Зуны сар шувтарч, хэдхэн хоногийн дараа намартай золгоно. Энэ жил дөрвөн аймаг, мөн цөөнгүй сумд 90 жилийн ойгоо тэмдэглэж сүр бараа, хөл хөгжөөн ихтэй наадлаа.  Хэзээнээсээ найр наадамд дуртай юм болохоор нутгийнхаа их ойг далимдуулан өсөж төрсөн нутгаа зоригсод дэндүү их байв. Их эзэн Чингисийн нут­гийнхан айм­гийнхаа төвийг Чингис хот болгож аваад жинтэйхэн наадаж байхад, Завханчууд түүхт Улиастай хотынхоо 280 жилийн ойг аймгийнхаа ойтой давхцуулан “бут авав”. Арын сайхан хангайнхан хэнээс ч дутахгүй гэсэндээ тэрүүхэндээ под­хийж 90 жилийн ойгоо тэмдэглэсэн бол Төв аймгийнхан их хотын хөл хөдөлгөөн дундаас харагдаж ядан тоосон дунд хөлбөрч наадлаа. Энэ дөрвөн аймаг үүсэн байгуулагдсаныхаа 90 жилийн ойг тэмдэглэсэн. Монголчууд нэг үеэ бодвол нэлээд бийлэгжүү болж. Жийпгүй, үгүй ядах нь ээ “мини жийп”-гүй айл гэж алга. Хөдөөнийхөн маань хотын биднээс дутахгүй тансаг наадаж байна.  Алаг асар майхан сүндэрлүүлж, гаднаа том жижиг суудлын тэрэг, морь мал, майхан саваа ачдаг “Портер”, “Бонго”-г эгнүүлж, айраг сөгнөж, хорхог боодог дэлгээд сайхан наадаж байна аа. Наадамчин олон шороотой ч гэсэн хуушуураа идэж, машинтай уралдаж наадахчаан аядлаа. Дээрх дөрвөн аймгийн тэгш ойн жилийн наадам бүгд яг адилхан болов.

Наадмын нээлтээ цагтаа хийсэн аймаг байсангүй. Өглөөний 10.00 цагт зарлагдсан нээлт нь их үдэд арай ядан эхэлж байв. Дарга нар нь нэг нэг морь дагаад давхичих тул ингэж хойшлох нь тодорхой. Наадамчид дэмий л цагаа харж, хуушуурын гэрүүдээр хэсэж цаг нөхцөөж байв. Олон жил уулзалдаагүй нутаг нугынхан, найз нөхөд, анги хамт олныхонд л харин зугаатай байсан байх. Наадмын нээлт хойшлох нь эхнэрээ, нөхрөө, ээжийгээ, аавыгаа, найзыгаа дагаж очсон “гадныхан”-д харин хэцүүхэн даваа юм билээ.    Аймгууд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа болохоор 90 морин хуурч, 90 бүжигчин гээд тэгш ойн жилээ билэгдсэн тоон утгыг илэрхийлсэн “номер”-уудыг хэлэлцсэн юм шиг бэлдсэн байна гэнэ.  Наадамчдынхаа ая тухыг бодолцсон аймаг харин хэд байсан юм бол оо. Хотод ойр, бас “өвөр түрийнд” нь төрж өсөж хүн болсон юм болохоор Төв аймгийн 90 жилийн наадмыг зорилоо.  Тод манлай Ононгийн хээр яаж давхихыг харах гэж, алдарт цолмон халтарын дүү барианд яаж орохыг үзэх гэж, сүмогийн их аварга Хакухог зодоглоно гэсэн болохоор сонирхох гэж очлоо. Аймгийнхаа 60 жилийн ойгоор хурдны морь унаж байсан хүүхэд насны минь наадам танигдахын аргагүй болов. Гомдож байна. Аймгийн удирдлагууд 90 жилийн ойдоо ямар ч ач холбогдол өгсөнгүй. Хуушуурын гэрүүд, машины зогсоол, Төв цэнгэлдэх нь нэг  дор хөглөрч, морьтой, машинтай, явган хүмүүс нь  холилдож нэг нэгнээ олж харахааргүй шороо тоосон дунд сааралтжээ.  Наадам уг нь олон өнгөөр солонгороод, наадамчид гэдэг эгээ л талын цэцэгс шиг гоёмсог байдаг. Харин Төв аймгийн наадам ганцхан өнгөөр “солонгоров”. Хүн, мал, машин, гэр, майхан бүгд гурав хоног зэгэл саарал харагдав.  Аймгийн төвийн баруун уулнаа маш том төрийн далбаа байрлуулж, хормой хотыг нь чулуугаар дарсныг эс тооцвол аймгийн дарга удирдлагууд 90 жилийн ойдоо нэг их ач холбогдол өгөөгүй бололтой юм. Газар газрын наадамчид дуртай газраа майхан шааж, “чиртаа” татан морьдоо зэллэж, хэн дуртай нь хаа хаа сайгүй машинаар тоос татуулан давхих нь эгээ л эцэг эх нь эзгүй айлын эрх дураараа хүүхдүүд шиг санагдаж байв.  Хуушуурын цаас, гялгар уут наадамчдын хөлөөр хөглөрч машины тоостой холилдон хөл толгойд углагдах нь бүр ч заваан. “Хүй долоон худаг шиг биш юмаа гэхэд машиныхаа зогсоолыг наадмын талбайгаасаа зайдуухан байрлуулчихаж болоогүй юм байх даа” хэмээн “саарал маск”-тай явган наадамчид бухимдах нь бүр ч өрөвдмөөр.  Юун наадмын гоёл чимэглэл,   дээл   хувцас. Муу  хувцасаа өм­сөөд ёсыг бодож хуушуурын гэрүүдийг зорьж, шороон хачиртай хуушуураас хэдийг ууталж аваад наадмын талбайгаас үтэр түргэн холдох хүмүүсийг хараад “Энэ монгол наадам мөн гэж үү” гэж эргэлзмээр. 

