
- “Эвдэрхий хүмүүс” цомогт утга агуулгаараа хоорондоо нийцэх 10 дууг сонгон оруулсан. Бидний амьдарч буй нийгэм ялзарч, бүх салбарт “эвдэрсэн хүмүүс” бий болж байна. Тухайлбал, гэр бүлд архидалт газар авч, эцэг, эхчүүд хүүхдүүдийнхээ нүдэн дээр муудалцаж, түүнээс үүдэн үр хүүхэд нь буруу хүмүүжиж байдаг. Энэ мэт олон асуудлыг цомогтоо тусгасан байгаа.
Г.Нямсүрэн