Энэ жил аймгуудын тэгш ойн жилийн наадмын хурдан морьд жийп машинтай уралдан шандсаа сорихыг үзлээ. Уралдааны морьдын дундуур жийп машин зам хөндлөн гарч давхихыг харлаа.  Соёолон морины хөлсөнд хүрэх гэж хүүхэд морь хоёрыг дороо хийж “нухсан”-ыг дууллаа. Завхан аймгийн 90 жил, Улиастай хотын 280 жил, “Отгонтэнгэрийн хурд 2013”-ын соёолон насны морьд барианд орохоос 4-5 км-ын цаанаас хурдан жийп хөлөглөсөн уяачид нь айргийн таван морийг даган тасалж, арын морьд уралдаж давхих боломж олголгүй хашиж, өөрсдийн морьдоо дагаж давхив.  Морьдтойгоо хамт л барианы зурхайд орж ирэх шахав. Ийм байдал Архангай, Төв, Хэнтий аймгуудын наадамд яг адилхан давтагдав. Морь барианы газраас зураг авч байгаа телевизийн зураглаачийн камерт хурдан морины уралдаан бус хурдан жийпний уралдаан л харагдаж байв.  Уяачид өөрсдөө ардын наадмыг ийнхүү гутааж байгаа хэрэг. Унасан хүүхдээ унаж эндэх вий гэсэндээ биш уясан морио л айрагдуулчих санаатай аргаа барж яваа нь тэр юм билээ. Унаач хүүхдийг машиныхаа цонхоор хараан загнаж “Мориныхоо амыг тавь, ороолго, явсхий, битгий гуядаад бай” гэхчлэн хашгичих. Жижигхэн сумын наадмын хурдан морьдын уралдааныг 30-аад жийп дагаж давхихаар, аймгийнх ямар байх нь тодорхой.  Завхан аймгийн ойн баяр наадам бусад аймгуудаа бодвол арай л дээр санагдав. Домогт Доной баяны хөндийд хурдан морио уралдуулж байв. Аймгийн төвөөс 35 км-ын зайтай уудам хөндийд морьдоо “тарласан” нь харин оносон шийдвэр байж мэднэ. Жийптэй уяачид нь морьтойгоо уралдаж байхад яг таарсан хөндий л дөө. Аймгийн төвдөө тэгж уралдсан бол муу юм сонсогдож болохоор байв.

Архангай аймаг харин 90 жилийнхээ ойгоор нэлээд “юм”-тай болоод авах шиг санагдсан. Бусдаасаа нэг зүйлээр ялгарч байх шиг санагдсан. Орхон аймаг дахь Архангайн нутгийн зөвлөлийнхөн нэлээд бийлэгжүү загнаж, бэлэг сэлт, мөнгө төгрөг өгч харагдсан. “Эрдэнэт”-ийн “босс” нутгийн зөвлөлийг нь толгойлдог болохоор арга ч үгүй биз. Нутгийн бөхийн дэвжээг хивсээр урлаж өглөө ч гэх шиг, хэдэн арван хүнийг зуу зуун мянгаар шагналаа ч гэх шиг, аймгийн хөгжилдөө арван сая төгрөг цацлаа ч гэх шиг.  Төр засгийн одон медалиуд архангайчууд дээр бараг асгарч ирэв. Хүмүүсийн одон медалийг зүүж өгсөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын гишүүн Ц.Цолмон, Б.Болор, аймгийн ИТХ-ын дарга н.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа нарын гарын шөрмөс бараг татсан байх шүү.

Телевизүүдэд Хэнтий нут­гийнхан гомдчихоогүй байгаа даа. Хэдэн өдөр зурагтаар Архангай, Төв, Завхан аймгийн 90 жилийн ойн наадмыг шууд дамжуулсан мөртлөө их эзэн Чингисийнхээ төрсөн нутгийн 90 жилийн ойн наадмыг “гурилдав”. Хэнтийнхэн Өндөрхаан хотоо Чингис хот болгож “мунхагласан” болохоор нь очоогүй юм болов уу гэж бодогдов.

Аймгууд тэгш ойн жил, түүхт 90 жилийнхээ ойг “нэг л дутуу” тэмдэглэх шиг санагдав. Зохион байгуулалт, бэлтгэл муутай. Хэдэн уяачдад л зориулсан аятай. Хэний морь яаж давхисан, хаагуур орсон, хэн уясан, хаанаас худалдаж авсан, хаанахын наадмуудад уралдсан, айрагдсан гэдгийг чихээ дөжиртөл сонсохоос хэний хүү барилдаж, хэд давж, аймгийн цолд хүрэв гэдэг нь бүдэг бадаг. Харваачид бол бүр ч сураггүй. Архангай аймгийн Хотонт сумынхан 90 жилийн ойгоо долоодугаар сарын 18-19-нд тэмдэглэсэн. Аавын минь нутаг, тэгээд ч өвөг эцгийн маань мэндэлсний 101 жилийн ой тохиосон болохоор очсон хэрэг. Их ойдоо зориулж энэ нутгийнхан их зүйл хийжээ. Наадмаа ч сайхан зохион байгуулав. Нэг жижигхэн сумын 90 жилийн ойноос долоон дор дөрвөн аймгийн их ойн жил нэг л тиймхэн боллоо. 

 

Б.Оюунгэрэл